Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1395

 

 

 

 

 

 

                                                                                        

 

 

“Мини кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01003 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “Мини кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Чинзоригт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 024 500 төгрөг, өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нийт 2 774 500 төгрөг, 30 000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркийн гар утас гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Цолмонбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Миний кредит” ХХК нь иргэн Ч.Чинзоригтой 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж, Ifhone-7 загварын гар утсыг барьцаалан 1 650 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн. Манай барьцаалан зээлдүүлэх төв нь гар утсаа барьцаалан зээл авч буй үйлчлүүлэгчдээ 30 000 төгрөгийн үнэ бүхий Нокиа брендийн гар утсыг зээлийн гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулах үйлчилгээг үзүүлдэг ба гэрээ байгуулсан өдөр Ч.Чинзоригт Нокиа брендийн гар утсыг хүлээлгэн өгсөн. Гэтэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хугацаа дуусахад нэг ч төгрөгийн төлбөрийг буцаан төлөөгүй. Мөн зээлийн барьцаанд тавьсан Ifhone-7 загварын гар утасны ID lock-ыг ажиллуулж гар утсыг өөрөөс нь өөр хэн ч ашиглах боломжгүй болгож, барьцаа хөрөнгөөс зээлийн төлбөрийг гаргуулахгүй байх аргыг хэрэглэж, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Компаний зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож утасныхаа ID lock-ыг гаргаж өгөхийг хүссэн ч бидний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд Ч.Чинзоригоос зээлийн төлбөрт 1 650 000 төгрөг, зээлийн хүүд 99 000 төгрөг, алдангид 775 500 төгрөг, эрх зүйн туслалцаа авахад гарсан зардал 250 000 төгрөг, нийт 2 774 500 төгрөгийг, 30 000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утасны хамт гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж, Ifhone-7 загварын гар утсыг барьцаалан 1 650 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан. “Мини кредит” ХХК-ийн ажилтан надаас таны утас ID lock-той юм байна, та утасныхаа түгжээг гаргаж өгнө үү гэж хэлээд кодыг нь гаргуулаад, цаасан дээр бичиж авсан. Гар утасны үнэлгээний хуудсан дээр ID lock /off/ байхгүй гэсэн тэмдэглэгээ хийсэн байгаа. Гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би утсаа авч чадахгүй боллоо, зараад мөнгөө гаргаж аваарай гэж хэлсэн. Гэрээний 5.2.2, 5.2.3, 7.4, 7.5-д тус тус зааснаар компани барьцааны зүйлийг зарж борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн учраас тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 286 дугаар зүйлийн 286.3, 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чинзоригоос 30 000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркийн гар утас гаргуулж нэхэмжлэгч “Мини кредит” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 774 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “Мини кредит” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 63 937 төгрөгөөс төлбөл зохих 59 822 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 4 115 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ч.Чинзоригоос 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мини кредит” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнэ давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн дээрх үндсэн үүргийн зөрчлийг огтхон ч анхаарч үзээгүйгээр барьцааны эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийн гэм буруутай байдал тогтохдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “...зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугаацанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, болон гэрээний 6.1 дэх хэсэгт заасан  “Зээлдэгч гэрээнд заасан нөхцлөөр...зээлийг хүүгийн хамт төлнө” гэж заасныг илтэд зөрчсөн, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргсан гэж үзэж байна.

...Иргэний хуулийн 286 дугаар зүйлиййн 286.3 дахь хэсэгт заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээ авах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар гэрээнд заасан тохиролцсон гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 234.1.4 болон 286 дугаар зүлийн 286.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээний 5.2.2 дахь хэсэгт заасан барьцаа эрхээ хэрэгжүүлж, 8.1-д зааснаар алданги тооцох зэрэг эрхтэй байхаар гэрээнд тусгасан. Үүнийг анхан шатны шүүхийн дээрх дүгнэлттэй харьцуулан үзвэл шүүх нэхэмжлэгчид хууль болон гэрээнд заасан нэг эрхээ сонгож хэрэгжүүлсэнийг буруутгасан, эрхээ хэрэгжүүлэх эсэх явдлыг шууд тулгаж зааварчилсан буюу “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар гэрээнд заасан тохиролцсон” гэж байгаа нь хууль зөрчсөн.

Тодруулбал Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт  заасан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Мини кредит” ХХК нь хариуцагч Ч.Чинзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 024 500 төгрөг, өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нийт 2 774 500 төгрөг, 30 000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркийн гар утас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “30 000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркийн гар утас гаргуулахыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж, хариуцагч нь 1 650 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар ifhone 7 загварын гар утсыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлдэгчийн зээл хүсэх өргөдөл, зээлийн мөнгө олгосон баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 3, 4, 7, 8, 36, 52-54/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2-т “гэрээний 4.1-д заасан хугацаа дуусмагц зээлдэгчийн барьцаалсан хөрөнгөөс зээл, зээлийн хүүг гаргуулах эрхтэй”, 5.2.3-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар худалдах эрх барьцаалан зээлдүүлэх төвд үүснэ”, 7.4-д “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөлгүй 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах тухай зээлдэгчид бичгээр мэдэгдэнэ...”, 7.5-д “гэрээний 7.4-т заасны дагуу мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангуулна” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар хариуцагч Ч.Чинзоригт шилжүүлсэн 30 000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркийн гар утсыг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх хариуцагч Ч.Чинзориг зээл, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй байхад барьцаалагдсан хөрөнгөөр үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээ авах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 524 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Мини кредит” ХХК-ийн хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн 250 000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид шууд учирсан хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мини кредит” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН