Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Д.Энхбаатар, Э.Очиржамц,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч М.Ариунболд,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-д холбогдох 201725020790 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Б-ын Э-, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

 

Б.Э- нь:

1. 2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн О.Дөлгөөнд “9911-тэй дугаар хямдхан олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 19.600.000 төгрөгийг нь залилан авсан,

 2. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, иргэн С.Даваацэрэнд “9911-тэй дугаар хямдхан олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 3.000.000 төгрөгийг нь залилан авсан,

3. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Б.Идэрт “9911, 9909-тэй дугаар хямдхан олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож,  8.600.000 төгрөгийг нь залилан авсан,

4. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Н.Хүлэгсайханд “9911, 9909-тэй дугаар хямдхан олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 7.500.000 төгрөгийг залилан авсан,

5. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Тэмүүлэнгийн эзэмшлийн "Тоёота Камери" маркийн автомашиныг "Мөнх-Уян" ХХК-д барьцаанд тавьсан гэдгийг мэдсээр байж "Алтан дагуул" ХХК-д барьцаанд тавьж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Тэмүүлэнд 8.000.000 төгрөг, "Мөнх Уян" ХХК-д 4.200.000 төгрөг,  "Алтан дагуул" ХХК-д 7.570.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. 2017 оны 4 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд иргэн Ц.Мэндбаярт “9911-тэй дугаар хямд олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.680.000 төгрөгийг залилан авсан,

7. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хохирогч О.Одонцацралаас "Плэйстэйшн" загварын компьютер тоглоомыг нь “хэрэглээд өгье” гэж хуурч залилан авч, 1.116.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 32 дугаар байранд иргэн О.Буянтогтохоос” төлбөрийг нь төлнө” гэж хуурч 2.572.200 төгрөгийн үнэ бүхий "Плэйстэйшн-4" нэрийн тоглоомыг 5 ширхэг дискийн хамт залилан авсан,

9. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тээврийн товчооны автобусны буудлын хажууд Б.Алтангэрэлд “99119298 дугаарыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.500.000 төгрөгийг нь залилан авсан,

10. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Петровис” шатахуун түгээх станцын урд байрлах нотариатын газарт иргэн Б.Жагдагт “9911-тэй гар утасны дугаар зарна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 4.610.000 төгрөгийг нь залилан авсан,

11. 2017 оны 5 дугаар сарын 13-наас 30-ны хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “ТБД Андууд” төвийн орчим иргэн Ч.Алтансүхэд “9911-тэй дугаар Мобиком ХХК-иас гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14.660.000 төгрөгийг нь залилан авсан,

12. 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Б.Мөрөнд “9911-тэй 3 ширхэг дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 8.330.000 төгрөгийг нь залилан авсан,

13. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын урд П.Буджавт “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.750.000 төгрөгийг нь залилан авсан,

14. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт,  Б.Цэрэнлхамд “99119595, 99119298, 99115829 гэсэн дугааруудыг нэгийг нь 5.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийг нь залилан авсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр П.Батсайханд “9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 8.830.000 төгрөгийг нь залилан авсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Р.Өлзийбаатарт “9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.330.000 төгрөгийг нь залилан авсан,

17. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын ойролцоо Б.Мөнхжаргалд “9911-тэй дугаар 6.500.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.260.000 төгрөгийг нь залилан авсан,

18. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, С.Алтантүлхүүрт “3.150.000 төгрөгийг зээлээч, өгч чадахгүй бол өөрийнхөө 99119294 дугаарыг танд өгье” гэж хуурч 3.150.000 төгрөгийг нь залилан авсан,

19. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Г.Ганбаярт “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 6.320.000 төгрөгийг нь залилан авсан,

20. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Д.Энхбаатарт “9911 тэй 2 ширхэг дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.220.000 төгрөгийг нь залилан авсан,

21. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ч.Ариунтунгалагт “9911 дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 5.420.000 төгрөгийг нь залилан авсан,

22. 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн гадаа Б.Баярсайханд “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.000.000 төгрөгийг нь залилан авсан,

23. 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Т.Эрдэнэ-Очирт “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 22.480.000 төгрөгийг нь залилан авсан,

24. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Т.Чинбатад “9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө, би Мобикомд ажилладаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.620.000 төгрөгийг нь залилан авсан,

25. 2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Л.Пүрэвдаваад “би Мобикомд ажилладаг, 99113939, 99119298 гэсэн хоёр дугаарыг 16.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.200.000 төгрөгийг нь залилан авсан,

26. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ТБД Андуудын урд Т.Очид “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 6.220.000 төгрөгийг нь залилан авсан,

27. 2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 17-ны хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны орчим Б.Ариунболдод “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 8.200.000 төгрөгийг нь залилан авсан,

28. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Э.Очиржамцад “9911-тэй 3 дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 16.500.000 төгрөгийг нь залилан авсан,

29. 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ц.Амартайван, П.Пүрэврэнцэн нарт “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 9.330.000 төгрөгийг нь залилан авсан,

30. 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Б.Ариунболдод “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 14.330.000 төгрөгийг нь залилан авсан,

31. 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, О.Цогтсайханд “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 12.380.000 төгрөгийг нь залилан авсан,

32. 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Т.Төмөрхуягт “9911-тэй дугаар авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  5.000.000 төгрөгийг нь залилан авсан,

33. 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Д.Солонгод “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.110.000 төгрөгийг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Модчин овогт Баярын Э-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Э-ыг 7 /долоо/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон нийт 190 /нэг зуун ер/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 209.228.200 /хоёр зуун есөн сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Б.Э-ын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрхүй байгаа. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг хүний анхдагч хэрэглээний зүйл болох орон байр, хоол хүнс, хувцас хэрэглээнд зарцуулсныг ойлгох бөгөөд Б.Э- нь энэхүү гэмт үйлдлүүдийг хийж байх хугацаандаа өөрийнхөө аавын болон хадмынхаа байранд амьдардаг байсан. Ар гэрийн хувьд гачигдах зүйлгүй байсан бөгөөд тэрээр бусдаас авсан мөнгөө ажлаас гарахдаа өрөнд орж шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлж, тансаг хэрэглээнд зарцуулж байсан. Б.Э-ын дансны хуулгыг авч, залилсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг харахад хоол хүнсний хэрэглээнд зарцуулсан зүйл байдаггүй.

Хавтас хэрэгт авагдсан дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтуудаар залилсан мөнгөн хөрөнгийг амьдралын эх үүсвэртээ хэрэглэснийг нотлох баримт байхгүй.

Б.Э- нь мөрдөн шалгах явцад анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Монгол Улсын залуу иргэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалт болгон зүйлчлэлийг өөрчилж, хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний биеийн байдал хүнд байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. Хохирогч нарын төлбөрийг гарч ирээд төлнө. ...” гэв.

 

Хохирогч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би хүнээс мөнгө зээлж авч өгчихөөд одоо буцааж өгч чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, ял шийтгэл нь хөнгөдсөн байна. ...” гэв.

 

Хохирогч Э.Очиржамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. Б.Э-тай хамт явж утсаа ломбарданд тавиад мөнгө өгч байсан. Б.Э- бол манай дүүгийн найз. Дүүтэй минь адилхан залуу хүн 7 жилийн хорих ял авсан нь арай урт хугацаа байна. Би хамгийн эхний хохирогч нарын нэг юм. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Э- нь бусдаас залилан авсан мөнгөө амьдралынхаа эх үүсвэрт зарцуулаагүй, тансаг хэрэглээндээ зарцуулсан гэж өмгөөлөгч нь тайлбарлаж байна. Б.Э-ын амьдралын нөхцөл байдлын тухайд 2010 онд эхнэртэйгээ танилцаад 2012 онд хүүхэдтэй болсон.  Энэ гэмт хэрэгт холбогдох үедээ өөрийнхөө эцэг эх, хадам эцэг, эхийнхээ гэрт амьдарч байсан ба хоёулаа оюутан байсан. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д ажилд ороод 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зөрчил гаргасны улмаас ажлаасаа халагдсан. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж гэмт хэрэг үйлдэж нийт 30 гаран удаагийн үйлдлээр бусдыг залилсан. Дээрх байдлаас үзвэл бусдаас залилж авсан мөнгөөрөө гэр бүлээ тэжээж байсан нь тодорхой харагдаж байна. Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 275.602.200 төгрөгийн хохирол учирч, тэрээр хохирлынхоо 8  хувийг л төлсөн. Б.Э- нь “өмнө хүнээс авсан мөнгөө төлөхийн тулд дараагийн хүмүүсийг залилсан” гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал нь тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн ял сонсгосон 201725020790 дугаартай хэрэгт түүний бусад үйлдлүүдийг нэгтгэсэн байх бөгөөд тэрээр 32 удаагийн үйлдлээр 35 хүнд хохирол учруулснаа мэдсэн буюу холбогдсон үйлдэл бүртээ мэдүүлэг өгснөөс үзэхэд тэрээр ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн, хуульд заасан эрхээ эдэлжээ.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

           

Шүүгдэгч Б.Э- нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 32 удаагийн үйлдлээр 35 хүнээс “9911-тэй дугаар хямд олж өгнө” гэж, “"Плэйстэйшн" загварын компьютер тоглоомыг нь хэрэглээд өгье” гэж, бусдын автомашиныг барьцаанд тавьсан гэдгийг мэдсээр байж өөр компанийн барьцаанд тавьж мөнгө авах байдлаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 259.388.200 төгрөгийг залилан авсан болох нь:

Б.Э-д хууртагдаж мөнгөө өгсөн хохирогч О.Дөлгөөн /1хх 9/, С.Даваацэрэн /1хх 41/, Б.Идэр /1хх 63-64/, Н.Хүлэгсайхан /1хх 65-66/, С.Сэргэлэн /1хх 169-171/, А.Тэмүүлэн /1хх 172-173/, О.Жанчивдорж /1хх 174-175, 206/, Ц.Мэндбаяр /2хх 8/, О.Одонцацрал /2хх 205/, О.Буянтогтох /2хх 234/, Б.Алтангэрэл /3хх 18/, Б.Жагдаг /3хх 55/, Ч.Алтансүх /3хх 79/, Б.Мөрөн /4хх 9/, П.Буджав /4хх 99/, Б.Цэрэнлхам /4хх 120/, П.Батсайхан /4хх 134/, Р.Өлзийбаатар /4хх 137/, Б.Мөнхжаргал /4хх 158/, С.Алтантүлхүүр /4хх 173/, Г.Ганбаяр /5хх 54/, Д.Энхбаатар /5хх 65/, Ч.Ариунтунгалаг /5хх 88/, Б.Баярсайхан /5хх 99/, Т.Эрдэнэ-Очир /5хх 112/, Т.Чинбат /5хх 130/, Л.Пүрэвдаваа /5хх 149/, Т.Оч /5хх 167/, Б.Ариунболд /5хх 206/, Э.Очиржамц /5хх 240/, Ц.Амартайван /6хх 46/, П.Пүрэврэнцэн /6хх 49/, Б.Ариунболд /6хх 168/, Э.Цогтсайхан /6хх 207/, Т.Төмөрхуяг /7хх 4/, Д.Солонго /7хх 72/ нарын мэдүүлэг,

гэрч Э.Дарханбаяр /1хх 10/, Б.Халзаа /2хх 210/, Ц.Гүенбаатар /3хх 40/, Б.Золбаяр /3хх 64/, Б.Тэнгис /4хх 11/, Х.Ганбаатар /6хх 51/, Б.Ганзориг /6хх 209/ нарын мэдүүлэг,

шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 12/, /1хх 43/, /1хх 76/, /3хх 22/, /3хх 57/, /4хх 16/, /5хх 211/, /6хх 53/, /2хх 32/, /4хх 103/, /4хх 123/, /4хх 141/, /4хх 160/, /5хх 113-114/, /7хх 6-7/, /7хх 79/,

эд зүйлийн үнэлгээ /1хх 228/, /2хх 214/, /2хх 249/, зээлийн гэрээ, Б.Э-ын болон мөнгө шилжүүлж авч байсан дансны хуулга /3хх 68-77/, /4хх 5/, /4хх 38-42/, /4хх 105/, /4хх 150/, /4хх 161/, /4хх 162-166/, /4хх 174/, /5хх 116-119/, /5хх 120/, /5хх 141/, /5хх 175/, /6хх 43/, /6хх 174-179/, /6хх 198-199/, мөнгө шилжүүлсэн баримт /5хх 85-86/, /5хх 174/, /5хх 199-206/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Э-ыг залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч А.Ариунболд “...Б.Э- нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэсэн. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж байсан гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э- нь 32 удаагийн үйлдлээр бусдын 259.388.200 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэнээс 2017 оны 7 дугаар сарын 6-наас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15 удаагийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд түүнийг залилж авсан мөнгөө өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, залилж авсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболдын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Э-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 259.388.200 төгрөгийг 275.602.200 төгрөг гэж тооцооны алдаа гаргасныг тэмдэглэж, шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.Ариунболдоос 14.330.000 төгрөг авсан үйлдлийг “2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 17-ны хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны орчим Б.Ариунболдод “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 8.200.000 төгрөгийг залилан авсан” гэж тусдаа үйлдэл болгон 8.200.000 төгрөгийн хохирлыг 14.330.000 төгрөгийн хохирлоос тусад нь тооцсон байх тул хохирлыг давхардуулан гаргасан шийтгэх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч С.Цогтсайханд 12.380.000 төгрөг олгох байтал 12.830.000 төгрөг олгохоор заасныг зөвтгөж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул шийтгэх тогтоол болон түүний хавсралтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн Б.Э-ын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэсэн. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолын хавсралтын 24-т “...Б.Э-аас 8.200.000 төгрөг...” гэснийг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон нийт 190 /нэг зуун ер/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ... ” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон нийт 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ... ” гэж,

5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 209.228.200 /хоёр зуун есөн сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 200.578.200 /хоёр зуун сая таван зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгосугай. ...” гэж,

Шийтгэх тогтоолын хавсралтын 29-т “...С.Цогтсайханд 12.830.000 төгрөг. ...” гэснийг “...С.Цогтсайханд 12.380.000 төгрөг. ...” гэж тус тус  өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол болон хавсралтын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН