Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/537

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оч, Улсын яллагч Б.Уранчимэг, Шүүгдэгч Ц.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 1811014770624 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Алтангэрэл овогт Ц.Э, 1970 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32-471а тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №35 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2007 оны 3 дугаар сарын 7-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар УХ70120715. Шүүгдэгч Ц.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32 дугаар гудамж 471а тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ц.Уийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32 дугаар гудамж 471а тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ц.Уийг зодож түүний биед дагзны хуйханд шарх, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь: Хохирогч Ц.Уийн /хх-8-17/: “…Э манай эгч нас барчихсан байхад чи ёстой сэтгэл гаргасангүй амиа бодлоо гээд хэрүүл хийгээд байсан, намайг доромжлоод байхаар нь би нэг нулимчихсан юм, гэтэл уурлаад намайг бариад авсан миний хөл рүү өшиглөсөн, халуун саваар мөр лүү нэг цохисон,.. яг зэрэгцээд сууж байтал миний ар луу цохичих шиг болсон халуун оргиод явчихсан гараараа дартал цус гарсан байсан..” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №6273 дугаар дүгнэлтэнд: /хх-27/ “..

1. Ц.Уийн биед дагзны хуйханд шарх, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Ц.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-20-22, 33-35/ “..Энэ өдөр гол нь миний төрсөн эгч нас барчихсан. Мөнгө олох хэрэгтэй байсан боловч Ц.У мөнгө олчихоод шууд архи авч уучхаад, намайг архи ууя гэж уруу татсан учир “манай эгч нас барчихсан байхад чи ёстой хүн шиг сэтгэл гаргасангүй” амиа бодлоо гэж би хэлэхэд Ц.У намайг мах идээд сууж байхад зайл гээд түлхсэн. Тэр үед нь би баруун гартаа хутга барьсан гараараа хойшоо савсан чинь У хүүхдийнхээ гэр лүү очлоо гэхээр нь баруун хөл рүү нь явуулахгүй гээд өшиглөсөн чинь хөлийнхөө шилбийг оносон юм. Гэтэл Ц.Уийн толгойноос цус гоожоод манай хүн өөрөө цагдаад дуудлага өгсөн юм. Ийм л асуудал болсон..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6273 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ут учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүгдэгч Ц.Э нь дээрх байдлаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд Ц.Уийг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ц.Эыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Эыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Хохирогч Ц.У шүүгдэгч Ц.Эаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Алтангэрэл овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХАЛИУН