Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 963

 

 

 

 

 

 

 

 

 

   2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00963

                                               Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод, 2 гудамж, 12 тоотод оршин суух Боржигон овогт Нэргүйбаатарын Амгаланбаяр /РД:НЭ88071771/,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярмагнай

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, алтан тэвш хороолол, аос, 124-д байрлах  “Мөнхийн баян гал” ХХК /РД:5118115/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Болорцэцэг

 

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Амгаланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Мөнхийн баян гал” ХХК-д үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператороор 3 жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаж байгаагүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. 2017 оны 04 сард ажил руугаа явж байгаад машин саатсаны улмаас ажлаасаа 2 цаг хоцорсон, 2017 оны 06 сарын 04-нд хоолны хордлогод орсны улмаас бие өвдөж өдрийн гараагаа гарч чадаагүй юм. Намайг дээрх шалтгаанаар үндэслэлгүйгээр урьдчилан мэдэгдэлгүйгээр захирлын 2017 оны 06 сарын 08-ны тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 16.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан гэх ба халсан тушаалыг ерөнхий захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүний нөөцийн менежер Д.Болорцэцэг үйлдсэн болно. Би үйлдвэрт ажиллаж байхдаа хөдөлмөрийн дотоод журам огт харж, сонсож байгаагүй, хүний нөөцийн менежерийн ажлаас халсан гэх тушаал үг, үсгийн алдаатай, он, сар буруу, ямар ч овог, нэр байхгүй.

 

            Иймд намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 сая төгрөг гаргуулж өгнө үү. Мөн ажилласан хугацааны амралтын мөнгийг бодуулж гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Болорцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Амгаланбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: Н.Амгаланбаяр нь манай компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг удаа дараа зөрчсөн, сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул манай компани үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажлаас халах үндэслэл заасан байгаа, 40.1.4-ийг үндэслэж халах ёстой байсан. Энэ бол хэлбэрийн төдий алдаа биш тул тушаал бүхэлдээ хүчингүй. Улсын дээд шүүхийн зөвлөмжид зөрчлийг шалгасан материал, зөрчил гаргагчийн тайлбар зэргийг ажил олгогч өгөөгүй бол ажлаас халсан тушаалын үндэслэлийг нотлоогүй гэж үзнэ гэж заасан. Тушаалд гарын үсэг зурах тэр итгэмжлэлийг хэзээ л бол хэзээ нөхөөд гаргачихаж болно. Мөн хуульд заасан сахилгын шийтгэл ноогдуулна гэж байхад 30 000 төгрөгөөр торгосон байгаа, хуульд 30 000 төгрөгөөр торгох сахилгын шийтгэл байхгүй. Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг ноцтой зөрчсөн. Тухайлбал  А, Б тушаалын дэвтэр байхгүй байгаа яагаад байхгүй байгаа юм бэ гэхээр өмөөлөгч нь манай байгууллагын онцлог гэж тайлбарласан. Хүний нөөцийнхөө менежерт таалагдаагүй хүмүүс нь Н.Амгаланбаяртай адилхан эмгэнэл хүлээж байдаг. Н.Амгаланбаяр ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй, сахилгын шийтгэл авагдсан бол хурлын тэмдэглэл хөтлөөд хүндээ танилцуулж, гарын үсэг зуруулаад тушаал гарах ёстой байдаг. Шүүхээс үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж тус компанийн хүний нөөц хариуцсан хятад даргын сейфэнд үзлэг хийх гэж очсон боловч Д.Болорцэцэг дарга өөрийнхөө сейфнээс тушаал гаргаж ирсэн нь маш эргэлзээтэй байна. Итгэмжлэл болон сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг дараа нь нөхөн гаргасан гэж үзэхээр байгаа. Н.Амгаланбаяр энэ байгууллагад анхнаас нь ажиллаж байсан, Жин гэдэг хятад дарга Н.Амгаланбаярт их сайн байдаг. Хариуцагч тал 3 ажилтныг гэрчээр асуулгасан нь дандаа ажил олгогч талын хүмүүс байна. Н.Амгаланбаяр бол байгууллагын журмаар хятадад мэргэжил эзэмшсэн хүн, өөрөө ажилдаа орох хүсэлттэй байгаагаа хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Амгаланбаярыг аль болох бид нар халах бодолгүй байсан, компанийн зүгээс удаа дараа Н.Амгаланбаярыг сургалтад хамруулж байсан. Надад энэ хүнийг халах ямар ч ашиг сонирхолын зөрчил байхгүй, би монгол ажилчидтай холбоотой асуудлаар тэднийг байнга өмөөрдөг. Н.Амгаланбаяр “Болороо эгчээ та надад тушаал гаргаад өгөөч” гэж өөрөө гуйж байгаад надаас халагдах тушаалаа авсан. Дараа нь нийгмийн халамжаас тэтгэмжээ аваг гэж бодоод тушаалыг нь гаргаж өгсөн.” гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Амгаланбаяр намайг нэг ч зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан гэж байна. Гэвч нэхэмжлэлдээ ажил тасалсан, ажлаас хоцорсон гэдгээ он, сар, өдөртэй нь хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Сахилгын зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл өгсөн байдаг. Хуульд заасны дагуу албажуулсан болох нь хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогддог. Н.Амгаланбаярт танилцуулсны дараа хүний нөөцөд шилжүүлээд сахилгын шийтгэл ногдуулж, өөрт нь мэдэгдэн самбарт байрлуулсан болно. Тухайн байгууллагын дотоод журамд ажилтан ажилдаа ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй бол дотоод журмын 17.3-т зааснаар ноцтой зөрчил гэж үзээд ажлаас шууд хална гэж заасан. Манай компани өөрийнхөө албан хэрэг хөтлөх, эмхтгэх журмын дагуу албан албан бичгийг хөтөлж, жилийн эцэст үдэж, архивалдаг. Өөрөө ажилдаа ирээгүй гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн, өөрөө тойрох хуудсаа авчираад би ажлаасаа халагдая гээд гарын үсгээ зураад тушаалаа авсан байгаа. Ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий тушаал байгаа, ээлжийн амралтын мөнгийг ажилласан хугацаанд нь тооцоод олгох боломжтой. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалыг үндэслэлгүй гэж байна. Тушаалд он, сар дээр техникийн алдаа гарсан байгаа тэр нь мэдэгдлээрээ залруулагдаж байгаа. Сахилгын зөрчил давтан гаргасан болохоор ажлаас нь халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ээлжийн амралтын мөнгийг олгож өгнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Амгаланбаяр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК нь амралтын мөнгө гаргуулахыг хүлээн зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Ажилтан Н.Амгаланбаяр нь ажил олгогч “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11/1 тоот тушаалаар /хх-21-22/ Зуухан цехийн тоног төхөөрөмжийн операторын ажил, албан тушаалд томилогдож, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ /хх-23-28/ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Н.Амгаланбаяр “ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй” /хх-1/ гэх боловч “2017 оны 04 сард ажил руугаа явж байгаад машин саатсаны улмаас ажлаасаа 2 цаг хоцорсон, 2017 оны 06 сарын 04-нд хоолны хордлогод орсны улмаас бие өвдөж өдрийн гараагаа гарч чадаагүй” гэх үйлдлийг хариуцагчийн зүгээс сахилгын зөрчил гэж үзсэн эсэх, тухайн зөрчилд тохирсон шийтгэл ногдуулсан эсэх тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч /ажил олгогч/ “Мөнхийн баян гал” ХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ Н.Амгаланбаярыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10/3 тоот тушаалаар /хх-5/ ажлаас халжээ. Ажлаас халсан тушаал нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч тушаал гарсан он, сар, өдрийн тухайд зохигчид маргахгүй байх тул ажлаас халсан өдрийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч Н.Амгаланбаяр энэ тушаалын талаар нэхэмжлэл гаргасан тул хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК нь ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй.

 

Ажил олгогчийн тушаал эрх зүйн акт болохын хувьд бүтэц, хэлбэр, эх сурвалжийг хэрэглэсэн байдлаараа эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангах ёстой боловч тушаал уг шаардлагыг хангаагүй байна. Тушаалд зааснаар “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, “Мөнхийн баян гал” ХХК-н дотоод журмын 16.3 дугаар заалтыг зөрчин сахилгын арга хэмжээ авсан ч зөвшөөрөл авалгүй ажлын байрыг удаа дараа орхиж, хоцрон, ажил тасалсан учир дотоод журмын 17.3 дугаар заалтыг үндэслэн” ажлаас халжээ. Дотоод журмын 17.3-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална. 1.Ажилтан санаачилсан 2.Ажил олгогч санаачилсан” гэсэн нь ажлаас халсан үндэслэл гэхэд эргэлзээтэй, ямар утга агуулгыг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй болжээ. Хэрэв нэхэмжлэгч /ажилтан/ сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хариуцагч /ажил олгогч/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг ажлаас халах тушаалын үндэслэх хэсэгт заах ёстой.

 

Хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК нэхэмжлэгч Н.Амгаланбаярыг 2016 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд 3 хоног удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ирээгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.5, 8.10, Хөдөлмөрийн гэрээний 4.9 дэх заалтыг үндэслэн “хатуу сануулах” сахилгын шийтгэл /хх-76/, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүйгээр 3 цагаас дээш хугацаагаар ажлаас хоцорсон тул 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.8, 8.10 дахь заалтыг үндэслэн “30 000 төгрөгөөр торгох” сахилгын шийтгэл /хх-77/ тус тус ногдуулсан байдаг.

 

Тушаалуудад заасан “3 хоног ... ажилдаа ирээгүй”, “3 цагаас дээш хугацаагаар ажлаас хоцорсон” гэх зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй нь тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзэхээс гадна 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын агуулгаас харахад Н.Амгаланбаярт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас хоцорсон тул сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

 

Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас хоцорсон зөрчилд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, ... дотор сахилгын шийтгэл” ногдуулна.” гэсэн  заалтыг зөрчиж 12 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулжээ. Хариуцагч тал тушаалд техникийн алдаа гарсан, тушаалын үндэслэл болох хятад хэлээр бичсэн мэдэгдэлд /хх-82/ 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэж бичсэн байгаа хэмээн маргаж байх боловч “ЭН ЭЙ ЭН” ХХК-ийн орчуулгын товчооны мэдэгдлийг орчуулсан хувьд /хх-83/ “... Н.Амгаланбаяр нь 2016 оны 04-р сарын 15-ны өдөр ... 3 цаг хоцорсон.” гэжээ. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан 7 үндэслэлийн аль нэгийг баримтлана. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбарыг дүгнэж үзэхэд мөн хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн заалтыг баримтлан ажилтан Н.Амгаланбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж ойлгогдохоор байна.

 

Нэхэмжлэгч Н.Амгаланбаяр тодорхой өдрүүдэд ажлаас хоцорсон, ажил тасалснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэхээр байх боловч сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлага хангахгүй байх тул Н.Амгаланбаярыг “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэрийн зуухан цехийн тоног төхөөрөмжийн операторын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

            Н.Амгаланбаярын ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 870 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно.” гэсний дагуу тооцон гаргалаа.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас /хх-6-7/ үзэхэд тэрээр 2017 оны 03, 04, 05 дугаар сард нийт 3 137 929 төгрөгийн цалин авсан байх бөгөөд дундаж цалинг тооцож үзэхэд 1 045 976 төгрөг /3 137 929 : 3 = 1 045 976/ байна. Нэхэмжлэгчийн цалин олговорыг тооцохдоо нэг өдөрт авдаг цалин 48 650 төгрөгийг /1 045 976 : 21.5 ажлын өдөр  = 48 650/ ажлаас халсан тушаал гарсан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажлын 59 өдрөөр /06 дугаар сард ажлын 15 өдөр, 07 дугаар сард ажлын 16 өдөр, 08 дугаар сард ажлын 23 өдөр, 09 дүгээр сард ажлын 5 өдөр/ бодож үзэхэд 2 870 350 төгрөг /48 650 х 59 = 2 870 350/ болж байна.  

 

            Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн амралтын мөнгийг хүлээн зөвшөөрч байх тул Н.Амгаланбаярын ээлжийн амралтын мөнгийг зохих журмын дагуу тооцож олгохыг “Мөнхийн баян гал” ХХК-д даалгах нь зүйтэй.

 

            Шүүх нэхэмжлэгч Н.Амгаланбаярын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 9/3 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-4/, Б.Амгаланбаярын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-7/, “Мөнхийн баян гал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-11/, хариуцагчийн олгосон итгэмжлэл /хх-12/, нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэл /хх-18/, “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11/1 тоот ажилд томилох тухай тушаал /хх-21-22/, хөдөлмөрийн гэрээ /хх-23-28/, монгол ажилчдын мөрдөх дотоод журам /хх-60-72/, “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01-3 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-76/,  “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07-3 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-77/, гадаад хэлээр бичсэн “мэдэгдэл”, түүний орчуулга гэх  монгол хэлээр бичсэн мэдэгдэл /хх-80-83/, итгэмжлэл /хх-84/, “Мөнхийн баян гал” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 06 дугаар сарын тайлан /хх-85-86/, ажилтны тойрох хуудас гэх баримт /хх-87/, гэрэл зураг /хх-88/, Монгол ажилчдад ерөнхий захирлын шинээр баталсан тушаал, сахилгын арга хэмжээний журам, дотоод журам танилцуулах хурлын ирц /хх-93/ зэргийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

 

 “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01-3 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-53/,  “Мөнхийн баян гал” ХХК-ийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07-3 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-54/ нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-89/, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг /хх-90-92/ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, мэдэгдэл /хх-78-79/ гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

                                                                                                                                                                                                                               

            Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар зөвхөн нэхэмжлэгч Н.Амгаланбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул цалин олговор 2 870 350 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60 875 төгрөгийг хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Н.Амгаланбаярыг “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэрийн зуухан цехийн тоног төхөөрөмжийн операторын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 870 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Амгаланбаярт олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Амгаланбаяр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-иас 2 870 350 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60 875 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР