Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

   2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00964

                                               Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс, 3а гудамж, 3 тоотод оршин суух Сүжиг боржигин овогт Чулуунбатын Хишигжаргал /НЮ82101021/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 27-10 тоотод оршин суух Ганжуур овогт Бямбасүрэнгийн Мөнхжаргал /НГ83070578/-д холбогдох,

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Хишигжаргал, хариуцагч Б.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Ч.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Мөнхжаргалтай 2007 онд танилцаж бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Х.Тэмүүлэн төрсөн. Хүү маань одоо надтай  хамт амьдарч байна. Иймд хүү Х.Тэмүүлэнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2007 онд танилцаж бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Х.Тэмүүлэн төрсөн. Хүү Х.Тэмүүлэндээ хүүхдийн тэтгэлэг төлөх болно.” гэв.

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Хишигжаргал нь Б.Мөнхжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2007 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Х.Тэмүүлэн төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 3/-аар тогтоогдож байна. 

 

Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүү Х.Тэмүүлэн нь /8 настай/, төрснөөс хойш эх Ч.Хишигжаргалын асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, хүү Х.Тэмүүлэнг Ч.Хишигжаргалын асрамжинд үлдээж, эцэг Б.Мөнхжаргалаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд Б.Мөнхжаргал нь Ч.Хишигжаргалтай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн хүү Х.Тэмүүлэнг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хишигжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Б.Мөнхжаргалаас 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Сүжиг боржигин овогт Хишигжаргалын Тэмүүлэнг 18 насанд хүртэл эх Сүжиг боржигин овогт Чулуунбатын Хишигжаргалын асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Х.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнхжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хишигжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Мөнхжаргал нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ЭНХТӨР