Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0016/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Г.Л-д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л холбогдох эрүүгийн 1918007730578 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Л төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Г.Л-д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Л.Д-ийн нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ДС” ХХК-ны хүдэр боловсруулах үйлдвэрт угсралтын ажил гүйцэтгэх явцдаа 2 давхраас унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Г.Л-дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2019 оны 10 дугаар сарын 20-ноос Хятадын барилгын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгч авахаар “FM”-нд ажилтан авна гэх зар өгсөн. Зарын дагуу Дс холбоо барьсан учраас Дстай уулзаж, амаар гэрээ байгуулан ажил даалгаж хийлгэсэн. Гэтэл Дс нь 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хийж гүйцэтгэж байгаад хоёр давхраас унаж гэмтсэн байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Миний хувьд Хятад компанитай хамтарч ажиллах талаар гэрээ байгуулсан боловч Дстай гэрээ байгуулаагүй.

...хэргийг зөвшөөрч байгаа боловч санамсаргүй байдлаас болж үүссэн учраас хорих ялаас чөлөөлж өгнө үү. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6/,

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10/,

 

-Хохирогч Л.Д-ийны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрөөсөө гадна 7 хүн олоод үйлдвэрийн районд байрлах “Ди пи Эйч си” компанийн барилга дээр очоод ЛС гэх хүнтэй уулзаад нэг хүний өдрийн 50000 төгрөгөөр тохироод гэрээ хийлгүй пасадны ажил руу орсон. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг үйлдвэрийн урд талын байшингийн карказ угсарч байгаад хөндлөн си төмөрний доод үзүүрийг гагнаж бэхлээд си төмрөөрөө дамжаад дээд талыг бэхлэх гээд яг дунд нь явж байхад си төмөрний доод хэсгийн гагнаас салсан. Си төмөрний дунд хэсэгт краны оосроор татсан байсан. Тэгээд би барилгын гадна тал руу үсэрсэн юм.

...Намайг ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй.

...Намайг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил эхлэхэд Баяр дарга хамгаалалтын бүс, малгай олгосон байсан.

...Би осолд орох үедээ хамгаалалтын бүс, малгайгаа тайлсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-21, 22-23/,

 

-Гэрч О.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед миний ажилладаг “Ди Пи Эйч Си” ХХК-ны үйлдвэрийн хашаан дотор баригдаж байгаа манай үйлдвэрийн нүүрс нунтаглах хэсгийн барилга дээр ажиллаж байсан Дс гэдэг хүн ажиллаж байсан барилгынхаа 3 давхраас унаж гэмтсэн юм. Би тухайн үед үйлдвэрийнхээ оффис байранд сууж байсан чинь манай үйлдвэрийн орчуулагч ТЖ гэдэг залуу “хүн унаад гэмтчихлээ, хүрээд ирээч” гэж миний гар утас руу залгасан. Би осол болсон газарт очсон чинь нүүрс нунтаглах зорилгоор баригдаж байгаа барилгын урд талд бетонон шалан дээр Дс гэдэг хүн хэвтэж байсан. Дсы хамарнаас цус гарсан байдалтай, зүүн гарын бугалга хэсгээр хугарсан юм шиг харагдаж байсан. Тэгээд дуудлага өгсөн чинь 103-н эмч ирж үзээд Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан.

...Манай компанийн гүйцэтгэгч компани болох “Хүнюү шинюү” гэх нэртэй компанийн ажилтан байгаа юм. “Хүнюү шинюү” гэдэг нэртэй компани бол манайхтай барилгын төмөр карказны угсралт хийхээр гэрээ байгуулсан компани гэсэн.

...Дс өөрөө бригад ахлаад манай үйлдвэрийн хашаан дотор нүүрс нунтаглах зорилгоор баригдаж байгаа барилгын төмөр карказыг угсрах ажил хийж байгаа юм. Би Дсы ахлаад ажиллаж байгаа бригадын хүмүүст аюулгүй ажиллагааны заавар өгдөггүй. Зөвхөн хийж байгаа ажлаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дагуу хийж гүйцэтгэж байна уу гэдэгт хяналт тавьж ажилладаг.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/,

 

-Гэрч Bai-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би “Жүн Мэн Хүн Юу” компани дээрээ “Ди Пи Эйч Си” компанитай “Ган хийц, угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ” байгуулан ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ингээд манай угсралтын ажил дуусаад барилгын энд тэнд жижиг нөхөөсний ажил үлдээд би ЛСтэй утсаар холбогдож Улаанбаатар хотод уулзаад 1000 мк2 талбайн 1 м2 талбайг 11000 төгрөгөөр 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр “Сэндвич хавтан угсрах ажлын гэрээ” хийсэн юм. Ингээд би ЛСтэй гэрээ хийчихээд Улаанбаатар хотод байхад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой ЛС миний гар утас руу залгаад “барилга дээр ажиллаж байсан нэг хүн өндрөөс унасан байна” гэж надад хэлсэн юм.

...“Сэндвич хавтан угсрах ажлын гэрээ”-ний 5 дугаарт ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийн заасан байгаа. Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д “ажил гүйцэтгэх явцад хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдлын асуудлыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй гэж заасан байгаа. Тийм болохоор ЛС хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31/,

 

-“Тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж мөрдөгдөөгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь "...сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтууд зөрчигдсөн байна.

Иргэн Л.Д-ийнтай амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгүүлж байсан ажил олгогч болох Г.Л-д дээр дурьдсан заалтуудыг биелүүлэх үүрэгтэй.

Уг осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан хамгаалах хэрэгслээр хангах /өндрийн бүс/, ажилтныг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулах, шалгалт авах тухай ажил олгогчийн буюу Г.Л-дгийн үүрэг хэрэгжээгүйн улмаас үйлдэгдсэн гэж үзэж байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ хэрэгжүүлээгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”.

Ажилтан Л.Д-ийнд тухайн үед өндрөөс хамгаалах бүс олгосон, тэрээр уг бүсийг зохих ёсоор хэрэглэж байсан бол осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж заасны дагуу осолдогч Л.Д-ийн ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд өртсөн тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.” гэх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19/10 дугаартай үйлдвэрийн ослын тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36-37/,

 

-Шинжээч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Барилгын тухай хуулийн 19.1.4-т зааснаар барилгын даацын хийц, бүтэц, эзэлхүүнийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага хийж гүйцэтгэх ёстой гэж заасан байдаг. Барилгын засал, гадна пасат сендвичний ажил зэргийг бол заавал тусгай зөвшөөрөл шаардахгүй хийж гүйцэтгэх ажил юм. Ерөнхий гүйцэтгэгч нь иргэнтэй туслан гүйцэтгүүлэх гэрээ хийж болно. Тийм учраас ажил гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа хариуцах үүрэгтэй юм. Уг хэргийн хувьд гэвэл “Хун Мэн Жун Юу” ХХК-тай гэрээ байгуулсан иргэн Г.Л-д нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа хариуцах үүрэгтэй юм. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг бол ажил олгогч буюу Г.Л-д нь хангуулах ёстой.” гэх мэдүүлэг /хэргийн 38/,

 

-“34-59 ДАХ улсын дугаартай ХСМС маркийн ачаа өргөх зориулалтын автокран нь төхөөрөмжийн хувьд бүрэн бүтэн, ослоос хамгаалах хэрэгслүүд ажилтай, аюулгүй ажиллагааны шаардлага хангагдсан байна.

Техникийн төхөөрөмжийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй, осол үйлдэхэд техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна.

Үйлдвэрлэлийн бус нэмэгдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.

34-59 ДАХ улсын дугаартай ХСМС маркийн автокраны төхөөрөмжийн тормосны эд анги /систем/ бүрэн ажиллагаатай, төхөөрөмжийн техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан.

Осол үйлдэгдэхэд краны техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй.

Ослын шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй.

34-59 ДАХ улсын дугаартай ХСМО маркийн 25тн даацтай ачаа өргөх зориулалтын автокранд мэргэжлийн байгууллага болох тусгай зөвшөөрөлтэй М ХХК нь 2018-10-12-нд 3 жилийн хугацаатай краны техникийн акт гаргасан. Үүнийг үндэслэн ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан байна.

Кранист О.Отгонбаяр “Шилүгэй” ХХК-ны сургалтын төвд автокраны операторчин мэргэжлийн үнэмлэхтэй.

Тухайн осол гарсан гэх газарт үйл ажиллагаа явуулсан байдалд үзлэг хийхэд ачаа оосорлох дохиочин ажиллуулаагүй байна.” гэх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 53 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 42-45/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Л.Д-ийнд яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 55-56/,

 

-“Л.Д-ийны биед дух ясны битүү хугарал, аарцаг ясны битүү хугарал, баруун, зүүн шуу ясны битүү хугарал, баруун богтос ясны ил хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтой.

Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дээрх гэмтэл нь учрах үедээ шууд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Л.Д-ийны биед үүссэн дух ясны битүү хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Аарцаг ясны битүү хугарал, баруун, зүүн шуу ясны битүү хугарал, баруун богтос ясны ил хугарал гэмтэл нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бусад зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Л.Д-ийны биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 926 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 57-58/,

-“Жун Мэн Хун Юу” ХХК болон Г.Л-д нарын хооронд байгуулсан сэндвич хавтан угсрах ажлын гэрээ /хэргийн 78-79/,

-“DPHC” ХХК болон “СЭЭТ” ХХК-ийн хамтран ажиллах гэрээ /хэргийн 80-82/,

-“DPHC” ХХК болон “Жун Мэн Хун Юу” ХХК-ийн байгуулсан ган хийцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 83-90/,

-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 113-119/,

 

-“Хохирогч Л.Д-ийн миний бие яллагдагч Г.Л-дгээс хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй болно. Мөн яллагдагч Г.Л-дд гомдол санал байхгүй тул хоорондоо эвлэрч баталгаа гаргаж байна. Иймд миний бие яллагдагч Г.Л-дд холбогдох шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ илэрхийлье. Жич:Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар болон эмчилгээний зардал болон тэтгэмж олгосон баримтыг хавсаргав.” гэх Л.Д-ийн, Г.Л-д нарын эвлэрсэн тухай баталгаа /хэргийн 123-125/,

 

-Шүүгдэгч Г.Л-дгээс гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлт /хэргийн 126/,

 

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан “...хэргийн оролцогчид болох Г.Л-д, Л.Д-ийн бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн.” гэх баталгаа /хэргийн 129/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

 

            Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Л-д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргийг зөрчсөний улмаас иргэн Л.Д-ийн нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед үйл ажиллагаа явуулдаг “Ди Пи Эйч Си” ХХК-ийн хүдэр боловсруулах үйлдвэрт сэндвич угсралтын ажил гүйцэтгэх явцдаа 2 давхраас унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Л-дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь “Жун Мэн Хун Юу” ХХК болон Г.Л-д нарын хооронд байгуулсан сэндвич хавтан угсрах ажлын гэрээний 5-д ажил гүйцэтгэгчийн эрх үүргийг тусгасан байх бөгөөд 5.6-д “ажил гүйцэтгэх явцад хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдлын асуудлыг ажил гүйцэтгэгч буюу Г.Л-д бүрэн хангаж ажиллах үүрэгтэй.” гэж заажээ.

 

Г.Л-д нь амаар Л.Д-ийнтай тохиролцон ажил үүрэг гүйцэтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргийг ажил олгогч Г.Л-д нь биелүүлээгүйн улмаас Л.Д-ийны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул Г.Л-дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-ийны эрүүл мэндэд “...дух ясны битүү хугарал, аарцаг ясны битүү хугарал, баруун, зүүн шуу ясны битүү хугарал, баруун богтос ясны ил хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хагалгааны дараах байдал” бүхий гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 57-58/ нотлогдож байна.

Хохирогч Л.Д-ийны эмчилгээний төлбөрт нийт 6200000 төгрөг шүүгдэгч Г.Л-д төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон эвлэрсэн баталгаа /хэргийн 123,129/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.Л-дгээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Л-д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Л-д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Л-дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх үндэслэлээр шүүгдэгч Г.Л-дг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Шүүгдэгч Г.Л-д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Л хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Л-д 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Л-дд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Л-дг хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ