Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

 

 

2020       12           08                                            2020/ШЦТ/384

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Л.Батсайхан

Шүүгдэгч С.Цэрэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Сүхбаатарын Цэрэндоржид холбогдох эрүүгийн 2021000000424 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргил” зоогийн газарт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 2-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Сүхбаатарын Цэрэндорж. /РД: ЖЬ72103173/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Цэрэндорж нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-16 тоотод эхнэр Л.Батсайхантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-15 тоотод хадам ээж болох Н.Сумъяаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Цэрэндорж шүүхийн хэлэлцүүлэгт: “ Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Л.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “... Манай нөхөр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ орж ирээд куртик, гутлаа асууж миний үснээс чирч, тархи толгой руу өшиглөсөн. Тэгээд “чамайг алаад шоронд явна” гээд сандал шидэж зодчихоод яваад өгсөн. Эмнэлэгт үзүүлэхэд хамар цөмөрчихсөн, бороолоод эдгэчихсэн болохоор эмчилж болохгүй гэсэн...” гэв.

 

Шүүгдэгч С.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд хадам аав болох Лхагвадоржийн гэрт нь Соёрхол гэх нэртэй 0.75 литрийн архи хадам аав, ээжийнхээ хамтаар уусан юм. Тэднийд архи уучихаад гэртээ ороход эхнэр “архи уулаа” гээд уурлаад байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн. Тухайн үед уурандаа гэрт байсан сандал аваад шидсэн. Мөн эхнэрийн үснээс зулгаагаад гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Ингээд гэрээс гараад хадам аавын гэр рүү орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Хохирогч Л.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд манай нөхөр гэрээсээ гараад 15 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба надаас куртик хаана байна, утас хаана байна гэх мэтээр юм асуух явцдаа эхлээд миний үснээс зулгаагаад, чамайг алаад шоронд явна гэж хэлээд намайг газарт унагаагаад миний дээрээс хөлөөрөө цээж, нуруу хэсэгт өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар тал/,

 

Хохирогч Н.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд би гэртээ нөхөр Лхагвадоржийн хамтаар байж байхад хүргэн С.Цэрэндорж нь 0.75 литрийн Соёрхол гэх нэртэй архитай орж ирсэн. Уг архийг бид гурав хувааж уусан. ... унтаж байхад хүргэн Цэрэндорж буцаж орж ирээд миний халаасанд байсан гар утсыг авах гээд нэгжээд байхаар нь би өгөхгүй гэхэд намайг орноос гударч шалан дээр унагаагаад миний баруун хавирганы орчимд 2-3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон. Тэрнээс хойш би ухаан алдсан байсан бөгөөд ухаан ороход миний ач хүү болох Уламбаяр ирээд босгож орон дээр хэвтүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Гэрч Г.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 2-15 тоотод өвөө, эмээ нарын хамтаар амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07 цагт гэрээсээ гараад...ажилдаа явахад эмээгийн бие зүгээр байсан. Харин ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн дайман хаалга цоожтой байсан бөгөөд би хашаа даваад орсон...ороход гэрийн хаалга онгорхой байхаар нь гайхаад  гэрийнхээ үүд рүү ороход эмээ  шалан дээр дээшээ хараад ухаангүй байдалтай байсан. Би эмээг өргөөд орон дээр нь хэвтүүлсэн. Өглөө ухаан орсон бөгөөд Батсайхан эгчтэй хамт эмнэлэг орсон. Эмээ надад хэлэхдээ Цэрэндорж ах чинь намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 766 дугаар:

     1. Л.Батсайханы биед дух, баруун зүүн нүд, хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.    

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 16-17 дугаар тал/,

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 766 дугаар:

     1. Н.Сумъяагийн биед баруун 4,5,6,9,10,11-р хавирганы хугарал, баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн 4,5,6-р хавирганы хугарал нь хуучин, 9,10,11-р хавирганы хугарал, баруун тохойн зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтлүүд байна.    

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар 9,10,11-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 16-17 дугаар тал/,

  • Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар тал/
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/

- Урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч С.Цэрэндорж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч С.Цэрэндорж нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-16 тоотод эхнэр Л.Батсайхантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-15 тоотод хадам ээж болох Н.Сумъяаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Н.Сумъяа, гэрч Г.Уламбаяр нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч С.Цэрэндорж, хохирогч Л.Батсайхан нарын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №766, 767 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч С.Цэрэндоржийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, мөн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Цэрэндоржийн үйлдлийн улмаас хохирогч Л.Батсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.Сумъяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна. Хохирогч О.Батсайхан эмчилгээний зардал 200.000 төгрөг, хохирогч Н.Сумъяа эмчилгээний зардалд 227.000 төгрөг тус тус нэхэмжилдэг.

Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Л.Батсайхан нь 141.600 төгрөгийн баримт, хохирогч Н.Сумъяа  227.000 төгрөгний баримт хэрэгт хавсаргасан байх бөгөөд үүнээс хохирогч Н.Сумъяагийн ирүүлсэн баримтаас 57.800 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ. Хохирогч Н.Сумъяагийн нэхэмжилсэн 227.000 төгрөгнөөс 169.200 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Мөн хохирогч Н.Сумъяа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэмж 44.620 төгрөгний баримт ирүүлжээ.

Иймд шүүгдэгч С.Цэрэндоржоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 244.020 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-16 тоотод оршин суух Шарнууд овогт Лхагвадоржийн Батсайхан /ЖМ77110360/-д 141.600 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-15 тоотод оршин суух Н.Сумъяад 102.420 төгрөгийг  тус тус олгохоор шийдвэрлэв. /хохирогч Н.Сумъяагийн хохирол 227.000 – 169.200= 57.800 +44.620 = 102.420/

Хохирогч нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Цэрэндорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч С.Цэрэндоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Цэрэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Цэрэндоржийн ЖЬ72103173 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч С.Цэрэндоржид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Сүхбаатарын Цэрэндоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Сүхбаатарын Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэндоржийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Цэрэндоржоос бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд нийт 244.020 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-16 тоотод оршин суух Шарнууд овогт Лхагвадоржийн Батсайхан /ЖМ77110360/-д 141.600 төгрөгийг,   хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-15 тоотод оршин суух Хаахар овогт Намсрайн Сумъяа /ЖМ56121061/-д 102.420 төгрөгийг тус тус олгож, хохирогч нар нь эмчилгээний бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            

             6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Цэрэндоржийн ЖЬ72103173 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.                                                                                                                                                                                

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Цэрэндоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА