Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/538

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******айрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль

шүүгдэгч *******

насанд хүрээгүй хохирогч /16 нас 9 сартай/ Д.М-, түүний хууль ёсны төлөөлөгч эх Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1903002140182 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өглөөний 07 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ”West” төвийн хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай, эрэгтэй Д.М- мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 650.000 төгрөг төлсөн. Хохирогч талаас нэхэмжилж байгаа 70000 төгрөг болон цаашид эмчилгээ шаардагдвал төлбөрийг нь төлнө гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д: Манай хүүхдийн эмчилгээнд зарцуулагдсан баримттай 650.000 төгрөгийн төлбөрийг Давааням бүрэн төлсөн. Хүү Д.М- солонгос хэлний сургалтанд 70000 төгрөгийн төлбөр төлөөд явж байсан юм. Тэгтэл энэ осолд орсноос болоод сургалтандаа суух боломжгүй болсон, сургалтын төв төлбөрийг буцааж өгөхгүй гэсэн. Иймд Даваанямаас сургалтын төвд төлсөн 70000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүү  Д.М-д цаашид эмчилгээ шаардагдвал яах вэ гэдэг асуудал байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал 7 цаг 35 минутын үед 99107276 дугаарын утсаар үл таних эмэгтэй хүн сандрангуй байдалтай танай хүү машинд мөргүүлээд хол шидэгдсэн мөргөсөн машины жолооч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явлаа 00-00 УНҮ дугаартай пруис 20 маркийн суудлын автомашин байсан шүү гэхээр нь юу вэ манай хүү дөнгөж сая хичээлдээ явсан шүү дээ гэсэн нэг өндөр хүү мөн биз дээ танай хүү гэсэн гэхээр нь мөн мөн гээд утсаа салгасан. Тэгэхээр нь сандран тэр дороо нөхөр Дашдондовт хэлж түүний хамт Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн уг эмнэлгийн 2 давхарт гипсний өрөөнд манай хүү Д.М- зүүн гараа шохойдуулж байсан. Миний хүү болгоомжтой зам гарахгүй яасан юм. Явган хүний гарцаар гарсан юм уу гэсэн тийм би “Өргөө" кино театрын замын урд талын замын явган хүний гарцаар гарч явтал уг машин холоос ирж байсан. Тэгээд гарцан дээр намайг мөргөж унагаасан гэсэн. Энэ үед дэргэд үл таних эрэгтэй хүн зогсож байсан би та жолооч нь уу гэсэн тийм гэсэн. Та яагаад гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээж байгаа юм гэсэн МУИС-ийн оюутан хүүхэд хичээлээсээ хоцрох гээд байна та жаахан хурдан яваад өгөөч гэхээр нь яарч явсан юм гэсэн..Та явган хүний гарцтай газар яагаад хурдан явж байгаа юм гэсэн би их хурдтай яваагүй 70 км цагийн хурдтай явсан гэсэн. Удалгүй замын цагдаа нар ирэн бид нар хамт хэргийн газар очиж хэмжилт хийж шалгасан. Осол гарсан газар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хороололд “Өргөө” кинотеатрын урд талын хот руу явдаг баруунаас зүүн чиглэлтэй зам байсан. Уг замын явган хүний гарцан дээр осол болсон байсан. Уг гарц нь гэрлэн дохиогүй гарц байсан. Ослын талаар бол надад үзэж харсан мэдэх зүйл байхгүй. Тухайн үед манай хүү Д.М- зүүн гар хугарсан, баруун тохой зулгарсан гэмтлүүд байсан. Тэр дор нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед манай хүү Д.М- биеийн аль хэсгээрээ машины аль хэсэгт мөргүүлсэн талаар ярьж байгаагүй. Манай хүүг мөргөсөн жолооч эрэгтэй хүнтэй 2 удаа уулзсан. Жолооч тэр өдөр нь осол гарсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт 300000 төгрөг төлж томографийн зураг авахуулсан. 55000 төгрөгөөр ясны хугаралд хэрэглэдэг эм авч өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа 75000 төгрөгний 2 эм авчирч өгсөн. Тэгээд наашаа цаашаа явсан зардал автомашиндаа шатахуун хийгээрэй гээд 20000 төгрөг өгсөн. Мөн 2019 оны 3 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна 30000 төгрөг авчирч өгсөн. Тэр үед нь ирэх 7 хоногоос манай хүү сургуульдаа явна хүргэж өгнө тосож авна машины шатахууны мөнгө өгөөч гэсэн 50000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Одоогоор 530000 төгрөгний эмчилгээний зардал гарсан. Уг эмчилгээний зардлыг жолоочоор төлүүлж авсан. Тухайн үед манай хүү Д.М- эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Одоо ч Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэсэн дор нь баримтуудыг авчирч нэхэмжилж авна. /хх-ийн 20-21/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.М- мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 7 цаг 15 минутын үед гэрээсээ гаран хичээлдээ явахаар 7 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кинотеатрын урд талын хот руу явдаг автобусны буудлын дэргэдэх явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зам хөндлөн гарч явтал миний баруун гар  талаас нэг автомашин хурдтай ирэн намайг мөргөж унагасан. Мөргөсөн автомашин тэр дороо зогсож жолооч нь гэх эрэгтэй хүн бууж ирээд зүгээр үү гэсэн зүүн гар өвдөөд зүүн гараа бариад босож чадахгүй байсан жолооч намайг өргөж босгосон. Энэ үед тэнд явж байсан үл таних 1 эмэгтэй хүн алив миний дүү аав ээжийнхээ утасны дугаарыг өг гэхээр нь би ээжийнхээ 88771529 дугаарыг өгсөн тэр эмэгтэй хүн ээж рүү залгаад яриад байсан. Машины жолооч эрэгтэй хүн намайг сугадан машиндаа суулгасан уг машинд үл таних 1 эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй хүн жолоочид таксины мөнгө гээд мөнгө өгөөд буугаад яваад өгсөн. Жолооч  бид хоёр хөдлөөд гэмтлийн эмнэлэг дээр ирээд эмч нарт үзүүлж зүүн гараа шохойдуулж байтал манай ээж аав хоёр ирсэн. Удалгүй замын цагдаа нар ирж бид нар хамт хэрэг осол гарсан газар очиж замын цагдаа надаар заалгаж зам тээврийн осол хэргийн газарт хэмжилт хийж шалгасан. Тухайн үед цаг агаар дулаахан гэгээтэй байсан. Зам хуурай байсан. Гарцан дээр явж байхдаа баруун гар талаас машин ирж байхыг харсан. Нилээд хол явсан болохоор амжиж гарна гэж бодсон. Гэтэл уг машин хурдтай ирж намайг 2 дугаар эгнээнд зорчиж байхад мөргөсөн. Машин хурдтай явсан. Гэмтлийн эмнэлэг дээр намайг зүүн гараа шохойдуулж байхад жолооч эрэгтэй хүн манай ээжид яаруу явсан 70 км цагийн хурдтай явсан гэж ярьж байсан. Тухайн үед уг машин урд копуд хэсгээрээ мөргөх үед би баруун гараараа копудан дээр нь тулж хойш шидэгдэж газар зүүн гараа тулж унасан. Миний зүүн гар их өвдсөн. Тэр үед би чихэвчтэй явсан. Дуу сонсож яваад гарцаар гарах үедээ салгасан байсан. Тухайн үед миний зүүн гар хугарсан, баруун гарын тохой зулгарсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Ишханд мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өглөөний 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг Өргөө кинотеатрын урд талын Хаан банкны тооцооны төвийн автобусны буудлаас хүүгээ автобусанд суулгаж өгчихөөд зам хөндлөн гарах гээд уг тооцооны төвийн хойд талын замын явган хүний гарцаар нэвтрэх гээд явган хүний гарцан дээр зогсож байтал баруун талаас бор шаргал өнгийн Тоёота пруис 20” маркийн суудлын автомашин их хурдтай ирж байсан. Би ямар хурдан явдаг юм бэ гээд бодоод зогсож байтал уг гарцаар хойд зүгээс урагшаа чиглэлтэй үл таних эрэгтэй хүүхэд зам хөндлөн нэвтрэн гарч ирсэн нөгөө Пруис хурдтай ирээд мөргөчихсөн нөгөө эрэгтэй хүүхэд үсрээд явчихсан. Жолооч тэр дороо тормос гишгэн зогсоод машинаасаа буугаад ирсэн. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм, ямар хурдтай явдаг юм бэ чи гэсэн жолооч эрэгтэй хүн нөгөө хүүхдийг сугадаж босгосон. Энэ үед би нөгөө хүүхдээс алив чи холбоо барих ээж аавынхаа утсыг өг гэсэн тэр хүүхэд 88771529 дугаарын утас өгсөн. Мөргөсөн машины жолооч нөгөө эрэгтэй хүүхдийг өргөж босгон сугадаад машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг орно гээд яваад өгсөн. Би тэр дор нь 88771529 дугаарын утас руу залган үл таних эмэгтэй хүнд танай хүү машинд мөргүүлээд хол шидэгдсэн. Мөргөсөн машины жолооч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явлаа. 00-00 УНҮ дугаартай Пруис 20 машин байсан шүү гэж хэлээд явсан.

Тэр Тоёота пруис 20 маркийн суудлын автомашин явган хүний гарцан дээр хурдтай ирж тэр эрэгтэй хүүхдийн баруун хэсгээр нь машиныхаа урд копуд хэсгээр хүчтэй мөргөсөн. Хүүхэд хол шидэгдсэн.Тухайн үед тэр хүүхдийн биед хаана хаана нь ямар ямар гэмтэл учирсан эсэхийг мэдээгүй. Тэр дор нь жолооч машиндаа суулгаад аваад явсан. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2995 дугаартай дүгнэлтэнд: Д.Д.М- биед зүүн бугуйн завь хэлбэрт ясны хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30/ гэжээ.

 

Техникийн хяналтын үзлэгийн төвийн 011713 дугаартай дүгнэлтэнд: Toyota маркийн Prius загварын 00-00 УНҮ улсын дугаартай NHW203214974 арлын дугаартай автомашин нь техникын бүрэн байдлыг хангахгүй байна. Хойд талын улсын дугаарын гэрэл асахгүй, урд буфер баруун доод хэсэг хагарч, урд улсын дугаар гулзайсан гэх эвдрэл, гэмтэлтэй байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд нь уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Toyota маркийн Prius загварын 00-00 УНҮ улсын дугаартай NHW203214974 арлын дугаартай автомашин нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн байна. 00-00 УНҮ улсын дугаартай автомашины тоормос хэвийн ажиллагаатай. 00-00 УНҮ улсын дугаартай автомашин нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ. /хх-ийн 26-28/ гэжээ.

 

Мөрдөгчийн 04 дугаартай магадлагаанд: Тоёота Пруис 20 маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 44/

 

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өглөөний 07 цаг 30 минутын үед гэрээсээ гаран өөрийн эзэмшлийн 00-00 УНҮ улсын дугаартай бор шаргал өнгийн пруис маркийн суудлын автомашинаа жолоодон халтуур хийж яваад 07 цаг 20 минутын үед 1 дүгээр хороолол Цамбагарав үйлчилгээний төвийн орчмоос үл таних 1 эмэгтэй хүнийг аваад МУИС орно гэхээр нь хүргэж өгөхөөр 07 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын баруун урд талын хот руу явдаг автобусны зогсоолын орчим баруунаас зүүн чиглэлтэй замд явж байсан явган хүний гарцан дээр чихэвтэй эрэгтэй хүүхэд гарцаар гарч явсан. Би сигналдаад дохио өгөөд нөгөө хүүхдийг зогсчих болов уу гэж бодоод чигээрээ явсан нөгөө эрэгтэй хүүхэд гэнэт машины урдуур гүйхэд мөргөчихсөн. Эрэгтэй хүүхэд баруун гараараа копудан дээр дараад газар унасан. Тэр дороо зогсоод буугаад очсон хүүхэд зүүн гар өвдөөд байна гээд босож чадахгүй хэвтэж байхаар нь өргөж босгоод машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг дээр очин үзүүлсэн тухайн үед зам шулуун, тэгш зам байсан. Машины хөдөлгөөн бага байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй 3 эгнээ зам байсан. Би зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ойролцоогоор 55 км цагийн хурдтай явж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй зөвшөөрөлтэй. Жолооны үнэмлэхтэй “В” ангилалтай. Осол гарах үед жолоодож явсан машин бол миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Би 2000 оноос хойш 19 жил автомашин жолоодож байна. /хх-ийн 89/ гэх мэдүүлэг,

 

Камерийн бичлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “ Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, West төвийн хойд замд явган хүний гарцан дээр үйлдэгдсэн байв. Уг зам нь 10.3 м, асфальт, шулуун тэгш, хуурай зохицуулагддаггүй, явган хүний гарцтай, автобусны зогсоол, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв.  Анх хүн автомашинд мөргүүлсэн гэх газрыг явган зорчигч Д.М-эр заалган, жолооч болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хэмжилт хийв. Явган хүний гарцны өргөн 4.0 м, зорчих хэсгийн хойд талдаа 5.19 тэмдэгтэй. /хх-ийн 4-5/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 93/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/ болон зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өглөөний  07 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ”West” төвийн хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай Д.М- мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Г.Ишхандын“...уг гарцаар хойд зүгээс урагшаа чиглэлтэй үл таних эрэгтэй хүүхэд зам хөндлөн нэвтрэн гарч ирэхэд приус машин хурдтай ирээд мөргөчихсөн нөгөө эрэгтэй хүүхэд үсрээд явчихсан...” /хх-ийн 27/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дгийн “...үл таних эмэгтэй хүн сандрангуй байдалтай танай хүү машинд мөргүүлээд хол шидэгдсэн мөргөсөн машины жолооч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явлаа 00-00УНҮ дугаартай Пруис 20 маркийн суудлын автомашин байсан шүү гэсэн ...” /хх-ийн 20/,

насанд хүрээгүй хохирогч Д.Д.М-“...явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зам хөндлөн гарч явтал миний баруун гар  талаас нэг автомашин хурдтай ирж мөргөж унагасан...” /хх-ийн 25/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/, хяналтын  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2995 дугаартай”... Д.Д.М- биед зүүн бугуйн завь хэлбэрт ясны хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30/,

мөрдөгчийн 04 дугаартай магадлагаанд” ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...”/хх-ийн 44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...нөгөө хүүхдийг зогсчих болов уу гэж бодоод чигээрээ явсан нөгөө эрэгтэй хүүхэд гэнэт машины урдуур гүйсэн мөргөчихсөн эрэгтэй хүүхэд баруун гараараа копудан дээр дараад газар унасан.../хх-ийн 89/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд ******* тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч Д.М- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

*******ын дээрхи үйлдлийн улмаас Д.Д.М- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч *******ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын хувьд насанд хүрээгүй хохирогч Д.Д.М- эмчилгээнд зарцуулагдсан 650.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дгийн нэхэмжилсэн “солонгос хэлний сургалтын төвд төлсөн 70000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлснийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  болсон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй  тул  шүүх хэлэлцэхгүй орхив.

 

Үүнтэй холбогдох болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  *******д торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******- автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.

 

  1. Насанд хүрээгүй хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

 

  1. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   *******АЙРИЙЖАВ