Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч М.О******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О********эд холбогдох эрүүгийн 201622000596 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, Байчууд овогт М********ийн О********, 1977 оны 7 дугаар сарын 02-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн МК77070215 дугаартай

 Шүүгдэгч М.О******** нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд тус сумын хэсгийн цагдаа Н.Х********, хэсгийн төлөөлөгч Б.Д********н нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, Н.Х********ын биед тархи доргилт, уруулын салстад язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч М.О******** нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд тус сумын хэсгийн цагдаа Н.Х********, хэсгийн төлөөлөгч Б.Д********н нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, Н.Х********ын биед тархи доргилт, уруулын салстад язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 Хохирогч Н.Х********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд хэсгийн төлөөлөгч Д********н нь намайг хэсгийн байранд байхад дуудлага ирлээ, хамт явъя гэсэн. Дуудлагын дагуу сумын төвд байрлах Таны мини маркет нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа очиход Dong Fing маркын 47-36 ХӨВ улсын дугаартай ачааны автомашин зам хөндлөн зогсчихсон хөдөлгүүр нь асаалттай дотор нь хоёр хүн унтаж байсан. Миний бие жолоочийн талын хаалгыг онгойлгож жолооны хүрдэн дээр хэвтэж байсан иргэнийг дуудаж сэрээгээд өөрийгөө танилцуулаад цаашаа суу, гэрт чинь хүргэж өгье гэж шаардлага тавьсан. Жолооны хүрдэн дээр сууж байсан хүн согтуу байсан бөгөөд миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж, миний баруун чихний дээд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би тухайн иргэнийг жолооны хүрдэн дээрээс холдуулах гэж хөл гарыг нь цааш түлхсэн. Тэгэхэд жолооны хүрдэн дээр унтаж байсан хүний цаана байсан Баяа гэх хүн сэрсэн. Баяа гуай сэрээд жолооны хүрдэн дээр хэвтэж байсан хүн болох О********ийн баруун гарыг бариад цагдаа байна, боль гэж хорьж байсан. Энэ үед би О********ийн зүүн гаранд нь гав хийх гэж ноцолдсон бөгөөд О******** нь намайг мөн хоёр удаа миний баруун шанааны орчимд цохисон. Ингээд байж байтал О********ийн ах Батцагаан ирээд бүгд боль, машинаас бууцгаа, би машинаа аваад явлаа гэсэн. Тэгээд О******** ахыгаа ирсэн чинь машинаас буусан. Бид нар бас машинаас буусан. Машинаас буугаад О******** гэгч нь хэсгийн төлөөлөгч бид хоёр луу салаавч гаргаж, намайг Шинэ-Идэрийн гуйлгачин гөлөг, чамайг би судалсан гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. Батцагаан болон Баяа гэх хүмүүс О********ийг гэртээ харьж амар гэж О********ийг Батцагаан өөрийнхөө машинд суулгасан боловч О******** машинаас бууж ирж миний машины түлхүүрийг өг, би өөрийнхөө эд хөрөнгийг аваад явъя гэж надаас зуурч намайг барьж аваад миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгээд байж байтал О********ийн ах Батцагаан нь О********ийг аваад явсан...Тэгээд машиныг нь асаах гээд оролдож байтал 30-40 минутын дараа О******** дахин ирж би машинаа авна гэж түлхүүрээ авах гэж дайрч миний уруулан тус газарт нэг удаа цохисон. Энэ үед О********ийг хэсгийн төлөөлөгч салгасан бөгөөд О******** хэсгийн төлөөлөгч рүү дайрч хэсгийн төлөөлөгчийн өвдөг рүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд О********ийг дахиад түүний ах Батцагаан авч яваад О********ийн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэсгийн хашаанд авчирч түр саатуулсан. Машинд үлдсэн байсан Петровис шатахуун түгээгүүрийн ачааг эзэн нь ирж авч явсан. Тэгээд болсон асуудлын талаарх мэдээг аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн...Гэмт хэргийн улмаас миний уруулны баруун хэсэг хавдсан, уруулын дотор хэсэг язарсан байгаа. Одоо миний толгой байнга өвдөж байгаа...Би тухайн үед өөрийн албаны хувцастай явсан. Гомдолтой байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаад иргэнд хууль ёсны шаардлага тавихад шаардлагыг минь эсэргүүцэж биед маань халдаж гэмтэл учруулсан. Эмчилгээний болон холбогдох бусад зардлыг гаргуулна гэсэн боловч О******** нь надаас уучлалт гуйсан тул тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/.

Хохирогч Б.Д********нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн орчимд нууцалсан дугаараас хүн залгаад сумын төвд байрлах Таны мини маркет нэртэй хүнсний дэлгүүрийн урд том ачааны машинтай хүмүүс машинаа зам хөндлөн тавьчихсан дотор нь архи уугаад байна гэж дуудлага өгсөн...Тэгээд хэсгийн цагдаа Х******** бид хоёр хамт очоод машиных нь хаалгыг онгойлгоод хартал машины кабинд зүс таних хоёр дээлтэй хүн машин дотроо согтуу тасарчихсан байдалтай, машинаас нь нил архи үнэртэж байсан....Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч Д********н гэж хүн байна гэж өөрийгөө дахин танилцуулаад машинаас буухыг шаардсан чинь чи зүгээр байгаарай, би чамайг мэднэ шүү гээд машинаас буухгүй байсан. Тэгээд би жолоочийн хажууд сууж байсан зүс таних хүнийг та бас машинаас буу гэж шаардлага тавихад тэр хүн миний шаардлагыг хүлээн авч машинаас буусан. Тэгээд байж байтал О******** гэх хүн ахлах ахлагч Х********тай дахин барилцаж аваад Х********ыг мушгиж доороо хийгээд толгойн дээр нь дарж байгаад толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хүнийг араас нь барьж аваад ахлах ахлагч Х********ыг босгож О******** гэх хүнийг бид хоёр гавлах гэсэн чинь машин дотор байсан учраас эсэргүүцэл үзүүлээд болохгүй байсан...О******** машинаас бууж ирээд та хоёр муу шалдан банди гээд Х********ыг болохоор Шинэ[1]Идэрийн гуйлгачин гээд хэл амаар доромжлоод байсан бөгөөд О********ийг түүний ах Батцагаан нь аваад машин руугаа суулгах гэтэл эргэж ирээд Х******** ахын нүүр лүү 2-3 удаа цохисон. Тухайн үед ахлах ахлагч Х********ын амнаас нь цус гарсан байдалтай уруул нь мөн язарсан байсан. Тэгээд О******** над дээр ирээд миний өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хоёр гараас нь барьж аваад зогсож байтал О********ийн ах Батцагаан ирээд машиндаа суулгаж аваад явсан...Гэмт хэргийн улмаас миний биед гэмтэл учраагүй. Одоо ямар нэг зовиур байхгүй. Миний бие түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/

Гэрч М.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тухайн үед сургуулийн гадаа тамхи татаад зогсож байтал Таны мини маркет нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа нэг бор өнгийн том ачааны тэрэг зогсож байгаа харагдсан.Тэгсэн манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 ирээд тэр машинаас нэг хүн буулгах гээд байсан. Би тэр үед машин дотор яг ямар хүн байсныг сайн мэдээгүй.Тэгтэл машинаас гарч ирсэн залуу манай сумын О******** байсан.О******** тэр үед согтуу байх шиг харагдсан. Манай сумын цагдаа О********ийг гавлах гэтэл О******** гавлуулахгүй ноцолдоод машины цаагуур орсон. Би тэгээд машины цаана яг юу болсныг сайн мэдээгүй.Ямар ч байсан чанга чанга дуугаралдаад л байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

 Гэрч Г.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тэр өдөр Таны мини маркетээс хүүхэддээ чихэр аваад мотоциколон дээрээ сууж байтал О******** гээд манай сумын залуу машин дотроо согтуу байгаа юм шиг харагдсан.Тэгтэл манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 ирээд машинаас буулгах гэтэл эсэргүүцээд О******** буухгүй байсан. Тэгээд машинаас нь гаргаж ирээд манай сумын цагдаа Хадаа гавлах гэтэл нүүр лүү нь 2 удаа цохиод авч байгаа харагдсан. Тэгсэн О********ийн ах Батцагаан гуай ирээд О********ийг аваад явах гэтэл цагдаа нартай зууралдаад байсан.Тэгэхээр нь би мотоциклоо асаагаад харих гээд явсан..гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

 Гэрч Д.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би сургуулийн хашааны завсраар харсан чинь О********ийн ачааны ногоон машин дэлгүүрийн үүдэнд зогсчихсон байсан бөгөөд хажууд нь хэсгийн төлөөлөгч Д********н, хэсгийн цагдаа Х******** нар зогсож байсан. Харин О********ийг ах Батсайхан нь машиндаа суулгаж авч явах гээд байгаа бололтой чирээд байгаа харагдсан. Тэгээд О********ийг ах Батсайхан нь машин руугаа чирээд машиндаа суулгаад аваад явсан. О******** машинд суухдаа хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа хоёрын өмнөөс юм хэлээд байсан. Юу гэж хэлж яриад байсныг нь би мэдээгүй. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр О********ийн машин дотор нь ороод сууж байгаа харагдсан. Тэгээд би гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Гэрч Ш.Цэрэнбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг дэлгүүрээс гарч ирээд нэг их удаагүй байтал хэсгийн төлөөлөгч Д********н, хэсгийн цагдаа Х******** хоёр тухайн ачааны машин дээр явж очоод жолоочтой нь юм яриад байгаа бололтой байсан. Тэгээд би энэ хүн яасан юм бол доо гэж бодоод хараад сууж байсан чинь машин дотроос үл таних залуу гарч ирээд хэсгийн цагдаа Х********ын толгой руу 2-3 удаа цохиж авч байгаа харагдсан. Би тэр хүнийг эхэндээ хэн гэдгийг нь таниагүй сүүлд нь хэн гэдгийг сонсоход манай нутгийн О******** гэж том машин барьж хувиараа ачаанд явдаг залуу байсан юм байна лээ. Тэгээд байж байтал манай дэлгүүр лүү хүн орчихоор нь дэлгүүр лүүгээ орж наймаа хийчихээд гараад ирсэн чинь цагдаа нар болон ногоон ачааны машинтай хүмүүс байхгүй болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хүнсний дэлгүүр орчихоод дэлгүүрээс гараад ирсэн чинь хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр дэлгүүрийн өмнө зогсож байсан ногоон өнгийн ачааны машинтай хүн дээр очиж байсан. Тэгээд цагдаа нар очоод шаардлага тавьсан чинь нөгөө залуу нь биелүүлэхгүй байгаа бололтой том том дуугараад байсан бөгөөд машинаас нэг үл таних залуу бууж ирээд хэсгийн цагдаа Х********ын нүүр лүү нь 2-3 удаа алгадаж байгаа харагдсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр тухайн хүнийг гавлах гээд байгаа бололтой ноцолдоод байсан. Тэгээд би айгаад гэр лүүгээ гүйсэн. Цагдаа алгадсан хүн согтуу байх шиг харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Гэрч Г.Батцагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би өөрийн гэрээс гарч яваад О********ийн машин дээр очиход О********ийн дүүгийнх нь ногоон өнгийн ачааны машин дотор О********тэй хоёр цагдаа ноцолдсон байдалтай байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч залууг машинаас татаж буугаад боль гэсэн. Тэгсэн чинь хэсгийн цагдаа Х********, О********ийн нэг гартай нь ноцолдож байгаад машинаас бууж ирсэн. Тэгээд би О********ийг машинаас буугаад ирэхээр нь өөрийнхөө машинд суулгаад авч яваад гэрийнх нь гадаа буулгаад буцаж машин дээр нь очоод машин дээр байсан дэлгүүрийн барааг буулгаж өгөөд зогсож байсан чинь О******** дахиад хүрээд ирсэн. Тэгээд би машин дээр юм буулгаж байгаад нэг харсан чинь О******** хэсгийн цагдаа хоёр барилцаад авчихсан бие биенээсээ зууралдаж байсан. Тэгээд би очиж боль, боль гэж салгаад О********ийг машиндаа суулгаад гэртээ аваачсан...О******** тухайн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ айхтар согтуу биш байсан...О******** нь ар гэрийн гачигдал ихтэй байгаа хүн юм. Хэргийг нь хялбараар шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

 Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 571 тоот: Насанбуянгийн Х********ын биед тархи доргилт, уруулын салстад язарсан шарх бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Бүрэн эдгэрэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/

 Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 662 тоот дүгнэлт /хх-ийн 35-р тал/

 Шүүгдэгч М.О********ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа. Яагаад гэвэл би тухайн үед архи уучихсан согтуу байсан юм. Миний хувьд өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д********н, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Х******** нартай уулзаж уучлал гуйсан байгаа. Миний хажууд манай нутгийн танил хүн болох Батсайхан унтаж байсан гэсэн. Үүнийг би хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёроос асууж байж мэдсэн. Би уг нь архи уугаад согтчихоод унтсанаа санаад байгаа юм. Үүнээс хойш юу болсон, цагдаа нар хэзээ ирсэн, цагдаа нар надтай юу ярьсан, надад ямар шаардлага тавьсан талаар би огт мэдэхгүй байгаа...Хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.О********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000596 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.О******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсныг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201622000596 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Байчууд овогт М********ийн О********ийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.О********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.О********эд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М.О********эд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар М.О********ийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О********ийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ