Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашбалжирын Бид холбогдох эрүүгийн 1819003120062 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Налгар хайрхан караокены цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж иргэн Э.Оюунцэцэгт 51.550 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагт караокены гал тогооны цонхоор орж 0,5 литрийн Соёрхол 1 шил, Улаанбаатар 0,5 литр 1 шил, лаазтай пиво 9 ширхэг, Хэникен пиво 2 ширхэг, Досэ пиво 3 ширхэг, Мульт ундаа 3 ширхэгийг авсан нь үнэн... ” гэсэн мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Э.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...19.20 минутын үед буцаад ажил дээрээ ирэхэд гал тогооны өрөөний цонх нь онгойчихсон байсан. Тэгээд би дотогш ороод хартал гал тогооны өрөөний ширээн дээр байсан эд зүйлүүдийн байрлал нь солигдсон байсан. Тэгээд би камераа шүүж үзэхэд 18 цаг 40 минутын үед 25-д амьдардаг Банзаа гэх хүн цонхоор орж ирээд лангуун дээр байсан бараануудаас Соёрхол 0,5 литр 1 шил, Улаанбаатар 0,5 литр 1 шил, лаазтай пиво 9 ширхэг, Хэникен пиво 2 ширхэг, Досэ пиво 3 ширхэг, Мульт ундаа 3 ширхэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 Гэрч О.Мандахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажил дээрээ очиход Оюунцэцэг эгч байсан тэгээд бид хоёр бараагаа тоолж үзээд дутуу алдсан зүйлийнхээ тоог гаргасан тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд 25-д амьдардаг Банзаа байсан. Банзаа манай караокены гал тогооны цонхоор орж байсан 0,5 литрийн Соёрхол 1 шил, Улаанбаатар 0,5 литр 1 шил, лаазтай пиво 9 ширхэг, Хэникен пиво 2 ширхэг, Досэ пиво 3 ширхэг, Мульт ундаа 3 ширхэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ6 020 дугаартай: “...Соёрхол архи 0,5 литр 11.200 төгрөг, Улаанбаатар архи 0,5 литр 12.300 төгрөг, Лаазтай пиво 9 ширхэг 15.300 төгрөг, Хеникен пиво 2 ширхэг 4800 төгрөг, Досэ пиво 3 ширхэг 5400 төгрөг, Мульти ундаа 3 ширхэг 2550 төгрөг, нийт 51.550 төгрөг...” гэсэн дүгнэлт/хх-ийн 16-18 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 аар хуудас/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Налгар хайрхан” караокены цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 51.550 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох иргэний нэхэмжлэгч Э.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...19 20 минутын үед буцаад ажил дээрээ ирэхэд гал тогооны өрөөний цонх нь онгойчихсон байсан. ...камераа шүүж үзэхэд 18 цаг 40 минутын үед 25- д амьдардаг Банзаа гэх хүн цонхоор орж ирээд лангуун дээр байсан бараануудаас Соёрхол 0,5 литр 1 шил, Улаанбаатар 0,5 литр 1 шил, лаазтай пиво 9 ширхэг, Хэникен пиво 2 ширхэг, Досэ пиво 3 ширхэг, Мульт ундаа 3 ширхэг авсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мандахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...камерын бичлэг шүүж үзэхэд 25-д амьдардаг Банзаа манай караокены гал тогооны цонхоор орж байсан 0,5 литрийн Соёрхол 1 шил, Улаанбаатар 0,5 литр 1 шил, лаазтай пиво 9 ширхэг, Хэникен пиво 2 ширхэг, Досэ пиво 3 ширхэг, Мульт ундаа 3 ширхэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ6 020 дугаартай эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Д.Бид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Налгар хайрхан” ХХК-д 51.550 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Оюунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 41-р тал/ тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дашбалжирын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН