Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оч, Улсын яллагч Н.Булганчимэг, Шүүгдэгч Д.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Дид холбогдох эрүүгийн 181100964057 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Тайжууд овогт Д.Д, 1973 оны 11 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар гудамжны 215 тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймгийн шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ПЭ73112317.

Шүүгдэгч Д.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 7-215 тоотод оршин суух Ц.Иы итгэмжлэн хариуцуулсан Монгол гэрийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр завшиж Ц.Ид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Д.Д нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 7-215 тоотод оршин суух Ц.Иы итгэмжлэн хариуцуулсан Монгол гэрийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр завшиж Ц.Ид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Иы /хх-28-31/: “..2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би Орхон аймаг руу явчихсан. Тэрний дараа 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7-215Б тоотод байх манай хашааг үеэл дүү Мөнгөнцоож, очиж үзсэн чинь манай хашаанд байсан гэр хулгайд алдагдсан байсан. Мөнгөнцоож намайг гэрээ ачаад аваад явчихсан байна гэж бодсон. Тэгээд надтай утсаар холбогдоод би Улаанбаатар хотод ирсэн. Надад одоо гомдол, санал байхгүй..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-34- 35/:

“..Дийн гэр байгаа юм гэж надад хэлсэн. Би тэр гэрийг Дэнжийн мянгад байх Петровис шатахуун түгээх станцын замын эсрэг талын гудамжнаас ачсан. Би одоо очвол гэр ачсан газраа зааж өгч чадна. Хашаан дотор миний ачсан гэрээс гадна их муу байшин байсан. Хойд талынх нь байшин дотор Д ор засчихсан амьдарч байсан. Надад тухайн үед нэрээ хэлж байсан. Би уг гэрийг 350.000-450.000 төгрөгийн хооронд би худалдаж авсан. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би 10-11 цагийн хооронд ачиж авч явсан..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх52-53/ “..Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 7-215 тоотод дүү Отгонбаярын гэрт амьдардаг байсан бөгөөд 2017 оны 7 сарын үед намар манай эгчийн том хүү Ц.И гэр бүлийн хамт Отгонбаярын хашаанд ирж буусан бөгөөд тэр цагаас хойш Отгонбаярын хашаанд амьдарч байсан юм. Отгонбаяр И хоёр ихэнх үедээ хөдөө ажил хийгээд яваад өгдөг тэр хооронд нь би хашаа байшинг нь хардаг байсан юм. Тэгсэн нэг өдөр 2018 оны 01 сарын үед И гэр бүлийн хамт Эрдэнэт хот орж амьдрах болж гэр дотор байх эд зүйлээ зөөж хөндий гэрээ намайг эргэж тойроод байж байгаарай гэж үлдээгээд явсан юм. Тэгээд би тухайн үед Отгонбаярын хашаа байшин Иы гэрийг харж байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ховд явмаар санагдаад мөнгөний хэрэг гараад Иы гэрийг авна гэсэн хүний утсаар ярьж байгаад зарсан юм. Намайг И гэрээ харж байгаарай гэснээс зараарай гэж хэлээгүй. Энэ бол миний буруу..” мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч

Д.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, хохирогчийн гомдол, саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-79/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүгдэгч Д.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Доос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Дийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Д нь шүүх хуралдаан болохоос өмнө 22 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 104 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ц.Итай эвлэрсэн, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Д.Дийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дийг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 104 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч Д.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХАЛИУН