| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0878/И |
| Дугаар | 980 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 980
| 2017 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2017/00980 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 2-д байрлах “ИЭСПИ Сан” Төрийн бус байгууллага /РД:1010603/
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт цэлмэг 12 дугаар байр 01 тоотод байрлах “Бигбродер” ХХК /захирал Н.Отгонжаргал/
түрээсийн төлбөр 11 319 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагч “Бигбродер” ХХК-ийн төлөөлөгч Н.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “ИЭСПИ Сан” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... түрээслэгч “Бигбродер” ХХК, иргэн Н.Дэлгэржаргал нараас 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны ажлын байр түрээслэсэн 11 сарын хугацааны төлөөгүй үндсэн төлбөр болох 9 100 000 төгрөг, алданги 1 380 600 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсэн хөлс 838 400 төгрөг нийт 11 319 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн дүнг хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрэх боломжтой. Мөн хариуцагч Н.Дэлгэржаргалаас татгалзаж, хариуцагчаар Бигбродер ХХК-ийг үлдээж нэхэмжлэлийн шаардлага гаргуулахаар хүсэлт гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч “Бигбродер” ХХК-ийн төлөөлөгч Н.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож эвлэрэх хүсэлтэй.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “ИЭСПИ Сан” ТББ нь хариуцагч “Бигбродер” ХХК-иас түрээсийн төлбөр 11,319,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “ИЭСПИ Сан” ТББ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг Ч.Нямд итгэмжлэлээр олгосон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням нь нэхэмжлэлийн шаардлага 11 319 000 төгрөгийн 3 595 700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7 723 300 төгрөгийг хариуцагч “Бигбродер” ХХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Зохигчдийн байгуулсан эвлэрлийн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “ИЭСПИ Сан” ТББ-ын нэхэмжлэлтэй, “Бигбродер” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 11 319 000 төгрөгийн 3 595 700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7 723 300 төгрөгийг хариуцагч “Бигбродер” ХХК төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдийн эвлэрсэн 7 723 300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 138 522 төгрөгийн тал хувь 69 261 төгрөгийг хариуцагч “Бигбродер” ХХК-иас, тал хувь 69 261 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “ИЭСПИ Сан” ТББ-д олгосугай.
3.Н.Дэлгэржаргалыг хариуцагчаас хассугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР