Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 103/2019/00238/И |
Дугаар | 001/ХТ2020/00474 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00474
П.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2019/00376 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1969 дугаар магадлалтай,
П.Н-гийн нэхэмжлэлтэй,
Б ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н-, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 1998 оны 12 дугаар сараас 2002 оны 6 дугаар сар хүртэл Б ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлсний нягтлан бодогч, авлагын нягтлан бодогч бөгөөд нүүрсний борлуулалтын менежер, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс Б ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерээр 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Намайг Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Миний бие ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд намайг өрөөндөө байхад хэн нэгэн этгээд зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөж хажууд зориуд архины шил оруулж нууцаар зураг авч түүнийгээ эвлүүлэг хийх замаар тус зургийг Монгол Ардын Нам, Хяналтын Ерөнхий Хороонд гаргасан ор үндэсгүй гүтгэн гүжирдэж бичсэн мэдээлэлдээ нотлох баримт болгон хавсаргаж өгсөн байна. Уг зургийг хэзээ, хэн авсан болохыг мэдэхгүй байна. Компанийн удирдлагын зүгээс уг үйл явдал хэдийд болсон, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж нягтлалгүй намын байгууллагад очсон ямар ч баталгаа, нотолгоогүй мэдээллээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд намайг Б ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу хөдөлмөрийн гэрээний тухайлсан заалтыг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан. Гэрч нарт Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг авдаг учир гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой. П.Н-г сайн мэднэ, ажилдаа маш сайн, нэг л асуудал байдаг ёс зүйн хувьд ялангуяа ажлын цагаар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ гомдлыг Б ХК-аас гаргаагүй, намын хорооноос ийм асуудал болсон. Монгол Улсын Ерөнхий сайд болон намаас ч албан даалгавар гарсан. Ажлын байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх байтугай архины шил байхыг ч хориглосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2019/00376 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хар соён овогт Палдайн Нямхүүгийн гомдолтой, Б ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1969 дугаар магадлалаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2019/00376 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н-г Б ХК-ийн худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 593 328 төгрөгийг хариуцагч Б ХК-аас гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт хуульд заасны дагуу зохих шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б ХК-аас 235 917 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ... Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч П.Н- нь Б ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 дугаартай тушаал батлагдах болсон шалтгаан нөхцлийн талаар П.Н- нь “Б” ХК-ийн Худалдаа хангамжийн хэлтсийн Худалдаа хангамжийн ахлах менежерийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь Монгол ардын намын ёс зүйн хороонд мэдэгдэж улмаар 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зөрчил гаргагч П.Н- нь ёс зүйн хорооны хурлаар орсон. Тэрээр ёс зүйн хорооны гишүүдэд тайлбар өгөхдөө “...би мөн байна. өөрийнхөө бурууг хүлээж байна. 2019 оны 2-р сард болсон арга хэмжээний үеэр юм шиг байна. Тэр үеийн зураг юм шиг байна. Ажлын байран дээрээ архидан согтуурч архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд надад оноох шийтгэлийг хүлээж авна. Харин би буруугаа ойлгож байгаа учраас надад оногдуулах арга хэмжээг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна” гэж мэдүүлсэн. МАН-ийн дэргэдэх ёс зүйн хороо нь намын гишүүн П.Н-гийн тайлбар, түүний албан өрөөндөө архи согтууруулах ундааны зүйн хэрэглэж байсныг нотлох фото зураг зэргийг нь үндэслэн Монгол ардын намын зарим гишүүний ёс зүйн зүйн зөрчлийн тухай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр П.Н-г албан тасалгаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг албан ёсоор тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр МАН-ийн ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт, Л.Дондог, хянан шалгагч Б.Даариймаа нарыг асуусан. Тэдгээр гэрчүүд нэхэмжлэгч П.Н-г ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримтыг дахин нотолсон. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан үзэл баримтлалын хүрээнд бодитой үнэлж шийдвэрээ гаргасан. Мөн хуулийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. П.Н- нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох талаар ямар нэг тодорхой ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ нотолж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой үнэлэлгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
П.Н-, Б ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангажээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Ажил олгогч Б ХК-ийн гүйцэтгэх захирал 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б/71 тоот тушаал гаргаж, ажилтан П.Н-г ажлаас халахдаа “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан”, уг зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж үзжээ. Тушаалд, П.Н- дурдсан зөрчлийг гаргасан хугацааг тодорхой заагаагүй боловч хариуцагч тайлбартаа зөрчил 2019 оны 02 дугаар сард гарсан тухай тайлбарласан байна.
Анхан шатны шүүх, П.Н- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх уг зөрчлийг гаргасан нь бүрэн тогтоогдоогүй, тухайлбал, хариуцагч Б/71 тоот тушаалын үндэслэлээ нотлоогүй гэж, дээрх байдлаар хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үүрэгтэй. Хариуцагчаас гаргасан хэрэгт авагдсан баримтууд нь түүний тайлбарт дурдаж буй “П.Н- 2019 оны 02 дугаар сард ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн” үйл баримтыг бүрэн нотлоогүй, өөрөөр хэлбэл, эдгээр баримт нь эрх бүхий этгээд болох ажил олгогчийн илрүүлж, тогтоосон буюу хууль зүйн үүднээс үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохиролцож тусгасан ноцтой зөрчлийг П.Н- гаргасан нь бүрэн тогтоогдсон тохиолдолд ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд уг зөрчил нотлогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж гаргасан ажил олгогчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй. Нөгөө талаар зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхой тогтоогдоогүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” тухай хуулийн зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн эсэхийг тогтоох нөхцөл бүрдэхгүй байна.
Ажилтан, ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй бол ажил олгогч өөрийн шийдвэрийн үндэслэлийг хууль ёсны болохыг нотлох үүргийг хүлээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцэх учир “нэхэмжлэгч архи уугаагүйгээ нотлоогүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай байна.
Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж үзэв.
Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тодорхойлохдоо давж заалдах шатны шүүх П.Н-гийн сүүлийн 3 сарын цалингийн дундаж 2.328.187 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалин 108.287 төгрөгийг ажлын 114 хоногоор тооцон нийт 15.593.328 төгрөг гаргуулсан хууль болон баримталбал зохих журмыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1969 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Б ХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ