Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

А.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 912 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1809016850793 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн А-ийн М, 1988 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

А.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 22-ны хооронд, Оросын Холбооны Улсаас модны бизнес хийж Хятад улс руу гаргаж байгаа гэж А.Батбаярт итгүүлэн ярьж, улмаар урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, А.Батбаяраас 37.530.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт А-ийн Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Маас 22.530.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Батбаярт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч А.Батбаярт 37.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авсандаа туйлын их харамсаж, хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Э.Алтанзул маань одоо 9 сартай жирэмсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, ар гэрийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Мын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Мын эхнэр нь жирэмсэн, эмнэлэгт хэвтэж байгаа. А.М нь гэм буруугийн талаар маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа хохирлыг бүрэн төлж, хохирогч А.Батбаяр нь “хохирлоо бүрэн авсан, ямар нэгэн гомдол, саналгүй” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. А.М “хохирлоо төлж барагдуулсан учраас тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

А.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 22-ны хооронд, Оросын Холбооны Улсаас модны бизнес хийж Хятад улс руу гаргаж байгаа гэж А.Батбаярт итгүүлэн,  урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, түүнээс 37.530.000 төгрөг залилан авсан болох нь:

           

Хохирогч А.Батбаярын “...2017 оны 10 дугаар сараас эхэлж М надад Оросын Холбооны Улсаас мод ачиж БНХАУ-д зарах бизнесийг маань санхүүжүүлж өгөөч гэж хүсэлт тавьж, би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр 12.000.000 төгрөгийг хоёр хоногийн хугацаатай зээлүүлсэн. ...2018 оны 2 дугаар сарын сүүлээр одоо модоо ачаад ашгаараа таны 12.000.000 төгрөгийг төлчихнө гэж хэлээд нэг вагон модны мөнгө гэж 25.530.000 төгрөг авсан. ...Мөнгийг маань өгөхгүй байсан учраас би 2018 оны 3 дугаар сарын 6-нд Мтай Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хот руу хамт явсан. Тэнд очсон хойноо М мөнгийг чинь үрчихсэн гэж хэлсэн. Тэрээр мод авах ажил ерөөсөө явуулаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

шүүгдэгч А.Мын “...2018 оны 2 дугаар сард Батбаяр гэх хүнээс хадам аавдаа мөнгө өгөх ёстой гэж хэлээд 10.000.000 төгрөг зээлсэн. 2018 оны 3 дугаар сард мөн хойшоо мод худалдаж авах мөнгө гэж хэлээд 25.530.000 төгрөгийг өөрийнхөө Худалдаа Хөгжлийн банкны 404206429 дугаарын дансаар шилжүүлж авсан. Тус мөнгийг модны ажилд зарцуулаагүй бөгөөд ОХУ-д мод авах нэрийдлээр хүнээс зээлж авсан мөнгөө төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 31-32/, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, баримтууд /хх 12-25/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.М нь Оросын Холбооны Улсаас модны бизнес хийж Хятад Улс руу гаргаж байгаа гэж А.Батбаярт итгүүлэн, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчоос 37.530.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, бусдад төлөх өр төлбөрөө төлж барагдуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Мыг  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.М нь анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 22.530.000 төгрөгийн хохирлыг  төлж, хохирогч нь хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй гэх хүсэлтээ ирүүлжээ. 

 

А.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Мын “…оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 912 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч А.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.Майрбаяр нь 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг, хохирогч А.Батбаярт 22.530.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН