Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2015/0275

 

О.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгчД.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч О.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Түвшинтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Булган нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлд хуучнаар Барилга трестийн засварын хашаанд байрлах 6 агуулахны урдаасаа 3 дахь агуулах буюу 130 м2 талбайтай агуулахыг анх 2002 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Дөл ХХК-иас худалдан авсан билээ.

Үүнээс хойш өнөөг хүртэл 11 жил уг агуулахдаа барилгын материалын худалдааг тогтмол эрхлэж байна. Улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зохих журмын дагуу авахаар Сүхбаатар дүүргийн газрын албанд хандахад манай ззэмшдэг агуулах болон бусад иргэдийн ззэмшиж буй агуулахын газрыг бүгдийг нь хамруулан Метал сервис" ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 186444312153981 тоот нэгж талбар бүхий газрыг бүхэлд нь тус компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна хэмээн заасан билээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр дээрх газрыг дан ганц Метал сервис ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна. Эл асуудлаар Газрын албанд удаа дараа хандсан боловч шүүхийн журмаар л захирамжид өөрчлөлт оруулна гээд зохих өөрчлөлтийг хийж өгөлгүй эс үйлдэхүй гаргасаар өнөөдрийг хүрсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Метал сервис ХХК-д хамаарах хэсэгт өөрчлөлт оруулан газрын нэгж талбар тус бүрээр кадастрын зураг хийлгэн иргэн миний эзэмшиж буй 3 дахь агуулах буюу 130 мкв агуулахын газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартааГазрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч О.Бямбасүрэн нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 100 айлд хуучнаар Барилга трестийн Засварын хашаанд байрлах 3 дахь агуулах буюу 130 мкв газарт эзэмших эрх үүсээгүй гэрээ болон гэрчилгээ байхгүй, зургаа мэдээллийн санд оруулаагүй байдаг.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 74 дүгээр захирамж нь ямар нэгэн байдлаар бусдын эзэмшлийн талбайг давхардуулан олгосон хэрэг бус бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Метал сервис ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь 2006 оны 6 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 100 айлд байрлах аж ахуйн хашааг Шинэчлэл инвест ХК-аас хуулийн дагуу шилжүүлэн эзэмшиж байгаа болно. Дөл ХХК болон иргэн О.Бямбасүрэн нартай ямар нэгэн хөрөнгийн маргаангүй болно. Иймд иргэн О.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн О.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Металл сервис ХХК-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан О.Бямбасүрэнгийн эзэмшиж буй агуулахын газрыг Газрын туай хуульд нийцүүлэн нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Метал сервис ХХК давж заалдах гомдолдооШүүх нэхэмжлэгч О.Бямбасүрэнг Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айл дахь хуучнаар Барилга трестийн засварын хашаанд байрлах 6 агуулахын урдаасаа 3 дахь буюу 130 мкв талбайтай хэсгийг 2002 онд "Дөл-импекс" ХХК-аас шилжүүлэн авсан болох нь тус компанийн захирал Ч.Дамдиндоржийн үйлдсэн гэх 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг болон түүний /захирал Ч.Дамдиндоржийн/ шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна хэмээн илтэд хууль ёсны бус, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Учир нь Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх нь, өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжсэн эсэх нь аль нэг компанийн захирлын албан бичиг /тоот/ болон хэн нэг этгээдийн гэрчийн мэдүүлгээр тодорхойлогддоггүй бөгөөд 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Иргэний хуульд энэ талаар тодорхой заасан байдаг.

Мөн шүүх "Шинэчлэл Инвест" ХК-аас дээрх агуулахыг "Дөл-импекс" ХХК-нд шилжүүлэн өгсөн гэснийг дээрхийн адил тодорхойлолт болон уг тодорхойлолтыг гаргаж өгсөн гэх этгээдийн гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын шүүхэд өгсөн тайлбар болон нотлох баримтад шүүх ямар нэгэн няцаалт, дүгнэлт хийлгүйгээр дан ганц нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тодорхойлолт, албан бичиг, түүнийг үйлдсэн гэх этгээдүүдийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн буюу нэг талыг барин шүүхийн шийдвэрийг гаргасанд ихэд гомдолтой байна.

Тус шүүхийн энэхүү хууль ёсны бус, үндэслэлгүй шийдвэрээс болж манай компанийн өмчлөх эрх, ашиг сонирхол хөндөгдөн, цаашдын бизнесийн үйл ажиллагаанд таагүй байдал бий болон хохирч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар Металл сервис ХХК тус дүүргийн 11 дүгээр хороонд 0,24 га газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшихээр Шинэчлэл инвест ХК-аас нэр шилжүүлэн авч, 2400 мкв газар эзэмших гэрээг 2006 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдөр буюу 2 удаа, мөн 07 дугаар сарын 05-ны өдөр 2579 мкв газар эзэмших гэрээг тус тус байгуулж, 18644312153981 дугаар бүхий газрын байршлын кадастрын зураг үйлдэгдсэн боловч 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөр огноолсон нэгж талбарын адил дугаар бүхий газрын байршлын кадастрын зурагт тус компанийн эзэмшил газрын хэмжээг 1781 мкв-аар тогтоосон байна. Гуравдагч этгээдэд газар эзэмших эрхээ шилжүүлсэн Шинэчлэл инвест ХК анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-227 дугаар захирамжаар 0,33 га газрыг контор үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх үүссэн байна.

О.Бямбасүрэн нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл дахь хуучнаар Барилга трестийн засварын хашаанд байрлах 6 агуулахын урдаасаа 3 дахь буюу 130 мкв талбайтай хэсгийг 2002 онд Дөл-импекс ХХК-аас шилжүүлэн авсан болох нь тус компанийн 2002 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Обьект худалдсан тухай тодорхойлолт гэсэн 11 тоот албан бичиг, Ч.Дамдиндоржийн гэрчийн мэдүүлгээр, харин Шинэчлэл инвест ХК нь дээрх агуулахыг Дөл импекс ХХК-д өмчлүүлэхээр шилжүүлсэн болох нь тус компанийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, П.Алтанхуягийн гэрчийн мэдүүлгээр тус тустогтоогджээ.

Үүнээс хойш нэхэмжлэгч нь өөрийн агуулахаа эзэмшиж, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашигласаар ирсэн бөгөөд тухай газраа эзэмших хүсэлтийг дүүргийн газрын албанд гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1467 дугаар албан бичигт Металл сервис ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж байгаа тухай удаа дараа мэдэгдсэн талаарнэхэмжлэгчид хариу өгчээ.

Нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан 130 мкв газар бүхий агуулахаа 2002 оноос хойш эзэмшиж, ашигласаар байхад хариуцагч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт болгож буй газар нь бусдын газартай давхцсан эсэхийг нягтлан шалгалгүйгээр, бусдын ашиглаж байсан газартай давхацуулан газар олгосон нь хууль бус болжээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлангуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН