Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1396

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01279 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Т.Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Шуураа, н.Намжил нарт холбогдох

Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249.89 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Сэлэнгэ нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамаатан н.Мөнхзаяагаас Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлалтай 77 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай орон сууц, 249.89 м.кв талбай бүхий газрыг худалдаж авсан. Тухайн үед шүүхийн маргаантай байсан учраас уг байшинд орж өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байсан. Уг байшинг 2011 онд анх А.Зоригтбаатар гэх хүн өмчилж, А.Зоригтбаатараас С.Бүжинлхамд, С.Бүжинлхамаас С.Азжаргалд, С.Азжаргалаас П.Мөнхзаяад, П.Мөнхзаяагаас Т.Сэлэнгэд шилжиж, өмчлөх эрх нь он дараалан солигдож явсан байдаг. Уг байшинг худалдаж авсан байж өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй байсан шалтгаан нь С.Бүжинлхам нь Баянгол болон Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх өмчлөгч нарт холбогдуулж тухайн үед өмчлөх эрхийг шилжүүлж байсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан нь Улсын Дээд шүүхээр шийдвэрлэгдэж нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон. Иймээс Т.Сэлэнгийн хувьд ямар нэгэн байдлаар уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан байхгүй болсон. Т.Сэлэнгэ тухайн газрын хороон дээр очиход С.Шуураа, н.Намжил гэх хүн бүртгэлтэй байна гэсэн бөгөөд суллаж өгөхийг шаардахад зөвшөөрөхгүй байна. С.Бүжинлхам нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан байсан бөгөөд Т.Сэлэнгийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар С.Шуураагийн хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан”  гэжээ.

Хариуцагч С.Шуураа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлд дурдсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нүүлгэн гаргавал зохих этгээд нь Сүхбаатарын Бүжинлхам юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг баримтлан Т.Сэлэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205011912 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2205000574 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 249.89 м.кв талбайтай газар зэргийг С.Шуураагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч н.Намжилд холбогдох уг хашаа байшин, газрыг чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Шуураагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч болон түүний төлөөлөгчид шүүх товыг мэдэгдээгүй хэргийн материалтай танилцуулагүй байна. Энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан заалттай нийцээгүй байна.

Хариуцагч С.Шуураа уг хэрэгт С.Бүжинлхамыг хамтран хариуцагчаар оролцуулж өгөх тухай хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй байна. С.Шуураа удаа дараагийнхаа тайлбарт С.Бүжинлхамыг жинхэнэ хариуцагч хэмээн тодорхойлон хариуцагчаар татах ажиллагаа явуулж байсан шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар хавсаргасан байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан заалттай нийцэхгүй байна.

Газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад” урьдчилан шийдвэрлэх журам Т.Сэлэнгэд хамаарахгүй хэмээн үл ойлгогдох тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч, түүний төлөөлөгчид хурлын товыг мэдэгдээгүй болохыг нотолсон баримт хэргийн материалд хангалттай байсан байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн уг заалтыг буруу хэрэглэсэн хэмээн үзэх үндэслэлтэй. Иймд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 163.1.3 дахь хэсэгт заасан зөрчлүүд бий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Сэлэнгэ нь хариуцагч С.Шуураа, н.Намжил нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249.89 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Шуураа эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч С.Шуураад нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх 31-34/

 

Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 102/ШЗ2017/04530 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт явуулахаар товлож, уг шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагт явуулахаар товлосон байна. /хх 40, 55/

 

Гэтэл уг шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэлгүйгээр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т шүүгч хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэн шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг явуулахаар заасныг ноцтой зөрчсөн байна. /хх 65, 68/

 

Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талд хэрэгт авагдсан нотлох баримтыг танилцуулах ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь давж заалдах гомдолдоо “хариуцагч С.Шуураа уг хэрэгт С.Бүжинлхамыг хамтран хариуцагчаар оролцуулж өгөх тухай хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага нь “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад” хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх”-ээр шийдвэрлүүлэхээр заасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг ханган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО    

           

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ        

                                                                                                         

                                                                                                            Д.ЦОГТСАЙХАН