Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 994

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00994

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, Б.Хонгорзулыг өвчний учир албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж их эмч, дэслэгч П.Энхбулган, эмчлүүлэгч этгээд Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбулган шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “-Өвчтөн Б.Хонгорзул нь 2017 оны 06 сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Б.Хонгорзул нь зүрх судасны дутмагшил өвчтэй тул манай эмчилгээ хийгдэх боломжгүй мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байх тул албадан эмчилгээг зогсоох хүсэлтэй байна” гэв.

Эмчлүүлэгч этгээд Б.Хонгорзул нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2017 оны 06 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр архины албадан эмчилгээнд эмчлүүлэхээр ирсэн. Энэ эмчилгээнд ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан. Эмчлүүлж байх хугацаанд миний зүрхний хэм алдагдаж, эмчлүүлэх шаардлагатай болсон учир миний энэ байдлыг харгалзан хугацаанаас өмнө суллаж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчлүүлэгч этгээд Б.Хонгорзулыг өвчний учир албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Эмчлүүлэгч этгээд Б.Хонгорзул нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 1915 дугаар шийдвэрээр тус газарт захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр ирсэн ба 74 хоногийн хугацаанд эмчилгээ хийх явцад Б.Хонгорзул нь цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2017 оны 08 сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтад заасан зүрх судасны дутмагшил өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Баатарын Хонгорзулын архины албадан эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар эмчлүүлэгч этгээдийн эмчилгээ дууссан талаарх мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлэхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ЭНХТӨР