Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0349/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Дд холбогдох эрүүгийн 2018000000411 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Д /РД: /, Говь-Алтай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны ** тоотод бие засахаар ороод гарахдаа саарал өнгийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, саарал өнгийн цулгуй бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, саарал өнгийн талст хэлбэртэй GUCCI брэндийн үнэртэй ус зэрэг нийт 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Дгийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр айлаас юм авсан нь үнэн. Би буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна. Бие засах гэж тэр айл руу орсон. Тухай айлд 2 жаахан хүүхэд байсан. 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг үнэртэй ус, 1 ширхэг хүзүүний зүүлт авсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч М.Оийн өгсөн: ...манай охин 12 цаг 20 минутад над руу залгаад “ээжээ манай гэрт хулгай орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд сандраад гэртээ ирээд охиноосоо юу болсон талаар асуухад “сая манай гэрт нэг хөгшин эмэгтэй хүн бие засъя гэж хэлэн гуйхаар нь би гэртээ оруулсан. Тэр эгч манайд орж ирээд надад мөнгө өгөөд “дэлгүүрээс кофе аваад ир” гэж хэлэхээр нь би тэр эгчтэй дүүгээ үлдээгээд дэлгүүр ороод кофе аваад ороод иртэл тэр эгч манайд байхгүй байсан. Тэгээд шүүгээ дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд том өрөөнд байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, угаалгын өрөөнд байсан манай охины мөнгөн ээмэг, зүүлт, үнэртэй ус зэрэг эд зүйл байхгүй байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Насанд хүрээгүй гэрч М.Нийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагийн орчимд манай найз Эрдэнэцогт хаалга тогшоод “гарах юм уу?” гэхээр нь би “гэрээ цэвэрлээд, хоолоо хийчхээд гарна” гэж хэлээд хаалгаа хаах гэхэд цаанаас нь нэг эгч гарч ирээд “бие засчих уу?” гэж хэлэхэд нь би “тэг” гээд гэртээ оруулсан. Тэр эгч бие засчхаад “танайд нэг аяга кофе уучих уу? дэлгүүр гараад кофе аваад ирээч” гээд 5000 төгрөг өгсөн. Би “Энхжин” дэлгүүр ороод нэг ширхэг кофе аваад гэр лүүгээ орохоор орцны үүдэнд явж байтал манайд орж ирсэн эгчтэй таарсан. Тэр эгч “болчихлоо, баярлалаа” гээд яарсан байдалтай мөнөө авалгүй кофегоо аваад яваад өгсөн. Тэгээд би том өрөөнд ороод хартал тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга дутуу байсан. Ариун цэврийн өрөө рүү ороход миний мөнгөн ээмэг, гинж, бөгж, зүрхэн хэлбэртэй зүүлт, хажууд нь байсан ээжийн саарал өнгийн савтай үнэртэй усыг тэр эгч аваад явсан байсан. Тэр эгч зууван нүүртэй, 40 орчим насны, хөмсөг дээрээ жижиг мэнгэтэй, гадуураа хар өнгийн десант цамцтай, доогуураа пүүзтэй, гартаа хар өнгийн цүнхтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сум, 10 дугаар баг, Хээтэй хороолол 5/4 гэсэн бичиглэлтэй Г хэлбэртэй шар өнгийн 5 давхар байшин байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “саарал өнгийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, саарал өнгийн цулгуй бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, шигтгээ нь унасан мөнгөн бөгж, гинжний хослол 1 хос, саарал өнгийн талст хэлбэртэй Gucci брэндийн таггүй, дундуур үнэртэй ус зэрэг нь нийт 450.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Б.Дгаас Gucci bamboo гэсэн бичигтэй шилэн савтай үнэртэй ус 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж зэргийг хураан авч, хохирогч М.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны ** тоотод бие засахаар ороод гарахдаа саарал өнгийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, саарал өнгийн цулгуй бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, саарал өнгийн талст хэлбэртэй GUCCI брэндийн үнэртэй ус зэргийг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.От 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Дгаас Gucci bamboo гэсэн бичигтэй шилэн савтай үнэртэй ус 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж зэргийг хураан авч, хохирогч М.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 1, хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг зэрэг хувийн байдал нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1589 дугаартай албан бичиг /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 49/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцаан олгосон буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР