| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01026/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 378
| 2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2017/00378 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, Улаанхудаг /5-р баг, Эрдэнэсант/ өөрийн байранд байрлах, “Буянт төв” ХХК /РД:2052725/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал, Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Буянт төв” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК-г 2007 оны 12 дугаар сард худалдан авч байсан. Анх авч байхад хуучин удирдлагууд нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөргүй гэж хүлээн авсан. Гэтэл 2016 оны 4-р сард Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өр төлбөртэй байна. Өр төлбөрөө барагдуулана уу гэж хэрэг үүсгэсэн. Энэ талаар бид нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4 дугаар сарын 29-нд 17/15 гэсэн тоотоор Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан. Энэ талаарх үйл ажиллагаа тодорхойгүй байна гэсэн албан бичиг өгсөн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 16-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагааны төвд 2007 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн өр төлбөртэй эсэх лавлагааг гаргаж өгөөч гэсэн боловч хариу өгөөгүй. Мөн 2017 оны 01 дүгээр сард 17/09 тоот албан тоотоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт яг ижил утгатай хүсэлт өгсөн. Ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байгаа. “Гантээрэм” компанитай холбоотой шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа 2001 онд явагдсан. Хоёр компанийн захирлууд авлага өглөгийн асуудлаа шийдвэрлээд хэрэг хаагдаж улмаар төлбөр авагчийн өөрсдийнх нь хүсэлтээр буцаасан юм байна лээ. Ийм учраас ийм шийдвэр гүйцэтгэх ажиллагаа урьд нь явагдсан байна. Манай хоёр компанийн өр авлагын асуудлыг 2001 онд эцэслэн шийдвэрлэсэн байна гэж ойлгож байгаа. Ийм учраас 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудас төлбөр авагчийн хүсэлтээр буцаан олгосон байтал дахин 2016 оны 4 сард барагдуулсан өр төлбөрийн талаар дахин гүйцэтгэх ажиллагааг явуулж, “Fotonlovol 1254” маркийн тракторыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 62 тоот шүүхийн шийдвэр, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШЗ2016/00498 тоот шүүгчийн захирамж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 77 тоот гүйцэтгэх хуудас ирсний дагуу манайх “Fotonlovol 1254” маркийн тракторыг битүүмжилсэн ажиллагаа явуулсан. Шүүхээс “Буянт төв” ХХК-аас 6.138.854 төгрөг гаргуулж, “Гантээрэм” ХК-д олго гэсэн шийдвэр ирсэн учраас бид нар гүйцэтгэхээс өөр арга байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан байгаа. Төлбөр авагчиийн өөрийнх нь саналаар буцаасан тохиолдолд дахин шийдвэр гүцэтгүүлэхээр ирүүлэхэд хүлээж авах ёстой. “Гантээрэм” ХК манайх төлбөрөө аваагүй. Шүүхээс шийдвэр гарсан. Үнэхээр та өр төлбөр дууссан гэж байгаа бол төлбөр төлсөн баримтаа гаргаад ирж байгаа бол “Гантээрэм” компанид танайх тэдэн сарын тэдэнд өдөр төлбөрөө авсан байна гээд үйл ажиллагаа явуулахгүй байх боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ямар тохиолдолд дуусгавар болгох талаар заасан байдаг. Төлбөр авагчид төлбөрийг бодитойгоор олгосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Буянт төв” ХХК нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-1/
Нэхэмжлэгч “Буянт төв” ХХК нь Жанцандоржийн Саруул /ЧИ71111514/-д 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “шүүх хуралд оролцох, хэргийн материалтай танилцах” итгэмжлэлийг олгожээ. /хх 46/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудас төлбөр авагчийн хүсэлтээр буцаан олгосон байтал дахин 2016 оны 4 сард барагдуулсан өр төлбөрийн талаар дахин гүйцэтгэх ажиллагааг явуулж, “Fotonlovol 1254” маркийн тракторыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардаж тайлбарлаж байх боловч дээрх итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эрхийг олгоогүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ган тээрэм” ХХК нь Төв аймгийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар магадлалын дагуу 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдөр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн тул гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож дахин гүйцэтгэх хуудас олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар шийдвэр “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 12 тоот магадлалд, 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрөр бичиж олгосон 12 дугаартай үрэгдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, дахин сэргээн олгосугай”-ээр хянан шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийн дагуу Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь Төв аймгийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот магадлал “а/ “Иргэний хуулийн 217 дугаар зүйлд заасныг баримтлан Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХК-аас 38.4 тн улаан буудай буюу 5.376.000 төгрөгийг алдангид 762854 төгрөг бүгд 6.138.854 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хар хорин сумын “Ган тээрэм” ХК-д олгосугай” заасан болон төлбөр авагч “Ган тээрэм” ХХК-ийн захирал О.Баярсайханы 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус албанд гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Г.Уранцэцэг нь “Fotonlovol 1254” маркийн тракторыг битүүмжилсэн болох нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруул нь “... тухайн үед төлбөрийг бүрэн төлсөн учраас төлбөр авагч хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр биелүүлэх газар гүйцэтгэх хуудсыг буцаасан. Буцаасан байхад дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байх бөгөөд түүний тайлбар нь хэрэгт авагдсан баримт болон шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нотлогдон тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл: Төлбөрийг бүрэн төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгөөр 1999 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаар шийдвэрийн дагуу Алтан тариа ХК-д 27.750.000 төгрөгийн төлбөрөө барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх тасгын 236 дугаар албан бичгээр Монгол Улсын Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 46-р зүйлийн 1-ийн 1-д зааснаар “...6.138.854 төгрөгийн” гүйцэтгэх хуудсыг буцаасан байх ба тухайн баримтад гүйцэтгэх хуудсыг дахин шийдвэр биелүүлэхээр ирүүлэхэд саад болохгүй” гэсэн нь дээрх төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлож, түүний татгалзлыг үгүйсгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлож байгаа “Буянт төв” ХК-ийн ТУЗ-ын дарга асан Д.Цэрэндаваагийн “Буянт төв” ХХК-ийн захиргаанд өгсөн тайлбараар төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. /хх-13/
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шийдвэр гүйцэтгэгч Г.Уранцэцэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, хуульд заасан ажиллагааг явуулж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй болно.
Иймд “Буянт төв” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2-д тус тус зааснаар “Буянт төв” ХХК-ийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ