| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/03485/и |
| Дугаар | 181/ШШ2017/03018 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2017/03018
2017 оны 11 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2017/03018 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө Б овогт Б Ч /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ШУТИС” УТҮГ /РД: /-т холбогдох,
24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 27,456,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн даргаар М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Миний бие 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсөж, УААЯ-нд 10 жил ажиллаад 1985 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс Дархан хотын Усны аж ахуйн техникумд 6 жил, Улаанбаатар хотын Барилгын коллежид 17 жил захирлаар, ШУТИС харьяа 8 МСҮТ, коллежийг хариуцсан албаны даргаар 3 жил, нийт улсад 38, үүнээс боловсролын салбарт 26 жил 6 cap удирдах ажил хийгээд 2013 оны 03 сарын 01-нд захиргааны саналаар 62 насандаа тэтгэвэрт гарсан.
2010 оны 07 дугаар сарын 01-нд Улсын их дээд сургууль коллежүүдийг нэгтгэх тухай засгийн газрын тогтоолын дагуу Барилгын коллежийг татан буулгаж ШУТИС нэгтгэн харьяа 8 МСҮТ, коллежийг хариуцан удирдах үүрэгтэй Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын алба шинээр байгуулж намайг даргаар нь томилсон.
2012 онд Хөдөлмөрийн Яам шинээр байгуулагдан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудал тус Яаманд шилжсэн тул манай албыг татан буулгаж, намайг ШУТИС захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу өөрийн орлогоос 1,000,000 төгрөг олгож, Улсын Их Хурлаас Боловсролын тухай хуульд 2012 оны 10 сард оруулсан өөрчлөлтийг үндэслэн “Улсын их дээд сургууль”-аас тэтгэвэрт гарсан гээд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын дагуу төрөөс олгох 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгоогүй.
Би тухайн үед энэ 24 сарын тэтгэмжийг авахгүй юм байна гэж ойлгон “2012 онд багтаж тэтгэвэртэй гарахгүй яав даа” гэж өөрийгөө буруутгаж байсан боловч хуулийн мэргэжлийн хүмүүсээс өгсөн зөвлөгөөгөөр дараах үндэслэлээр уг тэтгэмжийг авах ёстой гэж үзэн 2014 оны 9 дүгээр сарын 02-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1. Улсын Их хурлаас 2012 оны 10 дугаар сард Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахад миний бие 61 настай тэтгэвэрт гарах нас минь болсон байсан тул тэтгэврийн насны хүнд энэ заалт эргэж үйлчлэхгүй, төр засаг “нас чинь болсон байхад тэтгэвэртэй гарахгүй хохьчино” гэж иргэдээ хохироох хууль гаргаагүй болов уу гэж үзэж байна.
2. МСҮТ, коллежүүд Хөдөлмөрийн Яаманд шилжихэд би хариуцаж байсан сургуулиудтайгаа хамт шилжиж мэргэжлийн боловсролын аль нэг сургуульд ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгох санал тавьсан боловч тэтгэврийн насны гээд хүлээж авалгүй тэтгэвэрт гаргасан.
3. Тухайн үед миний удирдаж байсан МСҮТ, коллежүүдээс 2013 онд тэтгэвэрт гарсан хүмүүс хуулийн дагуу 24 сарын тэтгэмжээ авсан.
4. Миний 17 жил удирдсан Барилгын коллеж татан буугдсан, ШУТИС МСҮТ, коллеж хариуцсан алба байгуулж намайг дэвшүүлж байна гэж хөөргөн даргаар нь тавьсан, Хөдөлмөрийн Яам байгуулагдаж манай алба татан буугдсан зэрэг нь надаас үл хамаарах бөгөөд дээд байгууллагын шийдвэрээр хийгдэж байсан тул надад төрөөс хуулийн дагуу олгох тэтгэмжийг өгөх ёстой гэж үзэж байна.
Надтай хамт 2010 онд ШУТИС шилжсэн миний удирдаж байсан 8 сургуулиас 2013 онд тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэмжээ хуулийн дагуу авсан.
2014 онд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх олгохгүй гэж, Нийслэлийн шүүх олгохоор, Дээд шүүх дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд анхан шатны шүүхээр 2016 оны 10 дугаар сарын 10-нд хэлэлцэх байсан боловч хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан. Харин би энэ өдөр ирж чадаагүй тул шүүх хэргийг буцаасан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар зохих бүрдүүлбэрийг ханган, нэхэмжлэл, гомдол аль нь болохыг тодорхойлон хариуцагчтай бол зохих мэдээллийг хариуцагч тус бүрээр нэхэмжлэлд дурьдан зохих харъяалалын дагуу нэхэмжлэлийг шүүхэд гаргах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.
Иймд миний бие мэргэжлийн боловсролын салбарт 26 жил 6 cap удирдах ажилтнаар ажиллаад ШУТИС тэтгэвэрт гарсан тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын дагуу 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, 27,456,000 /24х1,144,000/ төгрөгийг ШУТИС улсын төсөвтөө тусган гаргаж өгөх ёстой гэж үзэн ШУТИС нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Учир нь, 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаанаар “Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх” тухай асуудлаар хэлэлцэн 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж, ШУТИС нэгтгэсэн байдаг. Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж, ШУТИС нэгтгэснээр иргэн Б.Ч нь 2010 оны 7 дугаар сараас 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ШУТИС Мэргэжлийн ба техникийн боловсролын төвийн сургалтын албаны даргаар 3 жил ажиллаж, 62 насандаа өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
Тэрээр 1951 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...” тэтгэвэр тогтоолгох, авах эрх нь үүссэн байсан хэдий ч Б.Ч нь 2011 оноос 2013 онд ажил олгогчид хандан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, тэр дундаа Боловсролын тухай хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах тухай хүсэлт гаргаж байгаагүй болно.
Мөн Ректорын 2013 оны 02 дугаар сарын 28-ны Б-69 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр иргэн Б.Чийн тэтгэврийг тогтоон тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо сургуулийн 2011 оноос 2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг “Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 6-20 жил ажилласан багш, ажилтан тэтгэвэрт гарахад 3 сарын, 21-24 жил ажилласан бол 6, 25 жил ба түүнээс дээш жил ажилласан бол ажилтанд 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж тус тус олгоно. Боловсролын тухай хуулийн 43.1.2-д заасан албан тушаалд 25 жил ба түүнээс дээш ажилласан бол тухайн хуулийн 43.1.4-д заасан тэтгэмж олгуулах асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, Энэхүү зүйлд заасан тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэсэн заалтыг үндэслэн удирдлагын зүгээс боловсролын салбарт олон жил ажилласан байдлыг нь харгалзан үзээд 2011 оноос 2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээний хамгийн дээд нөхцөлөөр 9 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон байдаг.
Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 43-т хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон бөгөөд мөрдөх хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоосон байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлт орсноор “Боловсролын тухай хуулийн 43.1.4-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хуваарилаагүй байна.
“ШУТИС мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын албаны дарга”-ын ажил албан тушаал нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4-т заасан тэтгэмж авахад хамаарах байгууллага, албан тушаал биш учраас ШУТИС 2011 оноос 2012 оны хичээлийн жилийн хамтын гэрээг удирдлага болгон иргэн Б.Ч 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон тул 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй... гэж заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 1 жил 7 сарын дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 02-нд анх шүүхэд гомдол гаргасан байдаг.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32016/05792 тоот захирамж гарснаас хойш дахин 1 жил 1 сарын дараа гомдол гаргаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах эрхгүй байхад шүүх дахин хэргийг хянан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч ШУТИС холбогдуулан 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 27,456,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ч нь 1975 оны 7 дугаар сараас 1985 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд Усны аж ахуйн яаманд мэргэжилтэн, албаны орлогч даргаар, 1985 оны 8 дугаар сараас 1993 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Дархан хотын Усны аж ахуйн техникумын захирал, 1993 оны 9 дүгээр сараас 2010 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Барилгын коллежийн захирлаар, 2010 оны 7 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд ШУТИС-ийн Мэргэжлийн ба техникийн боловсролын төвийн сургалтын албаны даргаар ажиллаж байгаад, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 62 насандаа тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ШУТИС ректорын 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б-69 тоот тушаалаар мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын албаны даргын ажлаасаа чөлөөлөгдөж, 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Тэрээр одоо 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, ...үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж заасныг үндэслэн 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хариуцагчаас шаардсан.
Хариуцагч нь 24 сарын тэтгэмж олгох үндэслэлгүй тул хамтын гэрээнд заасны дагуу 9 сарын тэтгэмж олгосон, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг зөрчсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь ажил олгогч ажилтан хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан байх тул шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд энэхүү гомдлоо гаргасан гэж үзвэл шаардлага хуулийн үндэслэлтэй эсэхийг хянах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д нийцнэ.
Нэхэмжлэгч Б.Ч ШУТИС ректорын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б-69 тоот тушаалаар 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа өнгөрсөн хойно буюу 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх тухайн нэхэмжлэд иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан байна.
Нэхэмжлэгч дахин энэхүү гомдлоо 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь мөн л Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Ийнхүү нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянах нөхцлийг үгүйсгэх үндэслэл болох үр дагавартай тул шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иймд маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр шүүх ШУТИС 24 сарын тэтгэмжид 27,456,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул ШУТИС 24 сарын тэтгэмжид 27,456,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Чийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА