| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0188/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/207 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0188/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Т.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уйл аймгийн ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй одоо Дархан-Уйл аймгийн Дархан сум ...тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариыцах чадвартай Ш- овогт Г-гийн Ц-, /Регистрийн дугаар: /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Г.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг орчим Дархан-Уул аймгийн******* нутаг дэвсгэрт байрлах “******* ”-ны байранд зохион байгуулагдаж байсан бүжгийн үеэр Т.Э- нь “Чи бүжиглэж чадахгүй байна. Ингэж бүжиглэдэггүй юм.” гэх мэтээр хэл амаар доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас авч явсан цаасны хутгаараа цээжин тус газарт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг орчим Дархан-Уул аймгийн ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******* ”-ны байранд Т.Э-ын цээжин тус газарт цаасны хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бүжиглэж дуусаад сандал дээр сууж байтал Ц- хажууд сууж байсан, тэгээд хэрүүл хийсэн юм шиг байгаа юм. Тухайн үед би согтолттой байсан учир юу хэлснээ санахгүй байна. Би нүүрээ угаагаад коридорт гартал Ц- тааралдаад миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би бүжгийн талбай руу ороод эмнэлэг дуудаач, намайг хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Би гомдолтой байна. Би Ц худалдааны төвд харуулаар ажилд ороод 24 цаг ээлжинд гараад 48 цаг амардаг. Нэг ээлжинд гарахад 25,000 төгрөг байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би бүжгийн заал руу орох гээд явтал миний хажуугаар Г.Ц- шүргээд их ууртай өнгөрөхөөр нь эргээд хартал Т.Э-ын цээж рүү гараа далайгаад цохих шиг болохоор нь би очоод Г.Ц-гийн гараас яаж байна гээд татахад гарт нь шар өнгийн иштэй цаасны хутга байсан. Т.Э- нь бүжгийн заал руу яваад орохоор нь би араас нь очиход биенээс нь цус дусалж байсан ба Т.Э- нь гадагш гараад ахмадын байрны урд талын цэцгийн мандлын хажууд дээшээ хараад хэвтчихсэн. Цээжнээс нь цус гарчихсан байсан, би түргэн болон цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 210-р хуудас/
Гэрч С. С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...17 цагийн үед хувцсаа солиод гараад ирсэн чинь Ахмадын хорооны байрны урд Т.Э- дээшээ хараад газарт хэвтчихсэн байсан ба хүмүүсээс асуухад Г.Ц- хутгалчихаад яваад өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн “... Т.Э-ын биед цээжний зүүн талын шарх, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 378 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-9-р хуудас/,
Шүүгдэгч Г.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч Э- согтуу гаднаас орж ирсэн. Зөндөө хүмүүстэй маргалдаад яваад байсан. Хамгийн сүүлд цонхон дээрээс хувцсаа авах гээд очоод гарах гэхэд хойноос түлхсэн. 5 хүний аминд хүрсэн гээд намайг элдвээр хэлсэн. Тэнд байсан цаасны хутгаар санаандгүй хатгасан” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Т.Э-д мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 300,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.
Хохирогч нь “...4 сар ажилгүй байсан хугацааны цалин, олох ёстой байсан орлого 1,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, орлогын албан татварын дэвтэр зэрэг нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул түүний “1,500,000” төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй талаар дурдав.
Ял, эрүүгийн хариуцлагийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн 63 настай, тогтмол орлоготой зэргийг харгалзан торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш- овогт Г-гийн Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ц-гаас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Т.Э-ын “1,500,000” төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш- овогт Г-гийн Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Ц-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД