Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1397

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болормаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01127 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Болормаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Болормаа миний бие “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Төв аймгийн Автотээврийн төвд үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан. Гэтэл сонгуулийн үр дүнгээр тус газрын удирдлагууд шинээр томилж, мөн жирийн ажилчдыг халж сэлгэж эхэлсэн бөгөөд намайг тус төвийн захирлын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн Б/788 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчийн ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие автотээврийн байгууллагад 10 гаруй жил ажилласан бөгөөд цалингийн өндөр зээлтэй тул гэр бүлээсээ ганцаараа ажил хийж, амьжиргаагаа залгуулахын хамт, зээлээ төлдөг байсан. Ийнхүү ажлаас халсаны улмаас амжиргаагаа залгуулах орлогогүй болсон бөгөөд Б/788 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Иймд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн Б/788 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Төв аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 3 сарын 31-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 15 байхаар тогтоож үйлчлэгч 1 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлго зохицуулалтын газрын 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан захирлын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Иймд Б.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Болормааг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ын Төв аймгийн авто тээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 042 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болормаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 47 637 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч Б.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Автотээврийн үндэсний төв”-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/788 дугаар тушаал нь албан хэрэг хөтлөлтийн заавар журам зөрчсөн учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмаар ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй гэж маргасан. Гэтэл шүүх тухайн маргаж буй үндэслэлээс өөр үндэслэл буюу ажилтныг ТӨБЗГ-аас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/788 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус үйлдвэрийн газрын бүтцийг батлахдаа орон тооны дээд хязгаарыг 751 орон тоотой байхаар баталсан бөгөөд захирал эрх хэмжээнийхээ хүрээнд Төв аймгийн Автотээврийн төвийн ажил албан тушаалын жагсаалтыг батлан мөрдүүлсэн. Энэ жагсаалтад зааснаар үйлчлэгчийн ажлын байрыг цомотгосон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу Б.Болормааг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газрын захирлыг ажил албан тушаалын жагсаалт үйлдэх эрхгүй гэж маргаагүй болно. Бид нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд нотлох баримтаа гаргаж өгсөн болно. Дээрх байдлаас үзвэл шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-ын Төв аймгийн автотээврийн төвд үйлчлэгчээр 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 11 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/788 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн түүнийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 4, 5-7/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/89 дугаар тушаалаар Төв аймгийн автотээврийн төвийн ажилтан, албан хаагчийн орон тоог 15 хүнтэйгээр баталсан байх бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалаар Төв аймгийн автотээврийн төвийн ажилчдын орон тоог 10 хүнтэйгээр баталж, бодитойгоор 5 орон тоог хассан үйл баримт тогтоогдож байна. /хх 17-19, 20-24, 32-33/

 

            Нэгэнт орон тоо цөөрсөн байгаа тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх журамтай.

 

Нэхэмжлэгч Б.Болормаад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/788 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх 4, 25/

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Болормаагийн хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН