Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Машлай,

шүүгдэгч Э.Б-,

хохирогч О.Сонинзаяа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1807002280168 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Э-ын Б-, 1978 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......./,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 547 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2771, 2783 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1998 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 6 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлийн 261.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11  сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хасч, суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4 жил 8 сар 8 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;

 

Э.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжны 2 тоотод иргэн Б.Норовсүрэнгийн гэрт архи ууж байхдаа өөрийн эхнэр О.Сонинзаяатай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Э-ын Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Б-ыг 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнөх ял шийтгэлээ эдлэж дуусаад “Хишиг Арвин” ХХК-д ажил хийж байсан. Тухайн өдөр хөдөө хамт ажилладаг байсан найз дуудаад эхнэр Сонинзаяаг дагуулан очсон юм. Тэнд хэсэг найзуудтайгаа архи ууж байгаад Сонинзаяад “гэртээ харья, одоо боллоо” гэж хэлэхэд Сонинзаяа дургүйцэж, бид хоёрын хооронд үл ойлголцол гарч, би Сонинзаяаг нэг удаа алгадаж, хоёр удаа өшиглөсөн. Энэ байдал үнэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй. Харин манай эхнэрийн дүү болох Содгариг нь удаа дараа зодсон, байнга дарамталдаг байсан гэх өргөдөл өгсөн байдаг. Ямар сэдэлт санаатайгаар өгснийг мэдэхгүй ч эхнэрт минь байнга “шоронгийн таваас сал” гэх утгатай юм ярьдаг байсан. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо ажилд ороод удаагүй, хувьдаа хууль зүйн туслалцаа авах орлогын боломж байгаагүй тул өмгөөлөгч нь улсаас томилогдсон. Тухайн томилолтын өмгөөлөгч билгэдлийн чанартай шүүх хуралдаанд оролцож, хуралд ач холбогдол тун бага өгсөн. Хуралд оролцсон шүүгч миний хувийн байдал болон урьд ял эдлэж байсныг харгалзаж ялласан болов уу. Мөн шүүх хуралдаанд хохирогч Сонинзаяа гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, бид 2010 оноос хамтран амьдарч 2014 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд эхнэр Сонинзаяа олон жилийн өмнө авто осолд орж, тохойны үеэр хадаастай, тэр болгон юм хийгээд байж чадахгүй, надаас өөр асрах хүнгүй талаар дурдсан. Миний гэм буруугаа ухамсарлан ойлгосон байдал, зөв амьдрах бодол, урам зоригийг харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч О.Сонинзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Нарантуул” зах дээр намайг нэг гараараа тэрэг түрж байхад Э.Б- намайг анх хараад надад тусалж танилцсан. Э.Б- надтай хамт амьдрахаасаа өмнө хэд хэдэн удаа ял эдэлж байсан. Надтай суусны дараа хоёр удаа ял шийтгүүлсэн. Тэр үед хүүхдүүд тусдаа гараагүй байсан учраас би хүүхдүүдийнхээ асаргаанд байсан. Хүүхдүүд маань тусдаа гарч Э.Б- бид хоёр хамт амьдрах болсон. Э.Б- сүүлд ял эдлэж гарч ирээд “одоо сайхан амьдаръя” гэж хэлээд ажил хөдөлмөр эрхэлж байсан. Би найз нөхөдтэйгөө нийлж архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нөхрийгөө хэрэгт холбогдуулж маш их гомдоосон. Тэр үед хажууд байсан хүмүүс “чамаас болсон” гэж хэлж байсан. Манай дүү нар Э.Б-ыг олон удаа ял эдэлж байсан учраас намайг сал гэж хэлдэг байсан. Э.Б- нь миний асран хамгаалагч, түүнийг хоригдсоноос хойш би түрээсийн байрнаасаа гарч айл айлаар хонож байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Э.Б-од хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн. Э.Б-, О.Сонинзаяа нар нь гэр бүл болоод 8-9 жил болсон, гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн. Хэдийгээр цагдаагийн байгууллагад өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан талаар шалгагдаж байгаагүй ч гэсэн хэрэг шалгагдах явцад хохирогчийг зоддог байсан талаар гэрч нар мэдүүлдэг. Хохирогчийг зодсон нөхцөл байдал, учирсан гэмтэл зэргээс харахад онц харгис хэрцгий байдалтай байгаа нь харагддаг. Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Э.Б- нь оргон зайлсан. Анхан шатны шүүх хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Э.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжны 2 тоотод буюу Б.Норсонсүрэнгийн гэрт эхнэр О.Сонинзаяа, Б.Норсонсүрэн, н.Гансүх нарын хамт архи ууж байхдаа, эхнэр О.Сонинзаяатай маргалдан түүний цээжин хэсэг рүү өшиглөж, эрүүл мэндэд нь баруун эгэмний дунд шугамаар 2, 3 дугаар хавирга, суганы урд шугамаар 7 дугаар хавирга, суганы дунд шугамаар 8, 10 дугаар хавирга, далны шугамаар 11 дүгээр хавирга зөрүүгүй, суганы арын шугамаар 8 дугаар хавирга зөрүүтэй, далны шугамаар 8, 10, 11 дүгээр хавирга зөрүүтэй, зүүн суганы дунд шугамаар 2 дугаар хавирга, суганы урд шугамаар 4, 5 дугаар хавирга зөрүүгүй хугарал, баруун, зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

 

Хохирогч О.Сонинзаяагийн “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Жооны гэх нэртэй залуу утсаар яриад Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн хороонд байдаг Норсонсүрэн гэх айлд хүрээд ир гэж дуудсан учир Э.Б- бид хоёр дэлгүүрээс 2 шил архи аваад гэрт нь очсон. ...Гэтэл намайг буйдан дээр сууж байхад Э.Б- явна гэхээр нь би явуулахгүй гэж хэлсэн чинь ямар нэгэн үгийн зөрөөгүй цээж рүү хэд хэдэн удаа өшиглөж зодоод шууд гараад явсан. ...би уур хүрээд үлдсэн архийг нь Норсонсүрэнтэй хувааж уугаад согтсон байсан, хэсэг хугацааны дараа ухаан ороод сэрэх үед бие өвдөөд явж чадахгүй байсан учир Норсонсүрэн намайг такси бариад гэрийн гадаа хүргэж өгсөн. ...манай хүүхэд Саруул намайг Налайх дүүргийн эмнэлэг дээр авчирч түргэний машинаар гэмтлийн эмнэлэг орж хагалгаанд орсон. ...” гэх мэдүүлэг /хх 10-12/,

гэрч Э.Саруулын “...Би 2018 оны  4 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед ээжийн гэрээс нүүрний тосоо авах гээд ороход ээж орон дээрээ хэвтэж байсан. Би гэрэл асаагаад ээж гээд дуудсан чинь нүүр, ам, гар нь хөх няц болсон, ухаангүй хэвтэж байсан. ...Манай ээжийн хамтран амьдрагч Б- гэх хүн л зодсон. Өөр зодсон хүн байхгүй. Энэ хүн олон удаа зодож байгаа. Ээжийг “чамайг цагдаад өгвөл ална” гэж айлган сүрдүүлдэг. Сүүлийн 3-4 жил ээжийн нүүр, ам дандаа хөхөрсөн байдалтай байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

гэрч Б.Норсонсүрэнгийн “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цагийг нь санахгүй байна, манай найз Гансүх /Жооны/ Өмнөговь аймгаас ажлаас буугаад ирсэн гэж манай гэрт 2 литрийн Боргио пиво, 0.75 литрийн Хараа архитай орж ирээд бид хоёр хувааж уугаад Б-ыг утсаар дуудсан юм. Удалгүй Б- эхнэр Сонинзаяа эгчийг дагуулаад хоёр шил архи аваад манай гэрт ирсэн. Бид дөрөв уг архи, пивийг хувааж ууж байх үед, Гансүх “Улаанбаатар хотод ажилтай” гэж хэлээд  гараад явсан. Энэ үед би архи хэтрүүлэн уусан байсан учир хэсэг хугацаанд тасраад зүүн талын орон дээр унтсан байсан. Гэтэл Сонинзаяа эгч намайг сэрээгээд цээжээ гараараа дараад эгчийнх нь бие өвдөөд байна, сая Б-той маргалдаад намайг зодчихоод гараад явлаа, намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би  такси зогсоож гэрт нь оруулж өгөөд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 6-8/,

гэрч О.Содгаригийн.. “...Э.Б- нь манай эгчтэй 2013 оноос эхлэн амьдарсан. Тэр цагаасаа хойш биед нь халдаж, зодож гэмтээж байсныг Сонинзаяа нууж, бид нарт хэлэхгүй, өгсөн өргөдөл гомдлыг буцааж авдаг байсан. ...Э.Б- манай эгчийг зодоод хөлийг нь хугалсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгагдаж байсныг яаж шийдвэрлэсэн талаар би санахгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 27-ны шөнө манай дүү Саруул над руу залгаад Э.Б- ээжийг хутгалсан гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирээд уулзах гэтэл байхгүй байсан. Би цагдаатай хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хайж байгаад олоогүй гэртээ ирсэн. Маргааш нь манай эгч Сонинзаяа над руу залгаад “чи наагуураа юу хийгээд олон юм яриад байгаа юм. Бид хоёр Тэрэлжид амарч байна” гэж хэлсэн. Сонинзаяа эгчээс би “та одоо яагаад байгаа юм бэ, наад хүнээсээ салаач” гэж хэлэхээр “энэ чинь намайг цагдаад болон ах, дүүдээ хэлбэл чамайг эсхүл бага хүүг чинь ална, охиныг чинь хүчиндэнэ” гээд байгаа юм чинь гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 33-34/ ,

Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Сонинзаяатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 47-50/,

 

 “...О.Сонинзаяагийн биед баруун эгэмний дунд шугамаар 2, 3 дугаар хавирга, суганы урд шугамаар 7 дугаар хавирга, суганы дунд шугамаар 8, 10 дугаар хавирга, далны шугамаар 11 дугаар хавирга зөрүүгүй, суганы арын шугамаар 8 дугаар хавирга зөрүүтэй, далны шугамаар 8, 10, 11 дүгээр хавирга зөрүүтэй хугарал, зүүн суганы дунд шугамаар 2 дугаар хавирга, суганы урд шугамаар 4, 5 дугаар хавирга зөрүүгүй хугарал, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 08 шэ/232 дугаартай дүгнэлт /хх 37-38/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.Б-, хохирогч Э.Сонинзаяа нар нь 2010 оноос хамтран амьдарч, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 59/

 

Э.Б-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр О.Сонинзаяагийн цээжин тус газар нь өшиглөн олон тооны хавиргыг нь хугалж хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй.

 

Гэрч Э.Саруулын “...Манай ээжийг хамтран амьдрагч Б- гэх хүн л зодсон. Өөр зодсон хүн байхгүй. Энэ хүн олон удаа зодож байгаа. Ээжийг “чамайг цагдаад өгвөл ална” гэж айлган сүрдүүлдэг. Сүүлийн 3-4 жил ээжийн нүүр, ам дандаа хөхөрсөн байдалтай байгаа. ...” гэх, О.Содгаригийн “...Б- нь манай эгчтэй 2013 оноос эхлэн амьдарсан. Тэр цагаасаа хойш биед нь халдаж, зодож гэмтээж байсныг Сонинзаяа нууж, бид нарт хэлэхгүй, өгсөн өргөдөл гомдлыг буцааж авдаг байсан. ...Сонинзаяа эгчээс би “та одоо яагаад байгаа юм бэ, наад хүнээсээ салаач” гэж хэлэхээр “Энэ чинь намайг цагдаад болон ах, дүүдээ хэлбэл чамайг эсхүл бага хүүг чинь ална, охиныг чинь хүчиндэнэ” гээд байгаа юм чинь гэж хэлж байсан. ...” гэх тус тус мэдүүлгээс үзэхэд Э.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогджээ.

Хохирогчийн олон тооны хавирга хугарсан боловч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д заасан цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн нөхцөл байдал байхгүй тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Э.Б-ын гаргасан “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэрч Б.Норсонсүрэнгийн нэрийг Б.Норовсүрэн гэж бичсэн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН