| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0311/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/334 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/334
2022 03 30 2022/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,
Улсын яллагч: Я.Мөнхзаяа,
Хохирогч: Б.Ж,
Шүүгдэгч: Э.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нар оролцсон эрүүгийн ......................... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила-Молл төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Ball room” /балл рүүм/ зоогийн газарт хохирогч Б.Жийг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохих, гартаа барьж байсан шилэн хундагаар нүүр хэсэгт нь цохиж, биед хоёр зовхи, нүдний гадна хэсэгт зүсэгдсэн шарх, дух, зүүн зовхи хацарт зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй......” гэв.
Хохирогч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энэ асуудал анх 2021 оны 06 дугаар сард Өмнөговь аймагт болсон. Би Билэгжаргалтай маргаснаас хойш 7 дугаар сард хотод ажиллахаар болсон. Би Сондортой зөвхөн найзуудын харилцаатай байсан ба Билэгжаргалтай маргаснаас хойш 12 дугаар сарын 30 хүртэл би Сондортой ямар ч холбоогүй байсан. Би хэрэг гарсан өдөр байгууллагын шинэ жил дээр очсон. Тухайн өдөр Сондортой ямар нэгэн байдлаар таараагүй. Гэтэл Билэгжаргал надад уурласныг нь би гайхаж байна. Тухайн өдөр үйл ажиллагаа эхэлж байхад анх Билэгжаргалтай үүдэнд таарсан. Гэтэл намайг ирээд мөрлөсөн, бас цохиод түлхсэн. Би тэр үед биеэ бариад өнгөрсөн бөгөөд дараа нь бүжгийн талбай дээр бас намайг мөрлөсөн. Дараа нь ажлынхантайгаа ширээн дээр сууж байхад Энхтөр гэж найзын хамт миний сууж байсан ширээн дээр ирээд “учраа олъё” гээд виноны хундагаар миний нүдэн тус газар цохисон. Би цус алдаад эмнэлэг явсан ба түүнээс болоод гурван хагалгаанд орсон. Нүд боолттой, улаан нүдтэй олон хоног явсан. Энэ хэргээс болоод би шинэ ажилдаа орж чадаагүй. Боолтоо авсны дараа зүүн дээд дух ямар ч мэдрэлгүй болсон байсан. Тэгээд насаараа арилахааргүй хохирлыг надад учруулсан. Миний хохирлыг бүрэн барагдуулаагүй тул би гомдолтой байгаа. Гэмтлийн эмч намайг зүү тавих эмчилгээнд ороорой гээд уламжлалын эмнэлэгт үзүүлэхэд миний гэмтэлд удаан эмчилгээ шаардана гээд нийт 3.540.000 төгрөг болж байсан. Сорвыг арилгуулах гээд гоо сайхны эмнэлэгт очиход шарх гүн наалдацтай, нүдээ чанга аних, амаа том ангайхад таталдаад байгаа тул шимэгдүүлэх тариа хийх, лазер хийж байж сорив эдгэж болно, нийт үнэ 8.650.000 төгрөг болно гэж хэлсэн. Гэмтлээс болоод би ажилдаа орж чадаагүй. Хагас сарын цалин 1.500.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Нийт 13.690.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн .......................... дугаартай хэргээс:
Хохирогч Б.Жийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 18-20, 93 дугаар хуудас/,
Гэрч Э.Номуунгоогийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,
Гэрч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 7 дугаар хуудас/,
Хохирогч Б.Жийн зодуулж бэртсэн үеийн фото зураг, мессежний хуулбар, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-н 48-61 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Жийн эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн талаарх баримтууд /хх-н 68-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бын хохирогч Б.Жөд эмчилгээний зардалд төлсөн баримтууд /хх-н 110-111 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1277 дугаартай дүгнэлт /хх-н 64-65 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №153 дугаартай дүгнэлт /хх-н 94-96 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 82 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 83-86 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 120 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 118 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 121-122 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-н 123 дугаар хуудас/, хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой шинээр гаргаж өгсөн 7 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрила-Молл” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Ball room” /балл рүүм/ зоогийн газарт хохирогч Б.Жийг эхнэртэйгээ хардаж, зүй зохисгүй харьцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохих, гартаа барьж байсан шилэн хундагаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь “хоёр зовхи, нүдний гадна хэсэгт зүсэгдсэн шарх, дух, зүүн зовхи хацарт зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.Жийн “...2021 оны 12 сарын 30-ны оройн 20 цагт байгууллагын хүлээн авалт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла малл төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ball room” гэх рестораны хэсэгт хүлээн авалт болсон. ...шинэ жил болж байгууллагын хүлээн авалт болж дөнгөж эхэлж байх үед Билэгжаргал нь хажуугаар өнгөрөх бүртээ буюу эхлээд зөрөхдөө мөрлөсөн. Тухайн үед нь “зүгээр байгаарай” гээд өнгөрсөн. Хоёр дахь удаагаа дахин нэг удаа мөрлөж “яагаад байгаа юм бэ” гэхэд Билэгжаргал нь шүүд нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд уур амьсгал эвдээд яах вэ гэж бодоод ажлын хүмүүс болиулсан. Тэгээд би буцаж ороод хүлээн авалтын зассан ширээнийхээ ард ажлын хүмүүстэй сууж байхад Энхтөр гэх найзтайгаа Билэгжаргал нь хайж ирээд Энхтөр нь “гараад ир” гэж цамц, гарнаас зулгаасан. Тухайн үед эсэргүүцээд гарахгүй гээд өөр тийшээ явах гэж зугтаах гэх үед Энхтөр явуулаагүй. Тэгээд үүнтэй зэрэгцээд Билэгжаргал нь миний араас гараараа 2-3 удаа толгой руу цохисон. Тэгээд зөрүүлээд би эсэргүүцэх үед Билэгжаргал нь гартаа барьсан виноны хундага буюу шилэн аягаар нүд рүү цохисон. Тэгээд хүмүүс ирж салгаад маш их цус алдаж эмнэлэг явсан. ...Зүүн нүдний чамархайны хэсэг рүү 3 см гүнтэй, дундаж өргөн 1,9 см урттай 3-4 шилний хэлтэрхий, 10 гаруй 0,4 см-ээр бага үүрмэг орсон байсныг 2- 3 удаагийн хагалгаагаар түүлгэсэн. Тэгээд зүүн талын нүдний дээд зовхи зүсэгдсэн байсныг оёдол тавиулсан. Мөн зүүн хацар, духны зүүн хэсгээр шилээр зүсэгдсэн байсан. ...Мөнгөнгүүр эмнэлэгт тухайн өдрөө очиж нүднээс шил авхуулах мэс ажилбар, болон оёдол тавиулсан. Дараа нь буюу 2022 оны 01 сарын 01-ний өдөр үлдэгдэл шилээ тус эмнэлэгт дахин хагалгаанд орж авхуулсан. Дараа нь Орбита гэх нүдний эмнэлэгт үлдсэн нарийн гүн шилний үлдэгдлүүдээ түүлгэх мэс засалд орж оёдол тавиулсан. Мөн миний зүүн чамархайн хэсгийн 2 мэдрэлийн судас тасарсан болохоор хөмсөг хөдлөхгүй байгаа ба энэ талаар Орбита эмнэлэгт үзүүлж мэдсэн. Одоогоор эмчилгээний зардалд нарийн тооцоо гаргаагүй болохоор мэдэхгүй байна.. Гомдолтой байна...Э.Б нь хагалгааны зардал эмчилгээний төлбөрт 4.000.000 төгрөгийг өгсөн байгаа...Мөн сорви хагалгаанд орох төлбөрийг Билэгжаргалаас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Номуунгоогийн “....коридорт Жавхлантөгстэй хамт явж байхад Билэгжаргал гэх ажлын залуу аймар холоос явж ирснээ мөрлөөд цохих гэж оролдсон. Тэр үед ажлынхан салгаад явуулсан. Тэгээд дараа нь буюу 22 цагийн орчим заалны бүжгийн талбай хэсэгт Билэгжаргал нь Жавхлантөгсийг мөрлөөд түлхээд нэг л сонин өдөөд яваад байсан. Тэгээд сүүлд Жавхлантөгс ширээн хэсэгт сууж байхад Билэгжаргал, Энхтөр гэх залуугийн хамт ширээ рүү нь ирэх үед Жавхлантөгс босоод явах гэсэн тэр хоёр явуулахгүй зуураад байгаа харагдаж байсан. Тэгсэн Билэгжаргал Жавхлантөгс босоод явах гэсэн, тэр хоёр явуулахгүй зуураад байгаа харагдаж байсан. Тэгсэн Билэгжаргал Жавхлантөгсийг гараараа цохисон ба тэр үед Жавхлантөгс тухайн үйлдлийг эсэргүүцэж буцааж нэг удаа цохих шиг болсон. Тэгээд харж байсан Энхтөр нь араас нь зулгааж болиулах гэж Жавхлантөгсийн араас нь татсан. Тэр үед юу гэхийн зуургүй хүүе гэхийн завдалгүй Билэгжаргал нь тэр орчмоос гартаа виноны хундага барьж байгаад Жавхлантөгсийн толгойн зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд нүдний хэсэг, чамархайн хэсгээс цус нь аймар гараад байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Ганцэцэгийн “...Жавхлантөгсийн хамт нэг ширээнд суусан. Тэгээд нэг ширээнд сууж байхад цаанаас зүс таних хамт ажилладаг Билэгжаргал нь Энхтөрийн хамт ирж байсан ба би тухайн ширээнээс босоод явж байсан. Тэгээд тэр хоёр миний хажуугаар өнгөрч Жавхлантөгсийн хажууд очиж Жавхлантөгсийг Билэгжаргал нь хажуу талаас нь татаад “гарья” гээд байсан. Тэр үед Жавхлантөгс “яах гээд байгаан” гээд гарыг нь түлхээд тэгээд түлхэлцэж байх үед Билэгжаргал нь Жавхлантөгсийг толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд яваад очиход цус гарсан гараараа дарсан гарны завсраар цус нь гарсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Энхтөрийн “....Манай компанийн Билэгжаргал, Жавхлантөгстэй маргалдсан гээд над руу ирээд гэж хэлж байсан. “Тэгэхээр нь би “одоо битгий муудалц, одоо эвлэр, битгий нэгэндээ өс сана” гэж хэлсэн. Тэгэхэд би Жавхлантөгс рүү хандаж “шинэ оны мэнд хүргэе, та нар битгий хоорондоо муудалц” гэж хэлсэн. Тэгэхэд Билэгжаргал эхлээд Жавхлантөгсийг цохих шиг болсон. Тэгэхэд Жавхлантөгс Билэгжаргалын уруул руу нэг удаа цохисон. Тэгэхэд нь би тэр хоёрын дундуур орж “боль” гэж хэлсэн. Тэгэхэд Билэгжаргал баруун гартаа шилэн хундага барьсан гараараа Жавхлантөгсийн зүүн нүдний хажуу тал руу нэг удаа цохисон. ...Цогтцэций сумын нутагт ажлаа хийж байхдаа Билэгжаргал надад хэлэхдээ “Манай эхнэр Жавхлантөгстэй харилцаатай байгаад байна. Хоорондоо чатаар харилцаж, хамт архи уусан байна” гэж хэлж байсан. Тэгээд Билэгжаргал бид хоёр Жавхлантөгс дээр очиж “Одоо харилцаатай байхаа боль, ар гэр амьдралтай хүн” гээд хэлж байсан. Тухайн үед Жавхлантөгс Билэгжаргалын эхнэртэй нь чаталсан чат байсан юм...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Бын “....Жавхлантөгс манай эхнэр Сондортой хамт ажилладаг бөгөөд урьд үүссэн эхнэртэйгээ хардсаны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдчихсан юм. “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой би эхлээд нэг удаа зүүн гараараа нүүр рүү нь цохьсон бөгөөд буцаагаад Жавхлантөгс нь нэг удаа миний нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би гартаа барьж явсан шилэн хундагаар нүүр рүү нь цохьсон юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...Би Жавхлантөгсөд хохирлын мөнгө болох 4.000.000 төгрөгийг түүний аав Булганхүүд дансаар шилжүүлэн өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлж өгөх болно...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1277 дугаартай: 1....Б.Жийн биед баруун, зүүн зовхи, нүдний гадна хэсэгт зүсэгдсэн шарх, дух, зүүн зовхи, хацарт зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. 2. Дээрхи гэмтлүүд ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №153 дугаартай: 1. Б.Жийн биед хоёр зовхи, нүдний гадна хэсэгт зүсэгдсэн шарх, дух, зүүн зовхи хацарт зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. 2. Эдгээр гэмтлүүд ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсчээ. 3.Хоёр зовхи, нүдний гадна хэсэгт зүсэгдсэн шарх, дух, зүүн зовхи, хацарт зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцралд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5. Хоёр зовхи, нүдний гадна хэсэгт зүсэгдсэн шарх, дух, зүүн зовхи, хацарт зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцралд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. 6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1277 нь үндэслэлтэй байна. 7.Нүүрний зүүн мэдрэлийн хацрын салааны гэмтэл нь байрлал, мэдрэлжүүлэлтээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Шангрилла төвийн хяналтын өрөөнөөс хуулбарлан авсан камерын хяналтын бичлэг бүхий цагаан өнгийн Ди Ви Ди /DVD/ дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...дүрс бичлэгийг нээж үзэхэд 0:01:11 цагийн бичлэг байх бөгөөд...тэр үед Д.Энхтөр нь Э.Б руу зааж ямар нэгэн үг хэлэх мэт болох үед Э.Б, Д.Энхтөрийн мөрөн дээгүүр давуулан барьсан гараараа нэг удаа Б.Жийн нүүр рүү нь цохих бөгөөд Б.Ж нь Э.Бын нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод цааш явах гэх үед нь Д.Энхтөр гараас нь татаж үед хажуу талд зогсож байсан Э.Б 22:40:51 цагт баруун гартаа барьсан зүйлээрээ Б.Жийн толгойн хэсэгт нэг удаа цохих үйлдэл хийх бөгөөд Д.Энхтөр нь баруун гараараа Э.Быг хашиж цааш холдуулах бөгөөд Б.Ж нь газар сууж байна....” гэсэн тэмдэглэл,
Хохирогч Б.Жийн зодуулж бэртсэн үеийн фото зураг, мессежний хуулбар, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эхнэртэйгээ хардсаны улмаас” хохирогч Б.Жтэй маргалдаж, улмаар түүний нүүр тус газарт нь гараараа болон шилэн хундагаар цохиж хүч хэрэглэсэн болохыг хохирогч Б.Ж, гэрч Э.Номуунгоо, Г.Ганцэцэг, Д.Энхтөр, шүүгдэгч Э.Б нараас тус тус мэдүүлж, хэргийн нөхцөл байдал нь хяналтын камерын бичлэгт тусгагдаж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал Э.Б нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Б.Жийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогчоос гаргасан эм, тариа, эмчилгээтэй холбоотой нэхэмжилсэн баримтын хүрээнд шүүгдэгч Э.Баас хохирогч Б.Жөд 4.000.000 төгрөг төлсөн болох нь /хх-н 110, 111/ тогтоогдсон байна.
Хохирогч Б.Жөөс цаашид хийлгэх эмчилгээ, 14 хоногийн хугацаанд ажилгүй байсны цалин зэрэг нийт 13.690.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Э.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид гэм хорын хохиролд 4 сая төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Жийн 13.690.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН