| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00409/и |
| Дугаар | 606 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 байр 19 тоотод оршин суух, Бүгд гэгээн овгийн Цагаанбаатарын Дашдаваа /РЮ79123135/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг Төв 4 дүгээр хэсэг 1 гудамж 6 тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Одсүрэн /НФ83100218/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6900 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 2015 оны 08 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дашдаваа, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагчийн төлөөлөгч Э.Батбаяр, гэрч Х.Чанцалмаа, Л.Сарантуяа, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дашдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Хариуцагч П.Одсүрэн нь надаас 2015 оны 08 сарын 31-нд 6000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, нэг жилийн 15 хувийн хүүтэй зээлж авсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй нэхэмжлэгч намайг хохироогоод байгаа болно. Иймд хариуцагч П.Одсүрэнгээс үндсэн зээл 6000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, нийт 6900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх1/
Нэхэмжлэгч Ц.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... П.Одсүрэн нь манай эхнэр Х.Чанцалмаатай ойрын хамаатан, бараг хуурай дүү нь юм. 2014 онд П.Одсүрэн нь алтны газар ажиллуулах боллоо, техник хэрэгсэл авах хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч гэж эхнэр Х.Чанцалмаагаар дамжуулж надад хэлсэн. Ингээд би эхнэр Х.Чанцалмаагийн хамт П.Одсүрэнгийн гэрт нь очоод бид хэд хоорондоо ярилцсан. Энэ үед Х.Чанцалмаа, П.Одсүрэн, түүний эхнэр Л.Сарантуяа нар байсан. Би мөнгөө өгөхдөө П.Одсүрэн нь хөнгөн зүйл хийдэг хүн, эхнэр Л.Сарантуяагаас нь зөвшөөрөл авч байгаад мөнгөө өгье гээд Л.Сарантуяагаас ...мөнгө авахыг зөвшөөрч байна уу гэж асуухад тэрээр зөвшөөрч байна гэсэн.
Тэгээд Х.Чанцалмаа, П.Одсүрэн бид гурав гэрээс гараад 3,4 дүгээр хорооллын Ачлал их дэлгүүрийн гадна талд байрладаг АТМ –ээс 5000 000 төгрөг аваад өөрийнхөө машин дотор П.Одсүрэнд хүлээлгэн өгсөн. Энэ үйл явдал 2014 оны 05 сарын 30-ны өдөр болсон. П.Одсүрэн 5000 000 төгрөг надаас өөрийн гар дээрээ аваад 2014 оны 07 сард 2500 000 төгрөгөөр, 08 сард 2500 000 төгрөгөөр төлнө гэж гарын үсэг зурсан. Ингээд би энхийг сахиулах ажиллагаанд мөн эхнэр Х.Чанцалмаа мөн энэ ажиллагаанд явсан бөгөөд 2015 он хүртэл буюу дахин гэрээ байгуулах хүртэл хугацаанд П.Одсүрэнгээс мөнгөө нэхэхээр өгөхгүй, утсаа салгах, худал ярих мэтээр маш хүндрэлтэй байсан тул Тахарын албанд хандаж, эрэн сурвалжлуулах дээрээ хүртэл тулсан юм.
2015 оны 08 сарын 31-нд П.Одсүрэнтэй өөрийн биеэр уулзалдаж зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний үндэслэл нь 2014 оны 05 сарын 30-ны өдөр авсан 5000 000 төгрөг дээр хүү 1000 000 төгрөгийг нэмж 6000 000 төгрөгийн гэрээ байгуулж, бид хоёр гарын үсэг зурсан. Нотариатчийн дэргэд энэ талаар ярилцаад харилцан тохиролцсон. Нотариатч нь бидний гэрээг батлахдаа 5 дах заалт “ зээлдэгч зээлийн төлбөрийг үл маргах журмаар бүрэн төлнө” гэж нэмж оруулахыг санал болгосоны дагуу бид зөвшөөрч гарын үсэг зурсан.
П.Одсүрэнд 2014 оны 05 сарын 30-нд 5000 000 төгрөг бэлнээр өгсөн, өөрөө гарын үсэг зурж авсан, үүний дагуу зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүү 900 000 төгрөгийг багасгаад 6000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хариуцагч П.Одсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа...Ц.Дашдаваагийн нэхэмжилж буй 6900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх15/
Хариуцагч П.Одсүрэнгийн хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Нэхэмжлэлд холбогдуулан хэрэгт бичгээр товч тайлбар байдаг. Шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлая. П.Одсүрэн нь Ц.Дашдаваагаас 5000 000 төгрөг авсан үйл явдал огт болоогүй. Ц.Дашдаваагийн эхнэр Х.Чанцалмаатай П.Одсүрэн нь нэг нутгийн улсууд, хуурай дүү нь гэж явдаг.
Х.Чанцалмаа нь П.Одсүрэнд хандаад мөнгө авсан мэтээр гарын үсэг зурчих, нөхөр Ц.Дашдавааг энхийг сахиулах ажиллагаанд яваад ирэх хооронд өөрөө аргалчихна гэж хэлсэн байдаг.
Гэтэл П.Одсүрэн нь огт мөнгө аваагүй байж, 6900000 төгрөгийн төлбөрт орж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 282.4-т мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэнээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар мөнгийг П.Одсүрэнгийн эзэмшилд шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хариуцагч П.Одсүрэн сөрөг нэхэмжлэлдээ... Иргэн П.Одсүрэн миний бие нь 2015 оны 08 сарын 31-ний өдөр Ц.Дашдаваагаас 6000 000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй зээлсэн мэтээр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч бодит байдал дээр Ц.Дашдаваагаас нэг ч төгрөгийг хариу төлбөртэйгээр буюу бодитоор авсан зүйл байхгүй юм.
Уг гэрээ болон мөнгө хүлээн авсан тухай бичгийн баримтыг хийж гарын үсэг зурах болсон шалтгаан нь гэвэл Ц.Дашдаваагийн эхнэр Х.Чанцалмаагийн гуйлтын дагуу хийсэн бөгөөд тухайн үед “ Миний дүү уг зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч, мөн мөнгө хүлээж авлаа гэдэг бичиг хийгээд өгчих, би бүх асуудлыг нь даана” гэж ятгасны үндсэн дээр хийж өгсөн. Түүнээс биш нэг ч төгрөгийн зээлийг аваагүй юм.
Иргэний хуулийн 196.1.1, 281.282.4-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байдаг. Гэтэл тухайн гэрээгээр Ц.Дашдаваа нь мөнгө болон эд хөрөнгө шилжүүлээгүй атлаа мөнгө өгсөн мэтээр уг хэлцэл буюу гэрээг дүр үзүүлэн хийсэн байдаг.
Иймд уг хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. /хх31/
Хариуцагчийн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа ... 2015 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ц.Дашдаваа нь хариуцагч П.Одсүрэнд 6000 000 төгрөг шилжүүлээгүй тул энэхүү гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “ хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” юм.
өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр 6000 000 төгрөг шилжүүлсэн мэтээр дүр үзүүлж, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна.
Энэ нь гэрээний талуудын чөлөөт байдалд нийцээгүй буюу бусдын гуйлтын дагуу гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл тул 2015 оны 08 сарын 31-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Нэхэмжлэгч Ц.Дашдаваа сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... П.Одсүрэн нь 2014 оны 05 сарын 30-ны өдөр 5000 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар хүлээн авсан боловч төлөөгүй. Түүний утас нь холбогдохгүй, худал ярьсаар 2015 он гаргасан. Ингээд миний бие Тахарын албанд хандаж эрэн сурвалжлах дээрээ тулж байж уулзаад 2014 оны 05 сарын 30-нд зээлүүлсэн 5000 000 төгрөг дээр 1000 000 төгрөгийн хүү нэмж 6000 000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдөр 6000 000 төгрөг төгрөг өгөөгүй нь үнэн. Гэхдээ 2014 оны хэлцлийн үндэслэн гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Х.Чанцалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...П.Одсүрэн нь манай байрыг түрээслэн суудаг байсан, 2014 оны 5 сарын үед надаас 10 сая төгрөг зээлдүүлээч гэсэн. Энэ талаар би нөхөр Ц.Дашдаваад хэлсэн. Ингээд 2014 оны 05 сарын 30-ны өдөр П.Одсүрэнгийн гэрт очоод П.Одсүрэн, түүний эхнэр Л.Сарантуяа, нөхөр Ц.Дашдаваа бид дөрөв ярилцсан. Ц.Дашдаваа нь Л.Сарантуяаг мөнгө зээлэхийг зөвшөөрвөл П.Одсүрэнд зээлдүүлнэ гэхэд Х.Сарантуяа зөвшөөрч байна гэсэн. Ингээд П.Одсүрэн, Ц.Дашдаваа бид гурав гараад Ачлал их дэлгүүрийн АТМ-ээс 5000 000 төгрөг аваад машин дотор Ц.Дашдаваа нь П.Одсүрэнд тоолж өгсөн. П.Одсүрэн 5000 000 төгрөг аваад 2500 000 төгрөгөөр 2 хувааж өгөхөөр гарын үсэг зурсан. 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний талаар би мэдэхгүй, тухайн үед би энхийг сахиулах ажиллагаанд явсан байсан. П.Одсүрэн 5000 000 төгрөгийн асуудлаас болж миний нэр төрийг их гутааж байгаа, энэ мөнгөөр намайг гоо сайхны хагалгаанд орсон, нөхрөөсөө нууж авсан, айгаад байгаа гэх мэтээр ярьж байгаад гомдолтой байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Л.Сарантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...2014 оны 05 сард Ц.Дашдаваа, Х.Чанцалмаа нар манай гэрт ирсэн. П.Одсүрэнтэй мөнгө төгрөгийн асуудал яриад байх шиг байсан. Тухайн үед манай хүүхэд бага, би хоол цай гээд энэ асуудалд оролцоогүй. Надаас Ц.Дашдаваа мөнгө зээлэхийг зөвшөөрч байна уу гэж асуусан үгүйг сайн мэдэхгүй байна. Ц.Дашдаваа над руу утсаар ярьсан, тухайн үед би өөрийн ойлгож байснаар хариулсан, намайг загнаад хашгираад байсан болохоор сайн мэдэхгүй байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын хүсэлтээр...2014 оны 05 сарын 30-ны өдрийн 5000 000 төгрөг хүлээн авсан баримт /хх14/, 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ /хх2/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх26/, утсаар ярьсан СД-д үзлэг хийсэн тэмдэглэл,
хариуцагч талын хүсэлтээр...2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнийг үндэслэж 6 сая төгрөг өгсөн авсан баримтгүй, 4 дэх заалтад бодитоор мөнгө гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг /хх2/, хэргийн 14 талд авагдсан 5000 000 төгрөгийн баримт нь 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний баримт гэж үзэхгүй /хх14/, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн тайлбарт... гэрт нь очоод зөвшөөрөл аваад, дараа нь машин дотор мөнгө өгсөн гэх, гэрч Х.Чанцалмаагийн эхлээд гэрт нь баримт үйлдээд дараа нь машин дотор мөнгө өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, зохигчийн шүүх хуралдаан гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дашдаваа хариуцагч П.Одсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6900 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П.Одсүрэн нэхэмжлэгч Ц.Дашдаваад холбогдуулан 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна. /хх1, 31/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ...П.Одсүрэнтэй 2015 оны 08 сарын 31-ний өдөр 6000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, энэ зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 05 сарын 30-ны өдөр П.Одсүрэн нь 5000 000 төгрөг хүлээн авч, 2 сарын хугацаатай төлөхөөр тохиролцож гарын үсэг зурсан. Гэтэл тогтоосон хугацаанд мөнгөө өгөөгүй тул 2015 оны 08 сарын 31-нд 5000 000 төгрөг дээр хүү 1000 000 төгрөг нэмж, 6000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу 900 000 төгрөгийг нэмж 6900 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 900 000 төгрөгөөр багасгаж, П.Одсүрэнгээс 6000 000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч П.Одсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр татгалзлын үндэслэлээ...П.Одсүрэн нь 2014 оны 05 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ц.Дашдаваагаас 5000 000 төгрөг хүлээн авсан үйл баримт огт болоогүй, энэ талаар нотлох баримтгүй,
Харин талуудын хооронд 2015 оны 08 сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Ц.Дашдаваа нь П.Одсүрэнд 6000 000 төгрөг шилжүүлээгүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
-Үндсэн нэхэмжлэлийн тухай: Нэхэмжлэгч Ц.Дашдаваа нь хариуцагч П.Одсүрэнд 2014 оны 05 сарын 30-ны өдөр 5000 000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь П.Одсүрэнгийн гарын үсэгтэй “Таван сая төгрөг хүлээн авлаа, 8 сарын 30-ны дотор эргүүлэн төлнө, 2 сарын хугацаатай, 7 сард 2500 000 төгрөг, 8 сард 2500 000 төгрөг төлж тооцоог дуусгах болно” гэсэн баримтаар,
гэрч Х.Чанцалмаагийн шүүх хуралдаан дээр “... 2014 оны 05 сарын 30-ны өдөр машин дотор Ц.Дашдаваа нь 5000 000 төгрөгийг П.Одсүрэнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлгээр, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
/хх14, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” зааснаар зохигч талуудын хооронд 5000 000 төгрөгийн хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэлээ.
Дээрх хэлцлийг талууд үндэслэн баталгаажуулж, хожим буюу 2015 оны 08 сарын 31-ний өдөр Ц.Дашдаваа, П.Одсүрэн нар 6000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлж дуусгах, зээлдэгч зээлийн төлбөрийг үл маргах журмаар бүрэн төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулжээ. /хх2/
Зээлийн гэрээний 4 дэх хэсэгт “энэхүү гэрээ нь зээдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан боловч зээлдүүлэгч нь зээлдэгчид 2015 оны 08 сарын 31-ний өдөр гэрээнд заасан мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй болох нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон мөн талууд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Дашдаваа 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр хариуцагч П.Одсүрэнгээс шаардах эрхгүй, харин 2014 оны 05 сарын 30-ны өдөр шилжүүлсэн 5000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 5000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Э. Батбаяр хариуцагч П.Одсүрэн 2014 оны 05 сарын 30-ны өдөр 5000 000 төгрөгийг Ц.Дашдаваагаас авсан үйл баримт огт болоогүй гэж тайлбарлаж байгаа боловч татгалзлын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй мөн П.Одсүрэнгийн мөнгө хүлээн авсан дээрх баримтын талаар үгүйсгэж мэтгэлцээгүй,
мөн зохигчийн хүсэлтээр судлуулсан СД-д хуулсан ярианы бичлэг дээрх үйл баримтыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх/
-Сөрөг нэхэмжлэлийн тухай: Хариуцагч П.Одсүрэн нэхэмжлэгч Ц.Дашдаваад холбогдуулан 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 6000 000 төгрөгийг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх31 /
Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, хуулийн 56.1.2-д “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “ хуульд ...харшилсан хэлцэл” гэдэг нь аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон гэж, “ нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэдэг нь хууль ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны дэглэмийн үндсэн үнэлэмжүүдтэй үл нийцэн харшилдах хэлцэл бөгөөд тухайн хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус байхыг,
хуулийн 56.1.2-д “дүр үзүүлэн хийсэн хэлцэл “ гэдэг нь хэлцэл хийсэн талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зорилгогүй байдаг бөгөөд энэ хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлогдоно.
Харин 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг гэрээний талууд болох Ц.Дашдаваа, П.Одсүрэн нар нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 5000 000 төгрөгийн хэлцэл дээр үндэслэсэн байх тул хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 151/ШЗ2016/00014 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр мөн харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна. /хх37-38/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125350 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125350 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 94950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /хх3,32/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч П.Одсүрэнгээс 5000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дашдаваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар 2015 оны 08 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 151/ШЗ2016/00014 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125350 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125350 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч П.Одсүрэнгээс 94950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дашдаваад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН