Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2132000000075 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, аавын хамт *******,*******  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гансүхийн Бат-Эрдэнэ/рд:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******, Баянхангайн 51 тоотод *******ын эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож ухаарч байна. Тиймээс дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2132000000075 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Баянхангайн 51 тоотод оршин суух Пүүжээ гэх залуу гэрт хараа нэртэй архитай очсон.Тэр архиа хойд өрөөний орны урд газар суугаад Пүүжээтэй хамт архи хувааж уугаад байж байтал гаднаас Бат-Эрдэнэ гэх залуу орж ирээд ирсэн. Бат-Эрдэнэ орж ирээд үгийн зөрөө байхгүй миний баруун эрүү орчим нэг өшиглөхөөр нь би тонгойход Бат-Эрдэнэ гараараа миний нүүрэн тус газар 2-3 удаа цохихоор би гарч зугтаагаад гэртээ харьсан. Тэгээд манай эхнэр Оюун-Эрдэнэ хэнд зодуулсан юм бэ гэхээр нь би Бат-Эрдэнэд зодуулсан гэж хэлэхэд манай эхнэр охин хоёр намайг дагуулж Пүүжээгийн гэрт нь очиход Бат-Эрдэнэ сууж байсан. Манай эхнэр Бат-Эрдэнэд яагаад Мөнхбат ахыгаа зодсон юм бэ гэж асуухад уучлаарай гээд байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун шүд чинь хөдөлчихсөн байна бас баруун эрүү цуурсан байна Улаанбаатар хот руу очиж зураг авхуул гээд 13А маягт бичиж өгсөн. ...Би сайн хараагүй орж ирээд учир зүггүй зодоод байхаар нь би гараад зугтаасан. Хариулт: Бид хоёрт тийм асуудал байхгүй. ...Миний толгой руу өшиглөж гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Ажлын хар өнгийн бакалтай явж байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ. ...Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Д.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...*******ын баруун эрүү орчим хавсан амаар нь дууран цус болчихсон байхаар нь би хэнд  зодуулсан юм бэ гэж асуухад Бат-Эрдэнэ намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин Өлзийтэй хамт Мөнхбатыг дагуулаад Пүүжээгийн гэрт очиж Бат-Эрдэнэд Мөнхбат ахыгаа яагаад зодож байгаа юм бэ гэхэд уучлаарай аниа маргааш уулзъя гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би хүлээн зөвшөөрч байна. ...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ найз Баяраагийн хамт 1 шил 0,5 литрийн хараа архи уусан. Би гэрээсээ тулгаа ахын гэрт очиж гар утасны цэнэглэгч  авах гэж гарч яваад замаараа Пүүжээ ахын гэрт ороход Пүүжээ ах Мөнхбат ахтай 1 шил хараа архи хувааж уугаад сууж байхаар нь би Пүүжээ ахын хажууд сууж байхад Мөнхбат ах намайг Гансүхийн шээс гэж намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа ******* ахын нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгсэн ******* ах гэр лүүгээ явсан. Тэгээд ******* ах эхнэр хүүхдээ дагуулаад ирэхээр нь уучлаарай гэж хэлсэн. ...Би *******ын биед нь гараараа цохиж гэмтэл учруулсан. ...Би гайгүй байсан. Өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. ...Намайг Гансүхийн шээс гэхээр нь би уурлаад цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/

Иргэн Д.Оюун-Эрдэний Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 5 дугаар хуудас/

 Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №152 дугаар дүгнэлтийн

Дүгнэлт хэсэгт:

1.*******ын биед эрүүний баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /Хх-ийн 16-17 дугаар хуудас/

Хохирогч *******ын эмчилгээний зардалд 450000 төгрөг хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй. ...гэх тодорхойлолт/Хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Бат-Эрдэний прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 46 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Нэг. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим *******, Баянхангайн 51 тоотод  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжлолоо гэх шалтгаанаар хохирогч *******ын нүүр орчимд гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

            Тиймээс шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсныг гэмт хэргийн улмаас үүсэн хор уршигт тооцож, гэмт хэргийн улмаас хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлыг гэмт хэргийн улмаас үүссэн бодит зардалд тооцох нь зүйтэй байна. Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудаст авагдсан хохирлыг баримт нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд ба хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд нотлох баримтаар 343170 төгрөгийг шүүгдэгч *******эс нэхэмжилснийг шүүдэгч 450000 төгрөг болгож нөхөн төлсөн байна. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан бодит материаллаг хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ. Мөн хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

 

Гарав.Шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим *******, Баянхангайн 51 тоотод хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Г.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хүний амь бие эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдсан гэм буруугийн шууд санаатай гэмт үйлдэл болно.

 

 Хэдийгээр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Бат-эрдэнэ нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчийн орлогын эх үүсвэр, төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч ******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Ялтан ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 450000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨН