Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 628

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00628

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан сумын 2 дугаар баг Баян айраг гэх газар оршин суух, Өндөр Боржигон овгийн Дэмбэрэлийн Сандагдалх /НЗ56082870/-н нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Нямдорж  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сандагдалх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие нь 1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Сандагдалх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ ... Миний бие Төв аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багт хөдөө мал маллаж амьдардаг. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хөдөөнөөс ирж очиход хүндрэлтэй, мал харах хүнгүй байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймээс хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сандагдалх ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

Дэмбэрэлийн Сандагдалх нь Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлийн Баян айраг бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс 1981 оны 10 сарын 20-ны өдрийн нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 410 тоот лавлагаанд 1985 оны 04 сараас 1989 оны 12 сарыг дуустал хугацааны сар тутамын цалингийн цэсний түүвэр, 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 583 тоот лавлагаагаар 1981 оны 01 сараас 1991 оны 12 сарыг дуустал хугацааны сар тутамын цалингийн цэсний түүвэр зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Өндөр Боржигон овгийн Дэмбэрэлийн Сандагдалхын    Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлийн Баян айраг бригадад 1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН