Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 629

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овгийн Алтангэрэлийн Байгалмаа /НЮ80091863/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, Харуул овгийн Баярсайханы Цолмонтуяа /НЕ79090960/-д холбогдох

6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цолмонтуяа нь 2 500 000 төгрөгийг 2016 онд 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. Б.Цолмонтуяа нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй тул зээл, зээлийн хүүнд 6 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цолмонтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Миний бие нь А.Байгалмаагийн 6 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А.Байгалмаагаас эхлээд 1 000 000 төгрөг, дараа нь 1 500 000 төгрөг нийт 2 500 000 төгрөг зээлж авсан. Зээлд нийт 600 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ ... Нэхэмжлэгч А.Байгалмаа нь 6 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардагаас 4 000 000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.Цолмонтуяа нь 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 06 сарын 25-ны дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 07 сарын 15-ны дотор 1 500 000 төгрөгийг төлж барагдуудлахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Байгалмаа нь хариуцагч Б.Цолмонтуяад холбогдуулан 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Байгалмаа нь 6 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.Цолмонтуяа нь 2 500 000 төгрөгийн 2017 оны 06 сарын 25-ны дотор 1 000 000 төгрөгийг, , 2017 оны 07 сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

 

Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Байгалмаа нь хариуцагч Б.Цолмонтуяад холбогдох 6 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 2 500 000 төгрөгийн 2017 оны 06 сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2017 оны 07 сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 27 475 төгрөг, төрийн сангаас 27 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Байгалмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН