Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                          Д.Соёлзул

             Улсын яллагч                                        Д.Шинэбал

                         Шүүгдэгч                                             ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 2132000310049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотын """"""""""""""""" тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт ******* Мөнхцэцэг /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:...******* Мөнхцэцэг нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******гийн эрх, эрх чөлөөнд онц харгис хэрцгий аргаар олон тооны шарх, гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Сүрэн гэх айлынд ******* гэх эгч архи ууж байсан, нэлээн согтуу байсан. Миний өөдөөс “би Луусанд байсан, чамайг алаад хаяна шүү” гээд хэрүүл өдөөд байхаар нь би “та бид хоёр таарахгүй юм байна та явсан нь дээр” гэсэн чинь гарч яваад эргэж орж ирээд “эгч нь одоо зүгээр сууна” гэж хэлээд суусан. Тэгээд ******* эгч өөрөө эхлээд намайг түлхсэн тэгэхээр нь би эргүүлээд түлхсэн тэгээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Хамар руу нь гараараа цохиход уруулын дотор тал нь язарсан. Би ерөөсөө дэгээ төмрөөр цохиогүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Эрүүгийн  2132000310049 тоот хавтаст хэргээс:     

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим Баян Арцатын 08 тоотод Амбаанаа гэдэг таньдаг эгчийнхээ гэрт байж байхад Хонгормаа “...дүүд нь ганц шил архи байна, би найзтайгаа хамт явж байна. Шарын голын гудамжинд Хумбаа эгчийн охины гэрт очъё...” гэж хэлэхээр нь би хамт явсан. Бид нар Хумбаа эгчийнд ороод 0.5 литрийн Хараа нэртэй архи хоёрыг уусан. ...Миний урд ус асгарсан байсныг Соко гэх эмэгтэй намайг “яагаад айлын гэрт ус асгаад байгаа юм бэ” гээд загнаад байхаар нь би “арчаад цэвэрлэчихье” гээд шалыг нь арчсан чинь “дутуу арчсан байна” гээд намайг үсдэж доош нь дараад шалан дээр унагаад өшиглөж зодсон. Миний хоёр хөлийн зузаан гуяны орчим, шилбэ хэсэгт болон нуруу руу өшиглөж зодсон. Мөн галын дэгээ төмрөөр баруун зүүн гарын булчин, шуу, нуруу, баруун зүүн хөлийн гуя, шилбэ хэсэгт тус тус цохисон. Намайг цохисон дэгээ төмрөө гал руу халаах, улайсгах зорилгоор хийсэн бөгөөд дэгээ төмрөө халах хооронд миний хамар, ам, дух, толгойны ар хэсэгт тус тус олон удаагийн давтамжтай өшиглөсөн мөн зангидсан гараараа миний 2 шүдийг цохисон бөгөөд үүдэн хоёр шүдний зүүн талын 3 дахь шүдний тал хэсэг унасан. Мөн дээд доод уруул дотор язарч цус гарсан ба баруун зүүн нүд хөхөрсөн. Соко надад хандан “нэг мөсөн чамайг алнаа” гээд галтай зууханд халааж байсан дэгээ төмрөө аваад миний зүүн талын хацар, чих, хүзүү хэсэгт, хүзүүний ар, нурууны ар хэсэгт тус тус хайрсан. Би тухайн үйлдлийг зогсоох зорилгоор зууханд халаасан дэгээ төмрийг барьж аваад хуруунуудаа хайруулсан. Тухайн дэгээ төмрөөр намайг хайрахдаа “чамайг нэгмөсөн алчихъя” гээд байсан бөгөөд зууханд халаасан дэгээ төмрөөр намайг хайраад бүлээхэн болохоор нь буцаагаад галтай зууханд хийгээд халуун болохоор нь гаргаж ирээд намайг хайраад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч С.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би сэрээд өндийгөөд харахад ******* эгч Соко гэх эмэгтэйтэй зодолдож байсан. ******* эгч газар уначихсан, Соко үсдээд дарчихсан хөл рүү нь өшиглөөд гартаа гал хутгадаг дэгээ төмөр барьчихсан байдалтай зогсож байсан. Би боль гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байсан. Би шартчихсан болохоор босож дийлэхгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Удалгүй сэргээд боссон чинь ******* эгч байхгүй байсан. Харин Мөнхцэцэг “Хараа эгч чинь миний дургүйг хүргээд байхаар нь зодолдсон” гэж хэлсэн  гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн “...*******гийн биед доод уруулын дотор талд шарх, 2 нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалга, тохойн үе, шуу, зүүн гарын бугалга, тохойн үе, нуруу, баруун зүүн гуянд цус хуралт, хамрын нурууны дээд хэсэг, зүүн чихний урд хэсэг, зүүн хацрын доод хэсэг, хүзүүний зүүн тал, дээд уруулын баруун тал, зүүн гарын сарвууны дотор тал, нурууны баруун талд зулгаралт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх шарх, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 49 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч ******* Мөнхцэцэг нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******гийн эрх, эрх чөлөөнд “...доод уруулын дотор талд шарх, 2 нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалга, тохойн үе, шуу, зүүн гарын бугалга, тохойн үе, нуруу, баруун зүүн гуянд цус хуралт, хамрын нурууны дээд хэсэг, зүүн чихний урд хэсэг, зүүн хацрын доод хэсэг, хүзүүний зүүн тал, дээд уруулын баруун тал, зүүн гарын сарвууны дотор тал, нурууны баруун талд зулгаралт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх шарх, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” онц харгис хэрцгий аргаар буюу олон тооны шарх, гэмтэл учруулж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч С.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/, гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээчийн №35 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.           

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч ******* нь хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******гийн эрх, эрх чөлөөнд онц харгис хэрцгий аргаар олон тооны шарх, гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 700 /долоон зуу/ нэгж буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 12 /арван хоёр/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гал түлэхэд хэрэглэдэг 1 ширхэг дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт ******* Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 /долоон зуу/ нэгж буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 12 /арван хоёр/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гал түлэхэд хэрэглэдэг 1 ширхэг дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.