Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 630

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилт 19 гудамж 23 тоотод оршин суух, Буурлууд овгийн Өлзий-Оршихын Од-Эрдэнэ /ПЮ88011006/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг оршин суух, Чонос овгийн Доржсүрэнгийн Хадбаатар /ЦА85022275/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Од-Эрдэнэ, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, хариуцагч Д.Хадбаатар, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Од-Эрдэнэ шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би Д.Хадбаатартай 2006 онд танилцаж гэр бүл болсон. Бид 2007 онд хүү Х.Алтангэрэл, 2010 онд охин Х.Мөнхгэрэл нарыг төрүүлсэн. 2012 оноос тусдаа амьдарч байгаа. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаад 2 удаа эвлэрсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Миний болон Д.Хадбаатарын зүгээс эвлэрэх талаар идэвхитэй байгаагүй, ер нь сэтгэл санаа нэгэнт хөндий байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, Д.Хадбаатараас тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Хадбаатар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь Ө-Од-Эрдэнэтэй 2006 онд гэр бүл болж 2007 онд хүү Х.Алтангэрэл, 2010 онд охин Х.Манхгэрэл нар төрсөн. Бид Төв аймгийн Батсүмбэр суманд хамт амьдарч байсан. Ө.Од-Эрдэнэ нь 2012 оны 05 сард өөрийн аав Өлзий-Оршихыг Ховд аймаг руу гаргаж өгнө гээд хоёр хүүхдээ аваад хот явсан боловч буцаж ирээгүй. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүдтэй уулзуулахгүй, утсаар яриулдаггүй байсан. Би хоёр хүүхдэдээ өөрийн боломжоороо тусалж дэмжиж байсан. Одоо гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн асрамжийг эхийн асрамжид үлдээхэд маргах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Од-Эрдэнэ, хариуцагч Д.Хадбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Доржсүрэнгийн Хадбаатар, Өлзий-Оршихын Од-Эрдэнэ нар нь 2006 оны 08 сарын 05-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2009 оны 02 сарын 16-ны өдөр бүртгүүлж, 2007 оны 05 сарын 12-ны өдөр хүү Х.Алтангэрэл, 2010 оны 08 сарын 30-ны өдөр охин Х.Мөнхгэрэл нарыг төрүүлж, эцэг Д.Хадбаатараар овоглон гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн 2006 оноос 2012 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь 0025439 дугаартай гэрлэлтийн, 0208286 223/06, 0000556263 Г-125 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар дунд сургуульд хүү Х.Алтангэрэл 4в, охин Х.Мөнхгэрэл 1б ангид тус тус суралцдаг тухай сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа болон цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 1279 тоот захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэдийгээр гэрлэгчид эвлэрсэн гэх боловч 2016 оны 12 сараас хойш хамт амьдарч гэр бүлийн амгалан тайван байдал үүсгээгүй бөгөөд эвлэрч хамтран амьдрах талаар хэн аль нь санаачлага гаргаагүй байх тул шүүхээс дахин хугацаа өгөх шаардлагүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хүү Х.Алтангэрэлийг асрамжийг шийдвэрлэхдээ өөрийнх нь санал, охин Х.Мөнхгэрэлийг насыг харгалзан мөн гэрлэгчдийн харилцан тохиролцсоныг үндэслэн эх Ө.Од-Эрдэний асрамжид үлдээж, эцэг Д.Хадбаатараар тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 46496 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Чонос овгийн Доржүрэнгийн Хадбаатар /ЦА85022275/, Буурлууд овгийн Өлзий-Оршихын Од-Эрдэнэ /ПЮ88011006/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2007 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн Х.Алтангэрэл, 2010 оны 08 сарын 30-ны өдөр төрсөн Х.Мөнхгэрэл нарыг эх Ө.Од-Эрдэнийн асрамжидүлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Х.Алтангэрэл, Х.Мөнхгэрэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Хадбаатараар тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Д.Хадбаатараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Од-Эрдэнэд, тэмдэгтийн хураамж 46496 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

  5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай

  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН