| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0353/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/371 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0353/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Г.М,
Гэрч А.Н, Д.У,
Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч А.Гантуяа, З.Цэнгэнбаяр,
Шүүгдэгч У.Эгийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч С.Г, У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А овогт С.Г, Б овогт У.Э нарт холбогдох эрүүгийн 1918008830335 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, А овогт С.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, Б овогт У.Э /РД: /, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, багш орчуулагч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдорж нь шүүгдэгч С.Г, У.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч У.Э, С.Г нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс “Голомт банкнаас бизнесийн зээл авахын тулд Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны зээлээ чөлөөлүүлнэ” гэж хэлэн Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны ипотекийн зээлийн хуулгыг хуурамчаар үйлдэн 40.000.000 төгрөгийн зээл авсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч У.Эгийн өгсөн: ...Анх С.Г нь “Би “...” зээлийн төвөөс 2 удаа зээл авах гэхэд боломжгүй гэсэн. Иймд намайг “...” зээлийн төвөөс зээл аваад өгөөч” гэж хэлсэн. С.Г нь надад “байрны ордер суллах гэж байгаа, Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа” гэж хэлээрэй гэсэн. Би “...” зээлийн төвөөс зээл авахдаа “Голомт банкнаас бизнесийн зээл авах гэж байгаа, Худалдаа хөгжлийн банкнаас байраа чөлөөлөх гэж байна” гэж хэлээд зээл авсан. С.Г нь “А.Н эгчээс 2 цагийн дараа мөнгө авахаар болсон. Би дөнгөж сая утсаар ярьсан. А.Н эгч мөнгө өгөхгүй бол *****гэдэг хамаатны хүүхэнд А.Н гэдэг хүнээс 40.000.000 төгрөг өмнө нь аваад өгчихсөн байсан. Бүр болохгүй бол Бээс аваад өгчихнө” гэсэн 2 хувилбар хэлж намайг зээл авхуулсан. “...” зээлийн төвөөс авсан 40.000.000 төгрөгийг С.Гийн данс руу 37.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 2.994.000 төгрөгийг С.Г нь миний данснаас А.Нгийн данс руу “С.Гээс” гэж шилжүүлсэн. “...” зээлийн төвөөс намайг “зээлээ хаасан хуулгаа авчирч өг” гээд байсан. С.Г намайг “Худалдаа хөгжлийн банкнаас дансны хуулгаа аваад өг” гэсэн би авч өгсөн. С.Г надад сүүлд хуурамч баримт авчирч өгсөн байсан. Би тэрийг хуурамч гэдгийг сүүлд нь мэдсэн... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Гийн өгсөн: ...У.Э “Чи надад 17.000.000 төгрөг олоод өг тэгэхгүй бол О манай байрны гадаа ирж зогсоод хүүхэд цэцэрлэгт нь хүргүүлэхгүй, намайг машиндаа суулгаад өдөржин байлгаад байна” гэсэн. Тэгэхээр нь би “хэнээсээ авч өгөх юм бэ, надад мөнгө өгөх хүн байхгүй” гэхэд “чамд А.Н гээд эгч байдаг шүү дээ, чи намайг бодоход олон жил үйл ажиллагаа явуулсан, таньдаг хүн ихтэй” гэж намайг ятгасан. Тэгээд би У.Эгийн хажууд утсаа чанга дээр нь тавьж байгаад А.Н эгчтэй ярьсан. А.Н эгчийг гуйсаар байгаад “57.000.000 төгрөг болгоод өгчих” гэхэд “чи ийм их хэмжээний мөнгө яаж дараа нь төлөх гээд байгаа юм бэ? өмнөх мөнгөө яах юм бэ?” гэхэд У.Э хажуугаас “хаана гэж хэл, хаана гэж хэл” гэхээр нь би “хугацаа нь болоогүй ч гэсэн дүү нь тэр мөнгөө хаачихъя” гэж хэлсэн. Тэгээд А.Н эгчээс мөнгө авахаар болсон. Тэгээд Э “одоо хаанаас зээлээ чөлөөлөх вэ? чи “...” зээлийн төв рүү орчих” гэхээр нь “за уучлаарай найз нь ёстой болохгүй, надад “...” зээлийн төвд өдрийн зээл байгаа, би орохгүй” гээд ороогүй. У.Э өөрөө орсон. “...” зээлийн төвөөс авсан зээлийг А.Н эгч, бид гурав хамт явж байгаад ХААН банк дээр У.Э миний данс руу хийгээд би У.Эгийн данснаас авсан мөнгөө шууд А.Н эгчийн данс руу хийсэн. Дансны хуурамч бичиг баримтын хувьд би хийсэн. Яагаад хийсэн бэ гэвэл У.Эгаар “...” зээлийн төвд өгсөн ээжийнхээ хашаа байшингийн гэрчилгээг авхуулсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа У.Э “...” зээлийн төвөөс над руу яриад зээл чөлөөлсөн дансны хуулгаа авч ир гээд байна. Чи “Топ дизайн”-аар хийлгэчих гээд бид хоёр хамт явж хийлгэсэн. Би У.Эд “...” зээлийн төв рүү хийгээрэй гээд 21.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Хэрвээ У.Э миний өгсөн 21.000.000 төгрөгийг “...” зээлийн төвд өгчихсөн байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Э нь “...” зээлийн төв рүү 8.000.000 төгрөг хийсэн гэдгийг би сүүлд мэдсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Мгийн өгсөн: ...У.Э нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуурамч бичиг баримт авчирч өгсөн учраас манайх 40.000.000 төгрөгийн зээл олгосон. 40.000.000 төгрөгийн зээлээс 8.000.000 төгрөгийг Э төлсөн. Одоо 32.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг,
Гэрч А.Нгийн өгсөн: ...Г нь 2019 оны 3 дугаар сард надаас авсан мөнгөө 2019 оны 11 дүгээр сард надад өгсөн. Надаас 40.000.000 төгрөг бөөнд нь авсан. Надаас 57.000.000 төгрөг зээлье гэж хандаж байгаагүй... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Уын өгсөн: У.Э нь манай банкнаас 2019 онд 5.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан, гэхдээ надаас аваагүй манай зээлийн ажилтнаас авсан. Манай тэр зээлийн ажилтан шилжсэн учраас зээл нь над дээр шилжиж ирсэн. Тэгээд У.Э 2019 оны 8, 9 сарын үед тэр мөнгөн дээрээ нэмээд 10.000.000 төгрөгийн зээл авъя гэж манайд орж ирсэн. Тэгэхээр нь “барьцаа чинь хүрэхгүй шүү дээ, барьцаагаа аваад ирвэл үнэлгээг нь хийлгээд зээлийн судалгаагаа эхлүүлье” гэхэд “за” гээд гараад явсан. Дараа нь “...” зээлийн төвийн ажилтантай хамт орж ирээд “...” зээлийн төвийн ажилтан нь “энэ хүн танайхаас зээл авах гэж байгаа юм уу?” гэсэн. Тэгэхээр нь би “барьцаа нь хүрэхгүй байгаа, барьцаагаа аваад ирвэл судалгааг нь хийнэ гэж хэлсэн” гээд гаргасан. Тухайн үед С.Г нь “У.Эгийн зээл юу болсон бэ?” гэхээр нь “барьцаа байхгүй болоогүй” гэж хэлсэн. У.Э нь 2019 оны 9 сард “С.Гийн ээжийн хашаа байшинг барьцаалж зээл авъя” гэхээр нь “болохгүй, өөр хүний нэр дээр байдаг хөрөнгө барьцаалж болохгүй, чи өөр барьцаа авч ир” гэж хэлсэн. Би тухайн үед “...” зээлийн төвийн хүн орж ирэхэд нь бага хэмжээний зээл чөлөөлөөд барьцаагаа авч ирэх гэж байгаа юм байна гэж ойлгож байсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Иргэний нэхэмжлэгч Д.Бжын өгсөн: ...Манай байгууллага зээл хаалгах гэж байгаа тохиолдолд хаах гэж байгаа зээлийн хуулга, иргэний үнэмлэх эх хувиар, оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг үндэслэн зээл олгодог. У.Э нь хаах гэж байгаа зээлийн 43.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулгыг авчирсан байсан. Харин зээлээ авчхаад манайхаас авсан зээлээ хаахгүй удаагаад байхаар нь зээл хаасан дансны хуулгыг авчрахыг шаардахад зээл хаасан талаарх хуулгыг манайд авчирч өгсөн. У.Эд зээл олгодог өдөр амралтын өдөр байсан. Тухайн үед ***** надтай утсаар холбогдож үүрэг чиглэл авч байсан. Э надтай удаа дараа утсаар ярьж “өнөөдөр л зээлээ хаавал нэг дэх өдөр эрт зээл гарна гээд байна аа” гээд шавдуулаад байсан. Ингээд манай байгууллагаас итгэл үзүүлсний үндсэн дээр У.Эд зээл олгосон. У.Э 40.000.000 төгрөгийн зээл авснаасаа хойш нэг сар гаруйн дараа 8.000.000 төгрөгийг хүү гэж өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/,
Иргэний нэхэмжлэгч Д.Бжын гэрчээр өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э гэх иргэн ирээд “Худалдаа хөгжлийн банканд байгаа орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийн 43.000.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг чөлөөлж өгөх хүсэлт амаар гаргасан. Э нь “манайхаас Худалдаа хөгжлийн банканд хаалгасан 40.000.000 төгрөгийн зээлийг Голомт банкнаас 60.000.000 төгрөгийн бизнесийн зээл авч төлнө. Голомт банкны зээлийн шийдвэр гарсан” гэж ярьсан. Би Эг дагаж яваад “Олон улсын худалдааны төв”-ийн 1 дүгээр давхарт байрлах Голомт банкны эдийн засагч эмэгтэйгээс “Эгийн зээлийн шийдвэр нь гарсан уу?” гэж асуухад “Энэ хүний зээл нь болчихсон. Худалдаа хөгжлийн банкны зээлээ хаах юм бол зээл нь гарна” гэж хэлсэн. Маргааш нь Э надтай утсаар “эгчээ та миний зээлийг чөлөөлөөд өгөөч ээ, би найдвартай төлнө, өнөөдөр зээлээ чөлөөлөх юм бол нэг дэх өдрийн өглөө эрт зээл гарчихна, хөөцөлдөхөд ч амар” гэж хэлсэн. Тэгээд би төв рүүгээ ахлах эдийн засагч Гантулга руу залгаад “40.000.000 төгрөгийн зээл хүссэн хүн маань дахиад ирлээ. Өнөөдөр зээлээ хаавал нэг дэх өдөр өглөө эрт зээл гарчихна гэж байна яах вэ” гэхэд “найдвартай гэж үзэж байвал өгчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***** луу залгаад “төвөөс мөнгө орж ирвэл нөгөө 40.000.000 төгрөгийн зээлээ олгочхоорой” гэж хэлсэн. Барьцаанд нь Эгийн нэр дээрх автомашин, хамаатны эгчийнх нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь авч үлдээрэй гэж хэлсэн. Ингээд үдээс хойш ***** луу залгаад нөгөө зээл юу болсныг асуухад мөнгө орж ирээд олгосон талаар хэлсэн. Ингээд намайг чөлөөтэй байх үед ***** над руу залгаад “нөгөө 40.000.000 төгрөг орж ирэхгүй 2 хоночихлоо. Намайг залгахаар утсаа авахгүй байна, та залгаад өгөөч” гэхээр нь Эгийн 99281820 дугаарын утас руу хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан. “Таны зээл юу болсон бэ? хоног алдаад байна” гэсэн зурвас илгээхэд хариу өгөөгүй. Маргааш нь Э руу залгахад Э нь “эгчээ түр зуур хүлээж байгаач, барьцаа хөрөнгө дутаад хойшлогдоод байна, танд өгсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авчихмаар байна, тэрийгээ нэмээд зээл болно” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э нь ажил дээр ирээд “надад зээлийн барьцаа дутаад байна, танд өгсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авчихмаар байна” гээд зовлон тоочоод байхаар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь буцаад олгосон. 2 хоногийн дараа Э руу залгахад “Голомт банкны зээл бүтэхээ больсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи яаж зээлээ төлөх юм бэ?” гэж асуухад “манай ах Сантайны эзэн, тэр хүнээс гуйгаад Худалдаа хөгжлийн банкнаас буцаагаад зээл авхуулахаар болсон” гэж ярьсан. Тэгээд дараа нь Сантайны эзэн ахынх нь зээл бүтсэн, эхнэрийнх нь дансанд орсон, одоо шилжүүлэх гэж байна, эхнэр нь нөгөө мөнгийг нь өөр зүйлд хэрэглэсэн гэх мэтээр худлаа ярьж эхэлсэн. Манай байгууллага зээл чөлөөлтөд хаах гэж байгаа зээлийн хуулга, иргэний үнэмлэх, хүсэлт, барьцаа хөрөнгийн гэрчилгээ шаарддаг. Гэтэл Э нь зээлийн гэрээний хуулга буюу Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулга, зээл хаасан гэсэн хуулгыг хуурамчаар үйлдэж манайд авчирч өгсөн. Дараа нь бүх зүйл худлаа болсны дараа би Эгаас “хуулга чинь хуурамч байна шүү дээ, хаана хийлгэсэн юм бэ?” гэж асуухад “би сайн мэдэхгүй, манай найз Г надад хэвлэлийн газраар хийлгэсэн” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,
Иргэний нэхэмжлэгч Д.Бжын гэрч Д.Утай нүүрэлдэж өгсөн: ...Энэ У надад хэлэхдээ “барьцаа нь хүрэхгүй байгаа юм” гэж хэлэхээр нь би зээлийн шийдвэр нь гарсан юм байна. Гэхдээ барьцаа нь хүрэхгүй байгаа учраас манайхаар Э нь зээлээ чөлөөлүүлээд Голомт банканд үл хөдлөх хөрөнгөө авч ирж өгөх гэж байгаа юм байна гэж би ойлгосон. Хамгийн гол нь Э нь “Голомт банкнаас зээл авах гэж байгаа, та ороод асуучих” гээд намайг дагуулж ороод итгэлтэйгээр эдийн засагчтай уулзуулсан болохоор нь би нарийн асуухгүйгээр итгэл төрсөн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174/,
Иргэний нэхэмжлэгч З.Бнын өгсөн: Болсон хэргийн талаар мэдэхгүй. Манай “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр У.Э гэх хүн 40.000.000 төгрөгийн зээл чөлөөлөх зээл аваад тухайн зээлээ төлөөгүй байгаа. Э нь 40.000.000 төгрөгийн зээл аваад буцаагаад 8.000.000 төгрөгийг төлсөн. Манай компани 32.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 158/,
Гэрч Д.Убын өгсөн: ...2019 оны 10 дугаар сард салбарын захирал *****над руу залгаад “40.000.000 төгрөгийн зээл чөлөөлүүлэх Э гэх хүн очно” гэж ярьсан. Тэгээд удалгүй Э гэх эмэгтэй манай ажил дээр ирээд “банканд байгаа байрныхаа зээлийг чөлөөлүүлэх” хүсэлттэй байгаа талаараа ярьсан. Голомт банканд Эгийн үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа тул тухайн зээлийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу бид зээл олгосон. Харин хаана байрлалтай, ямар хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө болохыг мэдэхгүй байна. Энэ талаар лавлагаа авах ёстой байсан боловч би аваагүй. Эд зээл олгохдоо тухайн банкны зээлийн шийдвэр, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас лавлагаа мэдээлэл аваагүйд надад ямар нэгэн тайлбар байхгүй. Салбарын захирал Бжын шийдвэрээр зээл олгосон. Бүрдэх ёстой материал бүрдээгүй байсныг *****өөрөө мэдэж байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/,
Гэрч Н.Сын өгсөн: ...Хаан банкны *****дугаарын данс руу маань 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Э” гэсэн утгатайгаар 17.000.000 төгрөгийн орлого орсон. Энэ мөнгийг Г нь надад “мөнгийг чинь хийчихсэн шүү” гэж хэлээд өгсөн. Энэ мөнгө бол надаас өмнө нь бөөнд нь болон хэсэгчилж авсан өрний нэг хэсэг юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52/,
Гэрч Т.Оийн өгсөн: ...Эд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17.000.000 төгрөгийг миний бие зээлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл тэр мөнгөө Эгаас аваагүй байгаа. Энэ 17.000.000 төгрөгийн авлагын талаараа миний бие 3 сарын өмнө шүүхэд хандсан байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/,
Гэрч О.Бггийн өгсөн: ...У.Эгийн “...” зээлийн төвд өгсөн 2 хуудас хуулга мэт зүйл бол Эгийн орон сууцны зээлийн данс мөн боловч зээлийн үлдэгдлийн хэмжээг өөрчилсөн байна. Уг нь би тэр өдөр 20.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой боловч таны надад үзүүлж байгаа хуулга мэт зүйл дээр 40.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн хуулга мэт зүйл дээр байгаа 2 ширхэг тэмдэг манай байгууллагынх мөн боловч миний харснаар өнгөт хувилагчаар хувилсан юм шиг харагдаж байна. Уг хуулга дээрх гарын үсгүүд нь минийх мөн боловч тухайн хуулга миний У.Эд гаргаж өгсөн хуулга биш тул баталгаат гарын үсэг гэж хэлэхгүй. Тодруулбал миний гаргаж өгсөн хуулганы зээлийн үлдэгдэл дүнг засаж өөрчилсөн хуурамч хуулга гэж харагдахаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,
Гэрч Г.Гын өгсөн: ...Манай компани зээл чөлөөлөх зорилгоор олгож байгаа зээл 3 хоногийн хугацаатай байдаг. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр У.Эд олгосон 40.000.000 төгрөгийн зээл манайд буцаж орж ирээгүй байсан учир Баяржаргалаас “нөгөө зээл чинь төлөгдөөгүй байна. Юу болсон бэ?” гээд У.Эд зээл олгох үедээ бүрдүүлсэн материалыг цахим шуудангаар татаж авсан. Худалдаа хөгжлийн банкны хуулга 2 ширхэг, Д.Эд зээл олгосон зээлийн гэрээний хуулбар, зээлдэгчийн анкет зэргийг ирүүлсэн. Ингээд материалыг хянаж үзэхэд зээлийн дансны хуулга нь хуурамч байж болох шинж байсан. Тухайлбал 2 дансны хуулганы тэмдэг, гарын үсэг яг адилхан байсан. Ингээд ***** “дансны хуулга чинь хуурамч байж болзошгүй байна” гэж хэлэхэд “би мэдэхгүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171/,
Гэрч ***** өгсөн: ...Э над руу утсаар яриад “Г намайг “Олон улсын худалдааны төв”-д байх “...” зээлийн төвөөс 40.000.000 төгрөг зээлээд өгөөч гээд байна яах уу?” гэж асуухаар нь би “дэмий байхаа, наадах чинь бүтэлгүй юм байна” гэж хэлсэн. Тэгсэн нэлээд хэд хоногийн дараа Э над руу залгаад “нөгөө Г чинь “...” зээлийн төвөөс 40.000.000 төгрөг зээлүүлчхээд буцаагаад мөнгөө төлдөггүй” гэж яриад байсан. Тэгтэл нөгөө Г нь болохоор “би Эгаар 40.000.000 төгрөг зээлүүлээд “Олон улсын худалдааны төв” дээр хүнд өгөөд нөгөө хүн маань надад нэмж мөнгө зээлүүлнэ гээд өгөхгүй байна. Та тэр хүнийг надад зээл өгөх талаас нь аргалаад өгөөч” гээд утсаар яриад байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172/,
Гэрч Э.Урын өгсөн: ...2019 оны намар Г надтай ирж уулзаад нэг бичиг баримт хувилаад өгөөч гээд гуйхаар нь манайд хувилагч байхгүй ч таньдаг учраас өөрөө скайнердаад хувилаад ав гэж хэлсэн. Миний өмнөөс харсан компьютер дээр Г суугаад скайнердаад би хэвлэгчтэй учраас хэвлээд Гт өгсөн. Г нь дансны хуулга шиг иймэрхүү жагсаалт шиг зүйл хэвлэсэн. Г өөрөө скайнердсан учраас өөрөө дансны хуулгыг засварлаж өөрчилсөн байж магадгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201/,
Гэрч Т.Аийн өгсөн: ...Э, Г 2 намайг Улаанбаатарт байхад ирж уулзсан. Г нь Эг их дотнын найз гэж хэлсэн. Мөн “эгч ийм асуудал болчихлоо. Дүү нь хүнээс 40.000.000 төгрөг зээлээд үйл ажиллагаа явуулж байтал манайд найз Эд 17.000.000 төгрөгийн хэрэг гараад “чи зээл хаадаг хүнээр наад 40.000.000 төгрөгийнхөө зээлийг хаалгаад, буцаад 57.000.000 төгрөг болгоод тэр хүнээсээ зээлчих” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд Э “...” зээлийн төвөөс 40.000.000 төгрөг зээлээд миний зээлийг хаатал нөгөө хүн маань 57.000.000 төгрөг гаргаж өгөөгүй асуудал боллоо. Танд 40.000.000 төгрөг зээлчих хүн байна уу?” гэж асуусан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204/,
“....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс шүүгдэгч У.Э зээл авахад бүрдүүлсэн материал буюу зээлдэгчийн анкет, 5472 дугаартай зээлийн гэрээ, иргэнийн цахим үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, “....................” ХХК-ийн ХААН банк дахь 5009993355 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 8-14/,
Шүүгдэгч У.Эгийн “....................” ХХК-ийн “...” зээлийн төвд өгсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1-р хх-ийн 123-124/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалаас хураан авсан У.Эгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь***** дугаартай дансны 2019/10/03, 2019/10/18-ны өдрийн огноотой 2 хуудас материал дахь гарын үсэг, тэмдэг нь хэвлэсэн гарын үсэг, тэмдэг байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 хуудас материал дахь гарын үсэг, тэмдэг нь хэвлэн олшруулах төхөөрөмж /өнгөт принтер/ ашиглан хэвлэсэн гарын үсэг, тэмдэг байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 125-128/,
“....................” ХХК-ийн ХААН банк дахь 5009****** дугаарын данснаас шүүгдэгч У.Эгийн ХААН банк дахь ***** дугаарын данс руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 153/,
Шүүгдэгч У.Эгийн ХААН банк дахь 5094****** дугаарын данснаас “....................” ХХК-ийн ХААН банк дахь 5009****** дугаарын данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 154/,
Шүүгдэгч У.Эгаас гаргаж өгсөн утасны яриа бүхий сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 161-163/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Э, С.Г нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс 40.000.000 төгрөгийн зээл авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс зээл олгохдоо зээлийн ажилтан нь У.Эгийн зээлийн материалыг бүрэн бүрдүүлж аваагүй, шүүгдэгч нар нь зээлээ авсны дараа Худалдаа хөгжлийн банкны дансны хуурамч хуулгыг “...” зээлийн төвд өгсөн, “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс 40.000.000 төгрөг аваад иргэн А.Нд өгсөн, тухайн зээлээс өөрсдөдөө ашиглаагүй нь зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийн маргаан тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч С.Гийн иргэн А.Нгаас урьд нь зээлсэн 40.000.000 төгрөгийн зээлийг төлөхийн тулд шүүгдэгч У.Э, С.Г нар нь зээл чөлөөлөх үйлчилгээ үзүүлдэг “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс шүүгдэгч У.Эгийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөг авсан бөгөөд “....................” ХХК-ийн “...” зээлийн төвөөс шүүгдэгч У.Эд 40.000.000 төгрөгийн зээл олгох болсон үндэслэл нь шүүгдэгч У.Эг Голомт банкнаас бизнесийн зээл авахаар хөөцөлдөж байгаад болон Худалдаа хөгжлийн банкны орон сууцны ипотекийн зээлийн дансны хуурамч хуулганд итгэсэн явдал юм.
Гэтэл шүүгдэгч нар нь Худалдаа хөгжлийн банкны орон сууцны ипотекийн зээлийн дансны хуулгыг хуурамчаар үйлдэн бодит байдлыг нуун дарагдуулж, улмаар Голомт банкнаас бизнесийн зээл хөөцөлдөж байгаа мэтээр худал хэлж “....................” ХХК-ийн “...” зээлийн төвийн захирал Д.Бжыг төөрөгдөлд оруулсан нь:
- Иргэний нэхэмжлэгч Д.Бжын “...У.Э нь хаах гэж байгаа зээлийн 43.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулгыг авчирсан байсан. Харин зээлээ авчхаад манайхаас авсан зээлээ хаахгүй удаагаад байхаар нь зээл хаасан дансны хуулгыг авчрахыг шаардахад зээл хаасан талаарх хуулгыг манайд авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/, “...Э нь зээлийн гэрээний хуулга буюу Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулга, зээл хаасан гэсэн хуулгыг хуурамчаар үйлдэж манайд авчирч өгсөн. Дараа нь бүх зүйл худлаа болсны дараа би Эгаас “хуулга чинь хуурамч байна шүү дээ, хаана хийлгэсэн юм бэ?” гэж асуухад “би сайн мэдэхгүй, манай найз Г надад хэвлэлийн газраар хийлгэсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/, “...Энэ У надад хэлэхдээ “барьцаа нь хүрэхгүй байгаа юм” гэж хэлэхээр нь би зээлийн шийдвэр нь гарсан юм байна. Гэхдээ барьцаа нь хүрэхгүй байгаа учраас манайхаар Э нь зээлээ чөлөөлүүлээд Голомт банканд үл хөдлөх хөрөнгөө авч ирж өгөх гэж байгаа юм байна гэж би ойлгосон. Хамгийн гол нь Э нь “Голомт банкнаас зээл авах гэж байгаа, та ороод асуучих” гээд намайг дагуулж ороод итгэлтэйгээр эдийн засагчтай уулзуулсан болохоор нь би нарийн асуухгүйгээр итгэл төрсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174/,
- Гэрч О.Бгийн “...У.Эгийн “...” зээлийн төвд өгсөн 2 хуудас хуулга мэт зүйл бол Эгийн орон сууцны зээлийн данс мөн боловч зээлийн үлдэгдлийн хэмжээг өөрчилсөн байна. Уг нь би тэр өдөр 20.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой боловч таны надад үзүүлж байгаа хуулга мэт зүйл дээр 40.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн хуулга мэт зүйл дээр байгаа 2 ширхэг тэмдэг манай байгууллагынх мөн боловч миний харснаар өнгөт хувилагчаар хувилсан юм шиг харагдаж байна. Уг хуулга дээрх гарын үсгүүд нь минийх мөн боловч тухайн хуулга миний У.Эд гаргаж өгсөн хуулга биш тул баталгаат гарын үсэг гэж хэлэхгүй. Тодруулбал миний гаргаж өгсөн хуулганы зээлийн үлдэгдэл дүнг засаж өөрчилсөн хуурамч хуулга гэж харагдахаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,
- Гэрч Г.Гын “...Бжаас “нөгөө зээл чинь төлөгдөөгүй байна. Юу болсон бэ?” гээд У.Эд зээл олгох үедээ бүрдүүлсэн материалыг цахим шуудангаар татаж авсан. Худалдаа хөгжлийн банкны хуулга 2 ширхэг, Д.Эд зээл олгосон зээлийн гэрээний хуулбар, зээлдэгчийн анкет зэргийг ирүүлсэн. Ингээд материалыг хянаж үзэхэд зээлийн дансны хуулга нь хуурамч байж болох шинж байсан. Тухайлбал 2 дансны хуулганы тэмдэг, гарын үсэг яг адилхан байсан. Ингээд Бжд “дансны хуулга чинь хуурамч байж болзошгүй байна” гэж хэлэхэд “би мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171/,
- Гэрч Э.Урын “...2019 оны намар Г надтай ирж уулзаад нэг бичиг баримт хувилаад өгөөч гээд гуйхаар нь манайд хувилагч байхгүй ч таньдаг учраас өөрөө скайнердаад хувилаад ав гэж хэлсэн. Миний өмнөөс харсан компьютер дээр Г суугаад скайнердаад би хэвлэгчтэй учраас хэвлээд Гт өгсөн. Г нь дансны хуулга шиг иймэрхүү жагсаалт шиг зүйл хэвлэсэн. Г өөрөө скайнердсан учраас өөрөө дансны хуулгыг засварлаж өөрчилсөн байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 125-128/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үлэмж хэмжээтэй хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч У.Э, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас “....................” ХХК-ийн “...” зээлийн төвд 40.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Г.М нь шүүгдэгч У.Э нь 8.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 32.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан 40.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүр нь 20.000.000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч С.Г нь 11.000.000 төгрөгийг шүүгдэгч У.Эгийн ХААН банк дахь 5094****** дугаартай дансанд шилжүүлснээс шүүгдэгч Э.Э нь 8.000.000 төгрөгийг нь “....................” ХХК-ийн зээлд төлсөн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч С.Гийн ХААН банк дахь 5046****** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 57, 110/, шүүгдэгч У.Эгийн ХААН банк дахь 5094****** дугаарын данснаас “....................” ХХК-ийн ХААН банк дахь 5009****** дугаарын данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /1-р хх-ийн 154/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э, С.Г, хохирогч Г.М нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Гийн хариуцах 20.000.000 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг хасаж тооцон түүнээс 9.000.000 төгрөгийг, шүүгдэгч У.Эгаас 23.000.000 төгрөгийг тус тус гаргуулж “....................” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Г, У.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч С.Г, У.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Г нь ам бүл 6, нөхөр болон 0-7 насны 4 хүүгийн хамт амьдардаг, шүүгдэгч У.Э нь ам бүл 5, нөхөр болон 0-12 настай 3 хүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 7, 11/, шүүгдэгч С.Гийн 7 настай хүү Б.Б, 6 настай хүү Б.Т, 3 настай хүү Б.Ч, 7 сартай хүү Б.С нарын, шүүгдэгч У.Эгийн 12 настай хүү Б.М, 5 настай хүү Б.М, 1 сартай хүү Б.И нарын төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 3-6, 9-10, 46/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч У.Э, С.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэл насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор заасан.
Шүүгдэгч У.Э, С.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч У.Эгийн хүү Б.И нь 1 сартай, шүүгдэгч С.Гийн хүү Б.С нь 7 сартай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул шүүгдэгч У.Э, С.Г нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан утасны яриа бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт С.Г, Б овогт У.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, С.Г нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, С.Г нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан утасны яриа бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Эгаас 23.000.000 /хорин гурван сая/, шүүгдэгч С.Гээс 9.000.000 /есөн сая/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч “....................” ХХК /Г.М, утас: 90036868/-нд олгож, шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлснийг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, С.Г нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан У.Э, С.Г нар нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э, С.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Э, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР