Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1424

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Р.Баярсайханы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00874 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Р.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Бат-Иргээдүйд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ариунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ч.Бат-Ирээдүйтэй 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 80 000 000 төгрөгийг бөөнд нь өгөх ёстой байсан боловч төлбөрийг төлөхгүй удаа дараа худал хэлж явсаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 80 000 000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээний 2.7-т заасныг үндэслэн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тул алданги 37 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Баярсайханаас 80 000 000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулахад надад мөнгө өгөөгүй, 5 ширхэг машин худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Эдгээр машиныг зараад мөнгөө олж ав гэсэн. Тэгсэн атлаа гэрээн дээр мөнгө бэлнээр өгсөн гэж бичээд надад мөнгийг эргүүлж өгөх 3 сарын хатуу хугацаа өгсөн. Надаас хүү, алданги авахгүй гэж байсан мөртлөө хүү алданги тооцоод 80 000 000 төгрөг гэж бичсэн. Энэ 80 000 000 төгрөгт өмнө нь авсан 2 машины үлдэгдэл төлбөр бас тооцогдсон. Тэр 5 машин нь гаалиар 2014 онд орж ирсэн, үнэлгээ багатай машин байсан тул зарагдахгүй удсан. Гэсэн ч би хүний машин нэгэнт авсан учир хэлсэн мөнгийг нь өгсөн. Надаас ингэж үндэслэлгүйгээр ийм их хэмжээний мөнгө нэхнэ гэж бодоогүй, зарагдахгүй байсан машиныг нь авч, зах зээлийн үнээс илүү үнээр тооцож, хүү, алдангийн хамт буцааж өгсөн. Надад бэлэн мөнгө өгөөгүй, намайг төөрөгдүүлж хийсэн гэрээ тул энэ гэрээний дагуу алданги нэхэх үндэслэлгүй. Ч.Бат-Ирээдүй 2 жилийн турш машинуудыг зарсан ба 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Р.Баярсайханд 80 000 000 төгрөг өгсөн. Өмнө нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 300 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 700 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөг төлсөн. Нотариатч үнэн зөвийг батлах ёстой байхад зээлийн гэрээний 2.5-д 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр олгосон гэж баталж өгсөн байдаг. Гэтэл машин шилжүүлсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Гэтэл мөнгийг өгөхгүйгээр бусад зүйлээр орлуулж өгсөн нь 3 сарын хугацаанд зарагдах боломжгүй нөхцөл байдал үүсч, уг машиныг 2 жилийн хугацаанд зарж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Р.Баярсайханд 80 000 000 төгрөг өгсөн байдаг. Энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ учраас уг гэрээний дагуу алданги тооцох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс нийт 37 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 342 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс 342 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Зээлийн гэрээний мөн чанар бол зээлдүүлэгч нь тухайн зээлийн гэрээнд заасан мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдүүлэх, зээлдэгч нь тодорхой хугацааны дараа зээлсэн мөнгө эсхүл авсан эд зүйлийг тэр төрөл, тоо чанар, хэмжээгээр эргэн төлөх үүрэг хүлээдэг. Харин Р.Баярсайхан нь Ч.Бат-Ирээдүйд 80 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй байна. Үүнийгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл 5 ширхэг машин худалдах эрх бүхий итгэмжлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтаар гаргаж өгсөн. Зээлийн гэрээ байгуулагдсан гол шалгуур бол зээлийн гэрээнд юу зээлэхээр заасан байна, түүнийг бэлнээр зээлдэгч талд хүлээлгэн өгөхийг шаарддаг. Бодит байдал дээр 80 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, харин 5 ширхэг машин заруулаад 80 000 000 төгрөгийг буцаан авах байжээ. Мөн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5 автомашины итгэмжлэл хийсэн байхад, 80 000 000 төгрөгийн төлбөр нь 7 автомашиных байсныг төлбөрийн баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч баталдаг.Шүүхийн дүгнэлтэд 80 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашин өгөөгүй, 7 ширхэг автомашины төлбөр 80 000 000 төгрөг болсон байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн 5 ширхэг автомашиныг захиран зарцуулах итгэмжлэлийг 1 жилийн хугацаатайгаар хийж өгсөн нь тухайн автомашинуудын худалдагдах боломжит хугацааг илэрхийлсэн гэж үзнэ. Шүүхийн алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг хэрэглэлгүй, 80 000 000 төгрөгийн үнэ бүхий үүргийн алдангид шууд 202 000 000 төгрөг болж байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

...Иргэний хуулийн үзэл баримтлал хийгээд ерөнхий ангийн хүчин төгөлдөр гэрээ эсэхийг тодорхойлох болон гэрээний үүргийн талаарх зохицуулалтууд, тусгай ангийн гэрээнүүд, гэрээний зүйлийн утга учир хийгээд тухайлсан зохицуулалт бүхий гэрээний хариуцлагын талаарх асуудлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйн зэрэгцээ, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Р.Баярсайхан нь хариуцагч Ч.Бат-Ирээдүйд холбогдуулан зээлийн гэрээний алдангид 37 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...80 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, 7 ширхэг автомашиныг зээлээр өгсөн, гэрээгээр тогтоосон хугацаанд автомашины үнийг өгөөгүй тул зээлийн гэрээг үндэслэж алданги нэхэмжилсэн” гэж тайлбарлажээ.

            Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 80 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатайгаар, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Р.Баярсайхан нь өөрийн эзэмшлийн 2009 онд Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота Королла Аксио маркийн, 2007 онд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан Тийда Латио маркийн, 2008 онд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан Вингроуд маркийн, 2009 онд Япон улсад үйлдвэрлэсэн Хонда Инсайт маркийн, 2003 онд Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота Альфарт маркийн автомашиныг өөрийгөө төлөөлүүлж худалдах, худалдан авах гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах бүрэн эрхийг Ч.Бат-Ирээдүйд тус бүр 1 жилийн хугацаагаар, Ч.Бат-Ирээдүй нь “Ирээдүй Минж транс” ХХК-ийн нэр дээрх Говь-Алтай аймаг, Тайшир сум, Шар тохой нэртэй газар орших 1754.99 га-д ашигт малтмалын хайгуул хийх XV-018031 тоот тусгай зөвшөөрлийг Банк болон ББСБ-д барьцаалах, гэрээнд гарын үсэг зурах, захиран зарцуулах, түүнтэй холбоотой бүх харилцаанд бүрэн төлөөлөх эрхийг Р.Баярсайханд 3 жилийн хугацаагаар тус тус итгэмжлэлээр олгосон байна. /хх 5, 26-36/

            Нэхэмжлэгч талаас хариуцагчид “...автомашин худалдах, худалдан авах гэрээ хийх...төлбөрийг хүлээн авах эрхийг 1 жилийн хугацаагаар олгосон” тухай итгэмжлэл, хариуцагчийн “...надад мөнгө өгөөгүй, 5 ширхэг автомашин худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн, 5 машин нь гаалиар 2014 онд орж ирсэн зарагдахгүй удсан, үнэлгээ багатай байсан” /хх 11/ гэх тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Р.Баярсайхан нь хариуцагч Ч.Бат-Ирээдүйн хувьцааг нь эзэмшдэг “Ирээдүй Минж транс” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг барьцаалж, хариуцагчид 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсон байх ба уг мөнгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлэлгүйгээр дээрх 5 машиныг худалдан борлуулж үнийг нь зээлдүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт зөв боловч харин уг гэрээг үндэслэн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

            Хариуцагч Ч.Бат-Ирээдүй нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн төлбөрт 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь Р.Баярсайханы ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар маргаагүй байна. /хх 21, 50/

            Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар хариуцагчид шилжүүлсэн автомашинууд нь хэзээ, ямар үнээр худалдагдсан, зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хэзээ бодитойгоор эзэмшилдээ авсан зэрэг нь тодорхойгүй байгаагаас зээлдэгчийн төлбөрийн үүрэг гүйцэтгэвэл зохих хугацааг тодорхойлох боломжгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн хэтрүүлсэн хоногийг тооцоолон алданги гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ч.Бат-Ирээдүйд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 000 000 төгрөг гаргуулах тухай Р.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Бат-Ирээдүйн төлсөн 342 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                        ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН