Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0496

 

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/1496

Улаанбаатар хот

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Дал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, И ХХК-ийн нэхэмжлэлтэй, И холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар гаргаж өргөдлийн Х20150406985, Х201504061031 дугааруудыг тус тус 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр авсан бөгөөд цахим бүртгэлд заасан хугацаа болох 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах гэсэн боловч Кадастрын хэлтсээс ойлгомжгүй тайлбар хэлээд өргөдлийг хүлээж авалгүй буцаасанд Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын дээд шатны албан тушаалтанд 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан билээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д "Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх" нь Ашигт малтмалын газарт чиглэгдэж эрх зүйн хэлбэр, агуулгын шаардлагыг хангасан байдаг. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай 2010 оны 6 дугаар сарын 17-ны хууль батлагдахаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ашигт малтмалын газар 2010 оны 4 дүгээр сарын 20-ноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг зогсоох тухай чиглэл өгсөн байдаг. Тэрхүү чиглэлийг нь Ашигт малтмалын газар иргэн, хуулийн этгээдэд мэдээлж, ямар нэг маргаан, эргэлзээтэй асуудал үүсгээгүй юм. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3202 дугаар албан бичигт ... 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн нь Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-т заасан акт болно" гэжээ.

Хэвлэлийн бага хурлыг манай компанийн зүгээс тухайн үед үзэж, танилцаагүй ба дээрх албан бичгийг аваад бичлэгтэй танилцахад 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг үүрэг болгосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл мөн Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр дурдагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй байх.

Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурлын үеэр амаар эсхүл бичгээр гаргасан "захиргааны акт" нь зөвхөн И ХХК-тай холбоотой эсхүл манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохицуулахад чиглэгдсэн гэж үзэхгүй байна.

Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах хуулийн этгээдүүдэд бүгдэд нь тэгш, байнга давтан үйлчлэх хэм хэмжээ агуулсан зохицуулалт гэж харж байна. Манай компани төхөөрөмж худалдаж авах, түүнийг идэвхжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авах зэргээр багагүй зардал гаргасан ба цахимаар өргөдлийн дугаар авч, цахим бүртгэлд заасан хугацаа болох 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлөө гаргахад өргөдлийг огт хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Бид тусгай зөвшөөрөл авна гэж маргаад байгаа юм биш, гагцхүү дээр дурдсан зардал гаргаж, үйлчилгээний хураамж төлсний хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үйлчилгээгээ авч хуульд заасан хариуг авахыг хүссэн юм.

Иймд И ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно.

Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхай сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн.

Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны акт болно.

Иймд "И" ХХК-иас гаргасан Х20150406985, Х201504061031 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.2, 7.1.6-д зааснаар И ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг компанийнөргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг тус Кадастрын хэлтэст даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан "И" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнХ20150406985, Х20150406985 дугаартай өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, эдгээр өргөдлийг Ашигт малтмалын хуулийн дагуу шийдвэрлэж хариу өгөхийг Кадастрын хэлтэст болгуулах даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Кадастрын хэлтэс тус компанийн өргөдлийг хүлээж аваагүй болох нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3201 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараарнотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Засгийн газар өөрт хуулиар олгосон чиг үүрэгт хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" гэж заасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталсан.

Дээрх Засгийн газрын тогтоосон талбайгаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлээр Уул уурхайн сайдад даалгасны дагуу мөн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 тоот албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.

Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу 104 дүгээр уртрагын баруун талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Засгийн газрын тогтоосон талбайгаас өөр газар буюу 104 дүгээр уртрагын зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг авч, өргөдлийг Кадастрын хэлтэс гаргасныг хүлээн авч хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт "өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыгхангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх" гэж заасан нөхцөл байдал бий болсон.

Кадастрын хэлтэс нь хуулийн дээрх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана" гэж заасан нь дээрх Засгийн газрын тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын газрын энэхүү үйлдэл нь "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн дотор нэхэмжлэгчийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэсшийдвэрлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

"И" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х20150406985 дугаартай өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд мөн өдөр нь эдгээр өргөдлийг хүлээн авахаас татгалзаж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэсэн бөгөөд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1-320 тоот бичгээр Засгийн газрын тогтоосон талбайгаас өөр газар хандсан тул хүлээн авах боломжгүй тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа ... манай 2 өргөдлийг хүлээн авахгүй байгааг хууль бус болохыг тогтоож тусгай зөвшөөрөл хүссэн 2 өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг даалгах гэж тодорхойлон, үндэслэлдээ ... Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид хайгуулын тусгай зөвшөөрлийг бүсчилж олгох ... тухай зохицуулалт байхгүй ... гэж тайлбарлажээ.

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгожээ.

Уул, уурхайн сайд нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Засгийн газрын дээрх 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун тал буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын тухай холбогдох танилцуулгаар[1] тогтоогдож байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д Агентлаг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Уул, уурхайн сайдын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагаст эхний ээлжинд, дараа нь зүүн хагаст олгохоор зохион байгуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Уул, уурхайн сайд, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа нар энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээллэсэн, уг мэдээллийг олон нийт хүлээн авч, нутаг дэвсгэрийн баруун хагаст өргөдлөө гаргаж шийдвэрлүүлж байгаа болох нь хэрэгт хавсаргасан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн телевизийн бичлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан өргөдлийг цахим хэлбэрээр анх удаа авахтай холбоотой хүчин чадал нь хүрэхгүй, энэ систем нь өдөрт 120 өргөдөл авах хүчин чадалтай. ... нийтэд мэдээлсэн учраас баруун хагаст 3000 гаруй өргөдөл ирсэн, харин зүүн хагаст зарлаагүй байхад нэхэмжлэгчтэй адил 30 компани л өргөдөл өгөөд шүүхээр яг энэ байдлаар маргаж байгаа гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс нь нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл огт олгохгүй гэж шийдвэрлээгүй, гагцхүү Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг эмх цэгцтэй явуулах зорилгоор эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагаст, дараа нь зүүн хагаст ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээр зохион байгуулж, нийтэд мэдээлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд ... бидний гол хүсээд байгаа юм нь уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан журмын дагуу хүлээн авч, өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, хуульд заасан хийх ёстой ажиллагааг хийснийхээ дараа хариугаа өгөх ёстой байсан. Энэ хуулийн дагуу өргөдөл бүртгэх дэвтэртээ бүртгэчихвэл ямар хариу өгөх нь дараагийн асуудал ... гэсэн тайлбар гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1-д шаардлага хангасан өргөдлийг хүлээн авч он, сар, өдөр, цаг минутыг тэмдэглэх, тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд өгсөн өргөдөлд тусгай тэмдэглэл хийх, түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэх шүүлт хийх зэрэг үйл ажиллагааг захиргааны байгууллага явуулахаар заажээ.

Үүнээс үзвэл тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэхэд шаардлага хангасан өргөдлийн бүртгэгдсэн хугацаа онцгой ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана гэж заасныг зөрчиж, захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх тул уг өргөдлийг дээрх хуулийн 19.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэдэг дэвтэрт бүртгэж, хуульд заасан ажиллагаа хийх өргөдөл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүсэхээргүй байна.

Харин хариуцагч нь төрийн захиргааны байгууллага болохынхоо хувьд хуулийн этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авч, бичиг хэргийн ажилтан нь бүртгэн, өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.1-д заасны дагуу хүлээн авах боломжгүй шалтгаанаа зааж үндэслэл бүхий хариу өгөлгүй шууд буцаасан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-д Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д өргөдөл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасныг зөрчсөн боловч нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу дээд шатны албан тушаалтан Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3202 дугаар албан бичгээр ... зүүн хэсгийн талбайд өргөдөл хүлээж аваагүй байгаа болно. ... өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгч уг алдааг зассан байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх албан бичгийг буруу үнэлж хариуцагчийг хүлээн авч хариу өгөөгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгасан нь үндэслэлгүйн гадна нэхэмжлэлийн ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагатай нийцээгүй, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нийтэд зарлаагүй талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бусад иргэн, хуулийн этгээдээс давуу байдлаар түрүүлж ирүүлсэн өргөдлөөр бүртгүүлж, шийдвэрлүүлэх эрхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэн авч шийдвэрлээгүй нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ