Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1513

 

2018.11.05

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ѲМНѲѲС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Номин,                           

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигин овогт Жүгдэргаравын Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0119 21176 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв . 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигин овогт Жүгдэргаравын Ж.М, 1980 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тѳв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, ***************** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байсан Төв аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 16-ны ѳдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээс түдгэлзэн тэнсэж 1 жилийн хугацааг хянан харгалзсан,

                 -Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял эдэлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, **************** тоот регистрийн дугаартай.

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амгалантай маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хохирогчийг яагаад та галдаа хийдэг зүйл рүү шээгээд байгаа юм бэ гэхэд намайг чамд ямар хамаа байнаа гээд байсан. Тэгээд маргалдаад цохисон. Миний буруу” гэв.

Хохирогч Д.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны ѳдрийн 17-18 цагийн үед айлд очихоор дэлгүүр орж идэх юм аваад Бөмбөөлэй цайны газрын цаана зүүн тийш 100-аад метрийн цаана төв зам дагуу нүүрс, түлээ зардаг газрын тэнд шээсэн чинь эхлээд 1 залуу ирээд намайг наана чинь шээж болохгүй шдээ гэхээр нь би ах нь нүүрс рүү шээгээгүй ш дээ гэсэн. Тэгээд шээж дуусах гэж байтал 30  орчим насны бараан куртиктай 1 залуу араас бөгс рүү өшиглөхөөр нь би түүнтэй заамдалцаж авсан чинь намайг татаж унагаасан, намайг газар унасан байхад миний толгой, зүүн чамархай, хөл, бие зэрэг газар руу өшиглөж байснаа больсон... Заамдсан залуу миний нүдний зүүн чамархай, хөл, бие рүү өшиглөснөөс болж зүүн чамархай, толгой хавдсан... Би шинжээчийн дүгнэлтүүдтэй  танилцлаа. Миний биед учирсан гэмтлийг надтай заамдалцсан залуу учруулсан нь үнэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-28-29 /,

Гэрч А.Нэргүйбаатар мѳрдѳн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд тэр хоёр барилцаад авсан, тэгээд Магнай ах нөгөө хүнийг татаад газар унагаасан...” гэх мэдүүлэг. /xx-25/,

Насанд хүрээгүй гэрч Э.Отгонган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж.М ах тэр ахыг шээгээд дуусаагүй байхад нь бөгс рүү нь 1 удаа ѳшиглѳсѳн чинь шээж байсан ах уурлаад Ж.М ахтай заамдалцаад зууралдсан... Ж.М ах газар унасан ахыг толгой, биерүү нь өшиглөсөн, мөн бөгс рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг./xx-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1655 дугаартай дүгнэлт:

  1. Д.Энх-Амгалангийн биед тархи доргилт, зүүн чамархай болон хуйхны зѳѳлѳн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тонтонгид нөлөөлөхгүй болно зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амгалантай маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

Иймд шүүгдэгч Ж.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Энх-Амгалан нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мѳрдѳн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаас 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Жүгдэргаравын Ж.Мт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Мыг 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

4.Хэрэгт эд мѳрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР