| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00601/и |
| Дугаар | 661 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 661
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2017/00661 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 7-76 тоотод оршин суух Сартуул овгийн Тогтохын Лхагвасүрэн /ИЭ85121887/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 6 байрны 07 тоотод оршин суух Боржигон овгийн Гэрэлтуяагийн Гантулга /НЭ89102931/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Лхагвасүрэн, Хариуцагч Г.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие нь 2013 оноос 2016 оны 10 сар хүртэл Г.Гантулгатай хамтран амьдарч байсан. Бид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан. Ингээд 2017 оны 05 сарын 10-нд охин Г.Солонгыг төрүүлж Гантулгаар овоглож гэрчилгээ авсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул хариуцагч Г.Гантулгаас хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2017 оны 05 сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Солонго нь миний хүүхэд мөн болно. Миний бие нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Лхагвасүрэн, хариуцагч Г.Гантулгад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.
Тогтохын Лхагвасүрэн, Гэрэлтуяагийн Гантулга нар гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр гэр бүлийн харьцаатай байснаар 2017 оны 05 сарын 10-ны өдөр охин Г.Солонгийг төрүүлж, эцэг Г.Гантулгаар овоглон төрсний бүртгэлд 2017 оны 05 сарын 22-ны өдөр бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний 1110001430 тоот гэрчилгээгээр, Г.Солонго нь эсэн мэнд бойжиж байгаа болох нь өрхийн эмчийн тодорхойлолтоор, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа тухай шүүхэд илэрхийлсэн бөгөөд хариуцагч хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар охин Г.Солонгод эцэг Г.Гантулгаар тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаао улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Гантулгаас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Солонгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Гантулгаар тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар , хариуцагч Г.Гантулга 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН