Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 666

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00666

                           Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 9 дүгээр байр 19 тоотод оршин суух, Шарайд овгийн Холхорын Оюунчимэг /УЗ61111308/-ийн нэхэмжлэлтэй, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 1961 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Дадал сумын Балж бригадад Холхорын 7 дах хүүхэд болж төрсөн. Хэнтий аймгийн Дадал сумын бага сургуульд 1970 онд 9 настайдаа орж 1978 төгсөөд улмаар Биндэр сумын 10 жилийн сургуулийг 1980 онд төгссөн. Ингээд 1980 оноос 1981 онд Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэлд нэг жил сураад Белорусын их сургуулийг 1981 оноос 1987 онд суралцаж төгссөн. 

Бичиг баримт дээрх төрсөн он төрсөн зөрсөн учрыг тайлбарлавал миний бие нь багаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байсан бөгөөд 8 дугаар ангид суралцаж байхад 1978 онд сургуулийн хүүхдийн дунд зохиогддог Яргуй наадам болсон юм. Энэ наадамд 16 хүртэл насны хүүхдүүд оролцдог байсан тул тухайн үеийн сургуулийн багш нар миний хувийн хэрэг дээр төрсөн он 1961 он гэж бичсэн байсныг 1962 он гэж засаж оролцуулсан байдаг. Би 1977 онд 16 нас хүрээд БНМАУ-ын иргэний үнэмлэхээ авсан байсан бөгөөд энэ үнэмлэх дээрх төрсөн оныг 1962 он гэж зассан тул үүнээс хойш миний бүх баримт бичиг маань 1962 оны 11 сарын 13-нд төрснөөр бүртгэгдэж, энэ бүртгэлээр 1987 оннос 1994 оны 3 сар хүртэл хугацаанд Төв аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мастер, 1994 оны 03 сараас 1999 оныг дуустал Төв аймгийн банкны салбарт опеатор нябогоор, 2000 оноос Мандухай цэцэн ХХК-д менежерээр одоог хүртэл ажиллаж байгаа юм.

Энэ ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүд бүгд 1962 оны 11 сарын 13-нд төрснөөр бүртгэсэн байгаа тул регистрийн дугаарыг  НЭ62111367 гэж олгож улмаар энэ регистрийн дугаараар үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

2012 онд шинэчилсэн иргэний үнэмлэх авахаар төрсний бүртгэлийн лавлагаа шүүлгэж үзтэл 1961 оны 11 сарын 13-нд төрснөөр, регистрийн дугаар УЗ61111308 гэсэн Улсын бүртгэлийн лавлагаа гарснаар Монгол улсын иргэний үнэмлэхэ авсан.

Иймд миний бичиг баримтууд болох 197583 тоот хөдөлмөрийн дэвтэр, 060774, 0291150 тоот нийгмийн даатгалын дэвтэр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд НЭ62111367 гэх регистрийн дугаар нь  миний УЗ61111308 регистрийн дугаартай, 1961 оны 11 сарын 13-нд төрснөөр бүртгэж олгосон иргэний үнэмлэхтэй тохирохгүй байгаа тул эдгээр баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлаад                                                                                                        

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.Оюунчимэгийн Төв аймгийн Ой агнуурын аж ахуйгаас 1987 оны 08 сарын 01-ний өдөр олгосон 197583 тоот хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Зуунмод сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 01 сарын 07-ны өдөр олгосон 060774 тоот, мөн 2007 оны 09 сарын 19-ний өдөр олгосон 0291150 тоот нийгмийн даатгалын дэвтрүүд мөн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Хуучнаар хотын захиргааны барилгын баруунаас 1 дэх хаалга хаягт орших, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002018 дугаарт бүртгэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000096999 тоот гэрчилгээ болон Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны баруун талд байршилтай, үйлчилгээний зориулалтай 56.0 ам метр сууцны талбай бүхий тоосгон дан барилгын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427001669 тоот дугаарт бүртгэгдсэн 000097000 тоот гэрчилгээн дэх 1962 оны 11 сарын 13-нд төрсөн, НЭ62111367 тоот регистрийн дугаар нь түүний иргэний үнэмлэх дээрх 1961 онд төрсөн гэх бичилт, УЗ61111308 тоот регистрийн дугаартай тохирохгүй байгаагаас дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага  гарчээ.

          Нэхэмжлэгч Шарайд овгийн Холхорын Оюунчимэг нь УЗ61111308 регистрийн дугаар  бүхий 1961 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн гэж  бичигдсэн цахим  иргэний үнэмлэхтэй  байх бөгөөд дээр дурьдсан бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд 2017 оны 03 сарын 15-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэх, Шарайд овгийн Холхорын Оюунчимэг, регистрийн дугаар УЗ61111308 .. гэх бичилт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 00/00198 тоот лавлагаанд Холхорын Оюунчимэг  “...1961 оны 11 сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрснийг 1961 оны 12 сарын 02-ны өдөр бүртгэсэн...” гэх бичилт, гэрч Х.Оюунгэрэл: Би Х.Оюунчимэгийн төрсөн эгч нь, Х.Оюунчимэг нь 1961 оны 11 сарын 13-нд төрсөн, түүний дүү Х.Баярсайхан 1963 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн байдаг. Х.Оюунчимэгийн төрсөн он нь 1962 он гэж буруу бичигдэж явсан байна  гэх мэдүүлэг, мөн Х.Оюунчимэгийн 1977 оны 04 сарын 26-нд олгосон БНМАУ-ын иргэний 733616 тоот үнэмлэхэд бичигдсэн төрсөн оныг 1962 онд төрсөн гэж засвартай бичиж, улмаар үүнээс хойшхи бичиг баримтууд нь 1962 онд төрснөөр бичигдэж явсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, мөн Холхорын Оюунчимэгийг ажилд авах тухай Ардын банкны Төв аймаг дахь 518 дугаар салбарын захирлын 1994 оны 03 сарын 10-ны өдрийн 16 тоот ажилд авах тушаал, Сэргээн босголтын банкны Төв аймаг дахь салбариын захирлын 1997 оны 07 сарын 09-ний өдрийн 43 тоот тушаал, Төв аймаш дахь Хадгаламжийн банкны 1997 оны 01 сарын 24-ний өдрийн 01 тоот тушаал, 1997 оны 07 сарын 08-ны өдрийн 18 тоот тушаалууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

 

    Иймд хэрэгт ирүүлсэн дээрх баримтууд болон  гэрчийн хууль сануулж авсан мэдүүлэг зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Холхорын Оюунчимэг нэртэй 1962 оны 11 сарын 13-нд төрсөн огноотой, НЭ62111367 тоот регистрийн дугаар бүхий бичилтэйгээр  Төв аймгийн Ой агнуурын аж ахуйгаас 1987 оны 08 сарын 01-ний өдөр олгосон 197583 тоот хөдөлмөрийн дэвтэр,

            Төв аймгийн Зуунмод сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 01 сарын 07-ны өдөр олгосон 060774 тоот, мөн 2007 оны 09 сарын 19-ний өдөр олгосон 0291150 тоот нийгмийн даатгалын дэвтрүүд,

            Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Хуучнаар хотын захиргааны барилгын баруунаас 1 дэх хаалга хаягт орших, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002018 дугаарт бүртгэгдсэн,  Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000096999 тоот гэрчилгээ, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны баруун талд байршилтай, үйлчилгээний зориулалтай 56.0 ам метр сууцны талбай бүхий тоосгон дан барилгын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427001669 тоот дугаарт бүртгэгдсэн 000097000 тоот гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Шарайд овгийн Холхорын Оюунчимэг /регистрийн дугаар  УЗ61111308/  мөн болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОН