| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00633/и |
| Дугаар | 667 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 667
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/00667 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 3 гудамж 2 тоотод оршин суух, Боржигон овгийн Дондовын Болормаа /НК67082404/-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болормаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал хоньчноор ажиллаж байгаад улмаар Өндөрширээт сум, Бүрэн сум нэгдснээр Бүрэндэлгэрэх нэгдэлд 1991 оны 01 сараас 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Миний энэ хугацаанд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа боловч нийгмийн даатгалын байгууллага шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Болормаа ажиллаж байсан тогтоолгох тухай хүсэлтээ шүүхэд гаргасан байна.
Дондовын Болормаа нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 06 сарын 23-ны өдрөөс 1989 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1989 оны 10 сарын 13-ны өдрөөс 1992 оны 06 сарын 30 хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 06 сарын 23-ны өдрийн 43 тоот ажилд томилох тухай тушаалын а дугаарт Дондовын Болормааг Баянтуул бригадад хоньчноор гэх бичилт, Өндөрширээт сумын Хөгжил нэгдлээс 1984 оны 06 сарын 20-ны өдөр олгосон 1984 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанзд сар тутам цалин хөлс олгосон тухай бичилтээр,
Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 сарын 13-ны өдрийн 35 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын Бүрэн хэсгийн малчдын 9 дүгээрт Д.Болормаа гэсэн бичилтээр мөн Бүрэндэлгэрэх нэгдлээс 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны сар тутам цалин хөлс бичсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрээр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дондовын Болормаагийн Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 06 сарын 23-ны өдрөөс 1989 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1989 оны 10 сарын 13-ны өдрөөс 1992 оны 06 сарын 30 хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН