Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 697

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Архуст сум Нарст 2 дугаар баг Архуст 2-7 тоотод байрлах Оньс-үүд ХХК, захиарал Б.Алтангаяад холбогдох

34 262 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мал хамгаалах сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2003 оны 160 дүгээр тогтоолоор батлагдсан "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 06дугаар сарын 08-ны өдрийн А/90 дугаар тушаалаар Оньс-Үүд ХХК-ийн захирал Б.Алтангаяа нь 30,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай "ЭМААХДХ"-2012/1/23 тоот зээлийн гэрээг байгуулсан байна.

Хариуцагч Оньс-Үүд ХХК нь 2012 онд 6 720 000 төгрөгийг, 2014 онд 2 000 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнээс хойш өдий хүртэл төлбөрөө төлөөгүй тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл 22 589 800 төгрөг, зээлийн хүү 1 673 400 төгрөг, алданги 10 000 000 төгрөг нийт 34 262 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ ... Нэхэмжилж буй 34 262 400 төгрөгнөөс 6 000 000 төгрөгнөөс татгалзаж нийт 28 252 400 төгрөгийг 2017 оны 10 сарын 20-ноос 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 3 500 000 төгрөг, 2018 оны 9 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 4 563 400 төгрөг нийт 28 262 400 төгрөгийг Мал хамгаалах сангийн Төрийн сангийн 100900019036 тоот дансанд тушааж байхаар тохиролцож, Оньс-Үүд ХХК-ийн захирал Б.Алтангаяа нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар барьцаа хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь хариуцагч Оньс-Үүд ХХК-д холбогдуулан 34 262 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь 34 262 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг татгалзаж,

хариуцагч Оньс-Үүд ХХК нь 2017 оны 10 сарын 20-ноос 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл сар 3 500 000 төгрөг, 2018 оны 9 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 4 563 400 төгрөг, нийт 28 262 400 төгрөгийг Мал хамгаалах сангийн Төрийн сангийн 100900019036 тоот дансанд тушааж байхаар байгуулсан зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мал хамгаалах сан хариуцагч Оньс-Үүд ХХК, захирал Б.Алтангаяад холбогдох 34 262 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Оньс-Үүд ХХК нь 2017 оны 10 сарын 20-ноос 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 3 500 000 төгрөг, 2018 оны 9 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 4 563 400 төгрөг нийт 28 262 400 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Оньс үүд ХХК-иас тэмдэгтийн хураамж 149605 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН