| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00508/и |
| Дугаар | 698 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 698
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 11-1-11 тоотод оршин суух, Авзага овгийн Доржийн Ганбаатар /НЮ54010170/,
Хариуцагч: Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
3224000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн аваад
Шүүх хураодаанд: Нэхэмжлэгч Д.Ганбаатар, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бүжинлхам, нарийн бичгийн дарга Д.даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 0006 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр аймгийн тамгын газрын ажилд 2015 оны 06 сарын 15-наас 11 сарын 15 хүртэл 78 хоног,
2000 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 20 хоног,
0001 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 11 хоног явж ажил гүйцэтгэсэн. Иймд аймгийн тамгын газраас миний цалин хөлсгүй 6 сар ажилласан хөлс болох 3224000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүх ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Нэхэмжлэгч Д.Ганбаатар 6 сарын цалин 3 224000 төгрөг нэхэмжилсэн боловч 2607845 төгрөгийг татгалзаж,
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нь замын хуудсаар тооцож гаргасан 20 хоногийн цалинг Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу 452115 төгрөгөөр тооцож олгох, тээврийн хэрэгслийн оношилгоонд төлсөн төлбөр 80000 төгрөг, 14 хоногийн томилолтын хөлс 84 000 төгрөг, нийт 616155 төгрөг төлөхөөр эвлэрсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 3224000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ганбаатар 3224000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2607845 төгрөгийг татгалзаж,
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нь 20 хоногийн цалин 452115 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгоонд төлсөн төлбөр 80000 төгрөг, 14 хоногийн томилолтын зардал 84 000 төгрөг, нийт 616155 төгрөг төлөхийг зөвшөөрч, зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ганбаатар 3224000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2607845 төгрөгийг татгалзаж,
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нь 20 хоногийн цалин 452115 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгоонд төлсөн төлбөр 80000 төгрөг, 14 хоногийн томилолтын зардал 84 000 төгрөг, нийт 616155 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж,
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газраас 35100 төгрөг, төрийн сангаас 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН