Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0014

 

Иргэн Н.Б ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Н.Б , түүний өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.Б ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 134 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт М  ХХК-ийн эрх зүйн газрын захирал Б.Э  2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 05/42 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шалгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б  Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай 76 дугаар тогтоолыг үндэслэн ӨЗ  ХХК-ийн 2014 оны уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зогсоох агуулга бүхий албан бичгийг уг компани болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8/213 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Эрх бүхий улсын байцаагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зогсоодог бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б  нь шүүх, прокуророос ӨЗ  ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тогтоолыг үндэслэн уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зогсоох тухай шийдвэр гаргаж эрх мэдлээ хэтрүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхийг шаардсан улсын ахлах байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй БТЕГ  ХХК-ийн 2014 оны уулын ажлын төлөвлөгөөг хянахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу геологи уул уурхайн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч аар хянуулж, хэрэгжилтийг хангуулахгүйгээр өөр албан тушаалтнаар хянуулан баталж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ үл биелүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу 2011-2013 оны хооронд давхардсан тоогоор ашигт малтмалын ашиглалтын 1009 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээ, тайлан, төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.20.2 дахь заалтыг үндэслэн хянах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 134 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн ...тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан... гэж заасныг баримтлан иргэн Н.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын 885073 төгрөгөөр тооцон 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх нийт 6 сар 24 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт М  ХХК-ийн Эрх зүйн газрын захирал Б.Э  2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 05/42 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан ба уг хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б  Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай 76 дугаар тогтоолыг үндэслэн ӨЗ  ХХК-ийн 2014 оны уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зогсоох агуулга бүхий албан бичгийг уг компани болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8/213 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Эрх бүхий улсын байцаагч нь зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зогсоодог бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б  нь шүүх, прокуророос ӨЗ  ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад уг компанийн уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зогсоох тухай шийдвэр гаргаж эрх мэдлээ хэтрүүлсэн. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зогсооход чиглэсэн албан бичиг явуулсныг зөвтгөх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл үүссэн нөхцөл байдлын хувьд ӨЗ  ХХК-ийн үйл ажиллагааг шууд зогсоох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж дүгнэсэн атлаа ажлаас халах үндэслэл болохгүй гэж дүгнэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхийг шаардсан улсын ахлах байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй БТЕГ  ХХК-ийн 2014 оны уулын ажлын төлөвлөгөөг хянахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу геологи уул уурхайн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч аар хянуулж, хэрэгжилтийг хангуулахгүйгээр өөр албан тушаалтнаар хянуулан баталж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ үл биелүүлсэн. Уг уулын ажлын төлөвлөгөөг хянаж гарын үсэг зурсан өдөр улсын ахлах байцаагч Д.Ч  ажлын байран дээрээ байхад өөр албан тушаалтнаар орлуулан гарын үсэг зуруулсан нь зөрчил гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Улсын Их Хурлаас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт уг хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй. Тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалтад зааснаар мэдээ тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг 100.000-500.000 хүртэл, хуулийн этгээдийг 500.000-1.000.000 хүртэл торгох гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй, зөвхөн 2011 онд 1171 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, төлөвлөгөө тайлан гаргаж ирүүлэхээс уулын ажлын төлөвлөгөөг 201, тайланг 116 хуулийн этгээд ирүүлж хянуулсан бөгөөд үүний улмаас уулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй 970 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуульд заасны дагуу торгож арга хэмжээ аваагүй байна. Энэхүү арга хэмжээ аваагүй үйлдэл нь 2012, 2013 онд мөн давтагдсан байна.

Шийдвэрийн дүгнэх хэсэгт нэхэмжлэгчийг 2010-2013 онд жил бүр ажлын үр дүнгээр А үнэлэгдэж, жилийн эцэст тодорхой хэмжээний цалингийн урамшуулал авч байсан талаар дурджээ. Нэхэмжлэгчийн урд авсан үнэлэлт, шагнал, урамшуулал нь түүний хойно гаргасан зөрчлийг үгүйсгэх, хаацайлах нөхцөл болохгүй юм. Мөн төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зөвхөн хохирол учирсан тохиолдолд л түүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч нь хууль болон хууль ёсны бусад шийдвэрийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд урьд нь ижил төрлийн зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүртэж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан.... гэж заасныг баримтлан сахилгын шийтгэлээс оногдуулсан болно. Хуульд заасан 3 төрлийн сахилгын шийтгэлээс сонгон оногдуулах нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б т төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Нэг. а/ Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг БТЕГ  ХХК-ийн 2014 оны уулын ажлын төлөвлөгөөг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу холбогдох байцаагчаар шалгуулалгүй хянаж баталгаажуулсан гэж буруутгажээ.

 

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-д заасны дагуу батлуулахаар ирүүлсэн Уулын ажлын төлөвлөгөөг хянан баталгаажуулах үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үйлдвэр, худалдааны сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2007 оны 296/25 дугаар тушаалын хавсралтаар баталсан Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хянан зөвшөөрөх журмын дагуу явуулдаг, ийнхүү явуулахдаа улсын байцаагч болон газрын дарга нар өөр өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг хянан баталгаажуулдаг дотоод зохион байгуулалттай байна.

 

БТЕГ  ХХК-ийн 2014 оны Уулын ажлын төлөвлөгөөг дээрх журмын дагуу баталгаажуулах явцад улсын ахлах байцаагч Д.Ч ын оронд улсын байцаагч С.Б  байхгүй улсын байцаагчийг орлон гарын үсэг зурдаг тогтсон жишгийн дагуу гарын үсэг зурсан, тэгэхдээ өөрийн харъяалагдах Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.М аас өгсөн чиглэлийн дагуу зурсан гэдэг нь тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Тиймээс төлөөлөн гарын үсэг зурсан улсын байцаагч С.Б-ийн  үйлдэлд албан үүргийн хувиар төлөвлөгөөг бүхэлд нь баталгаажуулсан нэхэмжлэгч Н.Б ыг шууд буруутгах боломжгүй. Тодруулбал, дээр дурьдсан журмын заалтаас үзвэл Уулын ажлын төлөвлөгөөг хянаж баталгаажуулахын гол зорилго нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уулын олборлох, боловсруулах үйлдвэрийн дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, ашигт малтмалын ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг баримтлан, ашиглалтын систем, технологийн дагуу уурхайн тухайн оны бэлтгэл болон үндсэн малталт, хөрс хуулалт, олборлолтын оновчтой хэмжээг тооцон түүнийг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг тодорхойлох, ашигт малтмалын нөөцийг нормативын дагуу бэлтгэх, түүнийг зүй зохистой иж бүрэн олборлох, ашиглалтын хаягдал бохирдлыг багасгах, ашигт малтмалыг технологийн дагуу хаягдал багатайгаар стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах, байгаль орчны болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлэн ажиллуулахад чиглэдэг болохоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхтэй холбоогүй байна.

 

б/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б ын ажлын үр дүнг 2010-2013 онуудад А дүнтэй дүгнэж, цалингийн урамшууллыг тогтмол олгож байсан атлаа маргаан бүхий захиргааны актаар Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лиценз олгох, шилжүүлэх, барьцаалах, худалдах, цуцлах, лицензийн хугацаа дуусгавар болох, сонгох ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгосон нь зөрчилтэй байгаагаас гадна хяналт тавих чиг үүргээ буюу өөрийн үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй байна.

 

Хоёр. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ӨЗ  ХХК гомдол гаргаснаар дотоод хяналт шалгалт явуулж Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Б  2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2014 оны уулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зогсооно уу гэсэн агуулгатай албан бичгийг ӨЗ  ХХК-д хүргүүлснийг тогтоожээ.

 

Нэхэмжлэгчээс дээрх албан бичгийг Ашигт малтмалын газрын албан тушаалтнуудын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоосон Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол болон байгаль орчныг хамгаалахтай холбоотой чиг үүргийн хүрээнд явуулсан, хууль зөрчөөгүй гэх боловч энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцална гэж заасан боловч Н.Б ын дээрх албан бичиг хуулийн энэ заалттай нийцэхгүй, тодруулбал, эрүүгийн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаатай холбогдуулж компанийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, түүний дотор Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын даргад олгогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гагцхүү тухайн ажиллагааг явуулж, хяналт тавьж байгаа мөрдөн байцаагч, прокурор эсхүл шүүгч хуульд заасны дагуу гаргах ёстой.

 

Тиймээс ӨЗ  ХХК-д албан бичиг хүргүүлсэн Н.Б ын үйлдэл хуульд нийцэхгүй бөгөөд түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Эдгээр болон бусад асуудлуудаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, тухайлбал, дурьдсан нөхцөл байдлуудаар Н.Б  эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь тогтоогдсон ч түүнээс шалтгаалж ӨЗ  ХХК-ийн үйл ажиллагаа зогсоогүй буюу компанид ямар нэг хохирол учраагүй, мөн түүнийг ажлаас халах болсон үндэслэлүүдийн зарим нь үгүйсгэгдсэн зэргийг харгалзан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР