Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1425

 

 

 

 

 

 

 

 

 

“Эмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01608 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “Эмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Буянхишигт холбогдох

Түрээсийн төлбөрт 31 862 236 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Н.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагч: Н.Буянхишиг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Эмон” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Буянхишиг нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн “Эмон” ХХК-ийн Эмон төвийн 2 давхарт 500 м.кв талбай түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд түрээсийн төлбөрөө хугацаанаасаа байнга хоцроож төлдөг байснаас шалтгаалан түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэмэгдэж, одоогийн байдлаар үндсэн төлбөр 12 151 160 төгрөг, хугацаандаа төлөх ёстой төлөлтөөс хоног алдалтын алданги 19 711 076 төгрөг, нийт 31 862 236 төгрөг болж байна. Иймд түрээсийн төлбөр болох 31 862 236 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Г.Амаржаргал, өмгөөлөгч Л.Золзаяа нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн үндсэн төлбөр 12 151 160 төгрөгийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалттай зөрчилдсөн байгаа тул 19 711 076 төгрөгийн алданги шаардах болможгүй. Иймд түрээсийн төлбөрийн тал хувь болох 6 075 580 төгрөгийн алданги шаардаж, хариуцагчаас бүгд 18 226 740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Буянхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эмон төвийн захирал Э.Нандинзүрхтэй тохиролцон тус төвийн 2 давхар 500 м.кв талбайтай үйлчилгээний талбайг сарын 8 500 000 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан. Миний бие автомат, тоглоомын газар ажиллуулах явцад бизнесийн доголдол гарч орлогогүй болсон тул түрээсээ төлж чадахгүйд хүрснийг тус компанийн ажилчид мэдэж байсан. Түрээсийн төлбөрийг өдөр бүр 100 000-500 000 төгрөгийг төлж байсан. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 12 151 160 төгрөгийг 1 жилийн хугацаанд cap бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Учир нь миний ажиллуулж байсан  Хан-уул дүүргийн 2-р хороонд байрлах Дурсамж диско бааранд хүн орохгүй байгаа учир үйл ажиллагаа нь зогссон. Тус диско бааранд 700 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнийгээ бусдад зарах болон түрээслэх арга замыг хайж байгаа. Харин алдангийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Би түрээсийн төлбөрийг барагдуулах бүх талын бололцоогоо дайчлаад ч санхүүгийн чадвар хүрэлцэхгүй байна. Миний бие 39 529 570 төгрөгийн түрээсийг төлсөн байгаа. Одоогийн байдлаар миний түрээслэн ажиллуулж байсан байранд байгаа зарим нэг техник, тоног төхөөрөмжийг надад гаргаж өгөхгүй байгаа. Тэнд баар, ресторанд хэрэглэхэд зориулалттай төхөөрөмж байгаа бөгөөд түүнийг гаргаж өгөхийг хүссэн боловч төлбөрөө бүрэн төлөөд ав гэдэг. Иймд 12 151 160 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Н.Буянхишигээс 15 226 740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эмон” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 3 037 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 261 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч хариуцагч Н.Буянхишигээс 234 083 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эмон” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  • Н.Буянхишиг давж заалдах гомдолдоо “...“Эмон” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байх явцад түрээслүүлэгч нь дуртай үедээ хаалга цоожилж лацдан биднийг ажиллах боломжгүй болгож, орлого олох боломжийг хааж байсан болон одоо хүртэл дотор нь үлдээсэн эд хөрөнгийг барьцаалан буцааж өгөхгүй байгаа билээ. Гэрээний 1.6, 3.3-т зааснаар төлбөрийг сар бүрийн 1-нд төлж байхаар тохиролцсон боловч түрээслүүлэгч нь өдөр болгон их хэмжээгээр мөнгө нэхэж, төлж чадахгүй тохиолдол бүрт хаалга лацдан үйл ажиллагааг зогсоож байсан нь талуудын тэгш байдал алдагдаж түрээслэгчид хүндрэл, чирэгдэл учруулж байсан. Ийм  нөхцөл байдалд түрээслүүлэгчийн зүгээс манай үйл ажиллагааг зогсоож, нийт хоногийг тооцоолж төлөх төлбөрөөс хасч тооцсон байса ба мөн төлбөртөө тооцоод өгөхгүй байгаа бараа материалын үнийг үнэлүүлэн төлбөрөөс хасах боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Эмон” ХХК нь хариуцагч Н.Буянхишигээс түрээсийн төлбөрт 31 862 236 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж түрээсийн үлдэгдэл төлбөр 12 151 160 төгрөг, алдангид 6 075 580 төгрөг, нийт 18 226 740 төгрөг шаардсаныг хариуцагч “түрээсийн үлдэгдэл төлбөр 12 151 160 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Эмон бизнес” төвийн 2 давхарын 490 м.кв байрыг 1 жилийн хугацаатайгаар автомат тоглоомын үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээг байгуулагдсан үйл баримтын талаар маргахгүй байна. /хх 6, 31-34, 50-52/ ,

 

Түрээсийн үлдэгдэл төлбөр болох 12 151 160 төгрөг дээр талууд маргаагүй бөгөөд шүүх алдангид нэхэмжилсэн 6 075 580 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан 50 хувиар тооцож, хариуцагч Н.Буянхишигээс түрээсийн үлдэгдэл төлбөр 12 151 160 төгрөг, алдангид 3 037 790 төгрөг, нийт 15 226 740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “түрээсийн байрны хаалга, үүдийг цоожилж үйл ажиллагаа явуулахад нь саад учруулж байсан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцэж маргаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН