Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0356/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч С.Ж, Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар И овогт С.Ж, Ч овогт Х.А нарт холбогдох эрүүгийн 2018000000372 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, И овогт С.Ж /РД: /, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, Ч овогт Х.А /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч С.Ж, Х.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Ж, Х.А нар нь “.....................” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлтэй атлаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн “...........” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нийт 6.95 метр куб нарс модыг бэлтгэж, 5*-8* ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн, 2*-9* ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Жийн өгсөн: 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэхээс өмнө бид хоёр мод авах газраа очиж үзсэн. Гэтэл мод авах газар нь талдаа 40-50 км, тэгээд бартаа ихтэй, авах газар машин хүрэхгүй, нэг өдөртөө амжихгүй байсан. Тэгээд миний хонь хариулдаг газраас хуваагаад авъя гэж тохирсон юм гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Аын өгсөн: 2020 оны 08 дугаар сарын 04-нд би мод бэлтгэхээс өмнө мод авах газар руугаа очиж байсан. Тэгэхэд мод бэлтгэх газар маань зам бартаатай, бороо их орсон, хүрэх боломжгүй байсан тул Булагт гэх газраас модоо бэлдсэн. Тэгээд буцаж яваад цагдаад баригдсан. Гэм буруугаа ойлгож байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лгийн өгсөн: ...Сум дундын Ойн ангийн мэргэжилтний гаргасан үнэлгээтэй танилцлаа. Х.Ааас Хонгор сумын хүрээлэн байгаа орчинд учирсан 531.636 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 1.603.908 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

...Сум дундын Ойн ангийн мэргэжилтний гаргасан үнэлгээтэй танилцлаа. ***** Хонгор сумын хүрээлэн байгаа орчинд учирсан 637.516 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 1.912.548 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 94/,

Иргэний нэхэмжлэгч М.Ды өгсөн: ...Миний хүргэн ах Ж нь миний эзэмшлийн 5*-8* ДАР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр заасан газраас талбайгаас мод бэлтгээгүй өөр газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгслээ улсын орлого болгомооргүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 96/,

Гэрч С.Ны өгсөн: Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед “............” гэх газарт явж байх үед уулын ам өгсөөд хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл явж харагдсан. Би дотроо “энд ойр хавьд модны зөвшөөрөл өгөхгүй байгаа гэж сонссон, мод хулгайгаар бэлтгэж байж магадгүй” гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 25, 99/,

Гэрч Ц.Гийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Г.Батаа, М.Ж, Х.А гэх хүмүүст мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Дархан-Уул аймгийн Хонгор сумаас зааж өгсөн талбай болох “.....................” гэх газраас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгож байгаа. Өөр ямар нэгэн газраас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл Хонгор сумаас ирээгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26, 100/,

Гэрч Л.Цийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Ж нь манай гэрийн гадаа мод ачсан Портер машинтай ирээд намайг машин бариад төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Ж нь өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэж хэлсэн болохоор нь би машиныг нь бариад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 101/,

Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг “............” гэх газарт иргэн Х.А гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэх газар нь Шарын гол сумын төвөөс 18 километрийн зайд орших ургах чадваргүй 8 ширхэг мод хөрөөдөж бэлтгэсэн байлаа... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,

...Үзлэгээр иргэн Х.Ааар бэлтгэсэн модны хожуулуудыг заалгуулахад 8 ширхэг модны хожуул байсныг 1-8 дугаар байрлуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,

Шүүгдэгч Х.А нь 2*-9* ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 3.17 метр куб модыг хууль бусаар бэлтгэж тээвэрлэснийг эд мөрийн баримтаар түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/,

Шүүгдэгч Х.А, С.Ж нарын хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16/,

Шүүгдэгч С.Жт “.....................” гэх газраас 4 метр куб мод бэлтгэх зөвшөөрөл олгосон эрхийн бичиг /хх-ийн 38, 82/,

Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай “Иргэн Х.Аын 2*-9* ДАР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн мод, модон бүтээгдэхүүн нь 3.17 метр куб түлээний хуурай нарс мод байна. Иргэн Х.А нь 004598 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байна. Тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 534.636 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41/, 16 дугаартай “Иргэн С.Жийн 5*-8* ДАР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн мод, модон бүтээгдэхүүн нь 3.78 метр куб түлээний хуурай нарс мод байна. Иргэн С.Ж нь 004600 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байна. Тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 637.516 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-105/,

Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг “............” гэх газарт иргэн С.Ж гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэх газар нь Шарын гол сумын төвөөс 18 километрийн зайд орших ургах чадваргүй 7 ширхэг мод хөрөөдөж бэлтгэсэн байлаа... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-79/,

...Үзлэгээр иргэн***** бэлтгэсэн модны хожуулуудыг заалгуулахад 7 ширхэг модны хожуул байсныг 1-7 дугаар байрлуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81/,

Шүүгдэгч С.Ж нь 5*-8* ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 3.78 метр куб модыг хууль бусаар бэлтгэж тээвэрлэснийг эд мөрийн баримтаар түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 86/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ж, Х.А нарт эрх бүхий албан тушаалтнаас “.....................” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байхад зөвшөөрөлд зааснаас өөр газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг “............” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нийт 6.95 метр куб нарс модыг бэлтгэж, 5*-8* ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн, 2*-9* ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэсэн үйлдэл нь бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч С.Ж, Х.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засагт нийт 1.172.152 /534.636+637.516=1.172.152/ төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу 3 дахин нугалж нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Байгаль орчны уур амьсгалын санд Х.А нь 1.603.908 төгрөгийг, С.Ж нь 1.912.548 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нар нь хохиролд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Ж, Х.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч С.Ж, Х.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Х.А нь ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, С.Ж нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 120/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 47/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 117/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Ж, Х.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, С.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь тэдний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч С.Ж, Х.А нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Х.Аын өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий Хьюндай портер маркийн 2*-9* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч М.Ды өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий Хьюндай портер маркийн 5*-8* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч М.Ды мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 20, 91/, “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 28-29, 34-35, 109-110/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Аын эзэмшлийн Хьюндай портер маркийн 2*-9* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй юм.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч ***** Хьюндай портер маркийн 5*-8* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт хураагдсан 3.17 метр куб, 3.78 метр куб нарс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Хьюндай портер маркийн 5*-8* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт С.Ж, Ч овогт Х.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж, Х.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж, Х.А нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Х.Аын өмчлөлийн 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Хьюндай портер маркийн 2*-9* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, хэрэгт хураагдсан 3.78 метр куб, 3.17 метр куб нарс модыг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч ***** 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

6. Иргэний нэхэмжлэгч М.Ды өмчлөлийн Хьюндай портер маркийн 5*-8* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж, Х.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ж, Х.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР