Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0209/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,  

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хохирогч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б ын О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004060112 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4ий өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 4ий өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б ын О /регистрийн дугаар: ................. /, ..............  оны ........... дугаар сарын .............-ний өдөр ............ хотод төрсөн, ........... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл....... аав, ээж, дүү нарын хамт ......... хот Багануур дүүргийн .......... дугаар хороо ..............хороолол........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд .......  аймгийн .........  сумын ......  дугаар багт байрлах  “.........” ХХК-ийн цементийн үйлдвэрт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан кассын бэлэн мөнгөнөөс 21,813,784 төгрөг, цементийн борлуулалтын орлогоос 18,758,885 төгрөг нийт 40,572,669 /дөчин сая таван зуун далан хоёр мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК-д ажилд орсон. Ийнхүү 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ажилд авах тушаал гарч, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр жинхэлсэн тушаал гарч, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс борлуулалтад явж эхэлсэн. Тус байгууллага нь цемент борлуулалт, орон сууцны түрээс, зам арчилсны төлбөрөөр орлого олдог. Нярав Т.Э 2018 оны 6 дугаар сарын дундуур манай байгууллагад ажилд орсон. 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, наадмын үеэр Т.Эд “300,000 төгрөг түр өгөөч. Би буцаагаад өгнө” гэж хэлээд кассаас авсан. Ийнхүү 7 хоногт 1-2 удаа энэ маягаар Т.Эгаас нэг удаадаа 300,000-500,000 төгрөг авдаг байсан ч эргүүлж өгч чадаагүй. Сарын эцэст Т.Э надад борлуулалтын тайлангаа өгдөг байсан бөгөөд би өөрийн авсан мөнгөө дарж тайланг өөрчилдөг байсан. 4 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Т.Э ажлаасаа гарч, би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нөхөртэйгөө муудалцаад Улаанбаатар хот руу яваад дахиж ажилдаа ирээгүй. Тэр хооронд Э ХХК-аас жилийн эцсийн тайлан гарч, аудит орж байгаа гээд намайг дуудсан ч би мөнгө авсан болохоор айгаад очоогүй. 2019 оны 3 дугаар сард Н.Т шалгалт явуулан гар бүртгэл, тайлан зэргийг харуулын бүртгэлийн дэвтэртэй тулгаад 61,000,000 төгрөгийн дутагдал гаргаж ирсэн. Тэгээд би аавтайгаа хамт очоод дахин шүүгээд дутагдлыг 59,000,000 төгрөг болгон бууруулсан ч Э ХХК асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн. Ийнхүү аудитын шалгалтаар хохирлын үнийн дүн нь 40,000,000 төгрөг болсон. Би 4 сарын хугацаанд ийм их мөнгө авсан байх ямар ч боломжгүй. Миний өөрийн тооцоогоор 20,000,000 орчим төгрөг авсан байх. Би тодорхой хэмжээний мөнгийг авч өөрийн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Аудитын дүгнэлтээс харахад зөвхөн Т.Э-ийн өгсөн борлуулалтын тайлан, харуулын бүртгэлийн дэвтрийг үндэслэсэн байсан. Би ажиллаж байх хугацаандаа Т.Э-ийн надад өгч байгаа тайланг харуулын дэвтэртэй огт тулгаж байгаагүй. Иймд Т.Э нь тайлангаа буруу өгдөг байснаас би хохирч байна. Мөн Э ХХК-д очиж уулзахад намайг Т.Э нэг ч төгрөг аваагүй гэж бичээд гарын үсэг зур гэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Миний хувьд алдаа гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

 Эрүүгийн 1918004060112 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Т-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...С.О нь манай “Э” ХХК-ийн “Э цемент” ХХК-нд ахлах нягтлан бодогчоор 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад ажлаа орхиод явсан байсан. Тэгээд Э ХХК-ийн удирдлагаас надад томилолт өгөөд санхүүгийн бүртгэл, үзээд шалгаад ир гэсний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дарханд ирээд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл дотоод шалгалт хийсэн. Тухайн үед О байхгүй ажлаа орхиод явсан байсан учир утсаар нь дуудуулсан боловч утсаа авахгүй С даргаар дуудуулсан боловч ирээгүй. ...Кассын орлого зарлагын дэвтэр нягтлан бодогчийн программын бүртгэл хоёр яг нийлж байх ёстой гэтэл энэ хоёр зөрүүтэй байгаа юм. Энэ зөрүү бол бэлэн мөнгөний дутагдал гэсэн үг. Кассын нярвын бүртгэсэн орлого зарлагын бүртгэлийг О өөрөө авч программд шивж оруулдаг. Байгууллагын дотоод программд О л өөрөө санхүүгийн бүртгэлээ бүртгэнэ. Би кассын бүртгэлийн дэвтрээ үндэслэж кассын зөрүүг гаргасан. Кассын зөрүү гарна гэдэг бол бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг дутуу бүртгэснээс болж кассын зөрүү үүсэж байгаа юм. Программд байгаа санхүүгийн баримтыг харж болно, хэвлэж болно өөр үйлдэл хийж болохгүй. Кассын нярвын ажилд нягтлан өөрөө хяналт тавих ёстой.гэх мэдүүлэг[1]

 

Гэрч Ч.Сын хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би “Э ” ХХК-ийн цементийн үйлдвэрийн даргаар 2004 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Б.О-ыг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс ахлах нягтлан бодогчоор томилж ажиллуулсан. 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр төв “Э ” ХХК-ийн санхүүгийн албанаас дотоод аудит хийхээр ирж цементийн үйлдвэр дээр ажиллаад санхүүгийн баримтад шалгалт хийгээд 59 сая гаруй төгрөгийн зөрчил дутагдал илрүүлсэн. Энэ дутагдлыг ахлах нягтлан бодогч О, кассын нярав Э нартай холбоотой гэж үзсэн учраас би зохих хуулийн байгууллагад албан бичгээр хандсан. Кассын няравт орлогын бэлэн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Кассын нярав нь нягтлан бодогчийн зөвшөөрлөөр, нягтлан бодогч миний зөвшөөрлөөр захиран зарцуулах ёстой.гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн: “...Би “Э цемент” ХХК-д 2018 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл кассын няраваар ажиллаж байсан. Би бэлэн мөнгөний орлогоо кассын орлогын баримт үйлдэж аваад кассын бүртгэлд бүртгээд зарлагын баримт үйлдэж зарлага гаргадаг. Орлого зарлагаа гар бүртгэлд болон байгууллагын программ дээр бүртгэдэг. Гар бүртгэл болон байгууллагын программын бүртгэл 2 нийлж байх ёстой. Би ажилд ороод гар бүртгэлээ тухай бүр нь бүртгээд явж байтал нягтлан бодогч О нь сарын сүүлд дээшээ доошоо болдог тул сарын сүүлд нэг мөр бүртгэсэн дээр гээд бүртгэхийг болиулсан. Уг нь бол өдөр болгон орлого, зарлагаа бүртгэж явах ёстой дэвтэр байсан. Одоо бүртгэлийн дэвтэр дутуу учраас кассын зөрүү гарч ирээд байгаа юм. ...нягтлан бодогч О нь ус, тог, дулааны мөнгө тушаана, цементийн түүхий эд авна гэх мэтээр хэлж кассын орлогын бэлэн мөнгөнөөс байнга ямар нэгэн баримтгүй мөнгө авч явдаг, дараа нь төлж тушаасан, худалдан авсан эд зүйлийнхээ баримтыг заримдаа өгнө, заримдаа өгөхгүй мөн цемент борлуулсны зарим бэлэн мөнгөгүй шилжүүлье гэсэн харилцагч нараас О эгч өөрийн данс руу хэд хэдэн удаа хийлгэж авч байсан. О эгч миний данс руу шилжүүлчих эгч нь картаасаа бэлнээр аваад ирье гэж хэлээд авчирч өгөөгүй тохиолдлууд байгаа. Би одоо сайн санахгүй байна. Дунджаар 300,000-500,000 төгрөгийн хооронд бэлэн мөнгө авдаг.” гэх мэдүүлэг[3],

 

Шинжээч Б.Ж-ны мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...Аудит хийх явцад Б.О-ы гаргасан 40.572.669 төгрөгийн дутагдал нь 2 хэсгээс бүрдэж байгаа. Эхний дутагдал бол кассаас дутаасан бэлэн мөнгө дутаасан дутагдал байгаа энэ нь кассын анхан шатны баримт болон кассын тайлан буюу бүртгэлээс гарч байгаа зөрүүнээс үүссэн дутагдал. Өөрөөр хэлбэл кассын зардлын баримтыг шалгаж үзээд кассад байх ёстой үлдэгдлээс дутагдал гарсан. Хоёр дахь дутагдал бол цементийн борлуулалтын орлогоос 4 удаагийн үйлдлээр дутагдал гаргасан энэ нь харуулын бүртгэл болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, борлуулалтын мэдээгээр тогтоогдож байна.” гэх мэдүүлэг[4],

 

“ПИЙК ОМ АУДИТ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №366 дугаартай Хараат бус аудиторын “...Б.О нь 40,572,669,63 төгрөгийн дутагдал гаргасан байна. “Э цемент” ХХК-д учирсан хохирлыг ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан ажилтан хариуцна. Ахлах нягтлан бодогч бүрэн хариуцах ёстой хохирол мөн болно. Бусад ажилтнуудын хариуцлагагүй, буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол байхгүй байна.” гэх дүгнэлт[5],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 14 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Ахлах нягтлан бодогч Б.О нь 40,572,669,63 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гаргасан байна гэсэн нь үндэслэлтэй байна. “Э цемент” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Б.О нь касс болон харилцахаас 21,813,784,63 төгрөг, цементийн борлуулалтын орлогоос 18,758,885 төгрөг, нийт 40,572,669,63 төгрөгийн дутагдал гаргасан байна. Ахлах нягтлан бодогч Б.О 21,813,784,63 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, цементийн борлуулалтын орлогоос 18,758,885 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд үүнийг хариуцахаар байна.” гэх дүгнэлт[6],

 

Б.О-ны мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс “Э ” ХХК-ийн .........  салбарын ахлах нягтлан бодогчоор ажилд орсон. Миний өөрийн тооцоогоор би 20 орчим сая төгрөгийг хувьдаа ашигласан гэж бодоод байгаа юм. 2018 оны 7 дугаар сарын 6-7-ны орчим кассаас хэдэн төгрөг өгчих гээд Эгаас би мөнгө авсан. Эгаас сард 3-4 сая төгрөг авдаг байсан. Энэ мөнгийг би нэг дор авч байгаагүй бага багаар нь 300,000, 500,000, 700,000, 800,000 гээд мөнгөний хэрэг гарахаар нь аваад байдаг байсан.” гэх мэдүүлэг[7],

 

Шүүгдэгч Б.О-ны урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.О-ны холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                       

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд ......  аймгийн . сумын ....  дугаар багт байрлах  “Э ” ХХК-ийн цементийн үйлдвэрт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан кассын бэлэн мөнгөнөөс 21,813,784 төгрөг, цементийн борлуулалтын орлогоос 18,758,885 төгрөг нийт 40,572,669 /дөчин сая таван зуун далан хоёр мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.О нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан кассын бэлэн мөнгөнөөс 21,813,784 төгрөг, цементийн борлуулалтын орлогоос 18,758,885 төгрөг нийт 40,572,669 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: “Гэмт хэрэг гарсан, “Э ” ХХК-аас мөнгө дутагдсан, ахлах нягтлан бодогч хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэгтэй маргахгүй. Хөрөнгө завших гэдэг нь бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг захиран зарцуулсан байх ёстой. Т.Э нь захирал, ахлах нягтлан бодогчийн зөвшөөрөлгүй мөнгө гаргаж болохгүйг мэдсээр байж хувийн харилцааны улмаас бусдад мөнгө өгдөг байсан нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоохоос хэн хохирол учруулсныг тогтоохгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэт нэг талыг барьж болохгүй. Иймд хэргийг прокурорт буцаан Т.Э-ийн үйлдлийг шалгах ёстой. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл яллах дүгнэлтэд шүүгдэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчснийг тусган, журамлаагүй. Мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй. Санхүүгийн бүртгэлтэй холбоотой гэмт хэрэг нь зөвхөн нэг хүний буруутай үйлдлээс шалтгаалдаггүй. Иймд Т.Э гэмт хэрэгт хамтран оролцсон байх боломжтой тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.

Завших гэдэг нь гэмт этгээд бусын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хугацаанд “Э ” ХХК-ийн цементийн үйлдвэрт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ажилд томилох тушаал[9], ажлаас халах тушаал[10], хөдөлмөрийн гэрээ[11], хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал[12], ажлын байрны тодорхойлолт[13] зэргээр тогтоогдож байх тул “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.О нь “Э ” ХХК-ийн цементийн үйлдвэрт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан кассын бэлэн мөнгөнөөс 21,813,784 төгрөг, цементийн борлуулалтын орлогоос 18,758,885 төгрөг нийт 40,572,669 төгрөгийг завшсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.О-ны шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох, амьдрах зорилготой шууд санаатай үйлдэл гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.О-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О-аас 40,572,669 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 19,180,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 21,392,500 төгрөгийг 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой тохиролцож хуваарь гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.О-аас 21,392,669 төгрөгийг гаргуулж “Дархан Э цемент” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч: “Гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-д 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа: “Шүүгдэгч нь 19,180,000 төгрөгийн хохирлыг төлж, үлдсэн 21,392,500 төгрөгийг 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой тохиролцсон. Шүүгдэгч нь санхүүгийн төлбөр тооцоотой холбоотой буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын тодорхой хэмжээг төлж, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хохирогчийн хохирлыг нөхөн төлөх боломжоор хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сард 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.О-ны гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олж байгаа зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Иймд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О ын О -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас 21,392,669 /хорин нэгэн сая гурван зуун ерэн хоёр мянга зургаан зуун жаран есөн/ төгрөг гаргуулж хохирогч “...... ” ХХК-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 38-39, 40 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 43-44 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 45-46 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 148-149 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 53 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 156-162 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 169-171 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 179, 181-206, 228-229  тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 216 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 219 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 212-214 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 222 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 226 тал