Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 713

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2017/00713

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: Скайтел ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Зүүндэлгэр Б8-6А тоотод оршин суух, Боржигин овгийн Амарсайханы Түмэнбаярт /НЮ78052615/ холбогдох

688 838  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Түмэнбаяр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 03 сарын 31-ний өдөр дараа төлбөрт Postpai VIP 40K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91110636 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл А.Түмэнбаяр нь гэрээний үүргээ биелүүлгүй 2015 оны 05 сарын байдлаар төлбөр 744832 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д зааснаар үйлчилгээг хаасан.

Иймд А.Түмэнбаяраас 734 838 төгрөгнөөс барьцаа 50 000 төгрөгийг хасч 684 838 төгрөг дээр нотариатын зардал 4000 төгрөг, нийт 688 838 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Түмбэнбаяр шүүхэд гаргасан хариу тайрбартаа ... Миний бие Скайтел ХХК-ийн 91110636 дараа төлбөрт дугаарыг ашиглан хэрэглэж байсан боловч төлбөр өндөр гарч одоог хүртэл бариагүй байна. Нийт төлбөр 688 838 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 08 сараас 2017 оны 11 сарын 31-ний хооронд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч А.Түмэнбаярт холбогдуулан 688 838 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Түмэнбаяр нь Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага  688 838 төгрөгийг 2017 оны 11 сарын 31-ний дотор төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 688 838 төгрөгийг  хариуцагч А.Түмэнбаяр төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 21 082 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч А.Түмэнбаяраас  10 541 төгрөг, төрийн сангаас 10 541 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ЦОЛМОН