| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00578/и |
| Дугаар | 714 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 714
| 2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2017/00714 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн төвд оршин суух, Цэнджавын Лхагвасүрэнгийн хүсэлттэй, 1948 оны 04 сарын 22-нд төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1948 оны 04 сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын 5 дугаар багт орших Сарлагын хатан толгой гэх газар эцэг Ядамын Цэнджав, эх Дамбын Лхамжав нарын ганц хүү нь болж төрсөн.
1959 онд Баянцогт сумын бага сургуульд орж, Чулуунбат, Чагтав багш нарын ангид суралцаж байгаад 4 дүгээр ангид төгссөн. 1966 онд 18 настайдаа Эрүүгийн хуулийн 109 бд зааснаар 2 жилийн засан хүмүүжүүлэх ял эдэлж байгаад 1968 онд гарсан. 1968 онд 20 настайдаа Биокомбинатын Барилгын цэргийн 5 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1971 оноос 1974 онд Баянцогтын сангийн аж ахуйд бяруу адуу хариулж байгаад Цэндийн Бүдээбаттай хамт амьдарч байгаад 1969 онд Мандах гэдэг охин төрүүлсэн. Охин маань сүүлд нас барсан. 1983 онд Сүрэнгийн Лхагвасүрэнтэй гэрлэлтээ бүртгүүлж, онд төрүүлсэн. Би 1970, 1974, 1999, 2004, 2012 онд мал хулгайлсан хэргээр ял шийтгэгдэж байгаад Зүүнхараагийн хорих ангиас 2014 оны 05 сард магадлангаар суллагдсан. 1974 онд Төв аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байхад миний улаан паспортыг хурааж аваад буцааж өгөөгүй юм. Энэ үеэс надад ямар нэгэн бичиг баримт байхгүй болсон. Хорих ял эдэлж байх хугацаанд миний хурууны хээ, цээж зургыг тогтмол бүртгэж авч боловч надад баримт өгөөгүй. Одоо би өндөр настай, гэр орон байхгүй, ганц бие хөгшин хүн. Монгол улсын иргэний хувьд одоог хүртэл бүртгэлгүй явж байна. Иймд намайг 1948 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цэнджавын Лхагвасүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Цэнджавын Лхагвасүрэнтэй холбоотой баримт буюу 1948 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн талаарх иргэний хувийн хэргийн баримт бичиг Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивт байхгүй мөн тэрээр 1983 онд Сүрэнгийн Лхагвасүрэнтэй гэр бүл болсныг бүртгүүлэхэд үедээ паспортгүй, регистрийн дугааргүй байсан болох нь ХААРТ-15 маягт мөн тус хэлтсийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 907 дугаартай баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан дүгнэж, хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Цэнджавын Лхагвасүрэн 1948 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн болох нь Үндэсний төв Архивын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 03-2/1044 дугаартай лавлагаанд...Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 263 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Ядамын Цэнджав, эрэгтэй, 55 настай, хүү Цэнджавын Лхагсүрэн 7 нас гэж бүртгэгдсэн байдлаар,
Төв аймгийн нүүдлийн шүүхийн 1966 оны 03 сарын 03-ны өдрийн Г3 тоот таслан шийдвэрлэх тогтоолд...Төв аймгийн Баянцогт сумын харъяат, ам бүл 2, эцэг Цэнджав 65 настай, бага сургууль төгссөн, цэргийн алба хаагаагүй, энэ хэрэгт татагдахын өмнө САА-д грушикээр ажиллаж байсан, 1948 онд төрсөн, энэ жил 18 настай, Цэнджав овогтой Лхагвасүрэн гэж,
Ардын цэргийн тусгай шүүхийн 1970 оны 08 сарын 28-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолд... Төв аймгийн Баянцогт сумын харъяат, ард халх, цэрэгт 1968 онд ирсэн, энэ хэрэгт үйлдэх үедээ барилгын цэргийн 5 дугаар батальоны байлдагч байсан, 1948 онд төрсөн, одоо 22 настай, Цэнджав овогтой Лхагвасүрэн гэж,
Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот таслан шийдвэрлэх тогтоолд...Төв аймгийн Баянцогт сумын харъяат, 1948 онд төрсөн, 51 настай, Цэнджав овогтой Лхагвасүрэн гэж,
Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 сарын 06-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолд...Төв аймгийн Баянцогт суманд 1948 онд төрсөн, 56 настай, Цэнджав овогтой Лхагвасүрэн гэж,
Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 сарын 23-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолд...1948 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 64 настай, Боржигон овгийн Цэнджавын Лхагвасүрэн гэж тус тус бичигдсэн байдлаар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Цэнджавын Лхагвасүрэнг 1948 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН