| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 21320009100078 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Шагдарын Отгонбадрах/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох *******ын халдашгүй байдал, эрх эрх чөлөөнд хандаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг/яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2132000910078 тоот хавтаст хэргээс ...
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Намайг 2021 оны 07 дугаар сарын 08-ны орой гэртэй унтаж байхад нөхөр Отгонбадрах 00 цаг өнгөрч байхад гэртэй согтуу орж ирээд намайг чи аа дулаахан хөнжилдөө унтаж байдаг юм машины түлхүүр хаана байна гэж уурлаад миний зүүн талын мөр хэсэгт гараараа 1 удаа цохиж, зүүн талын шилбэ хэсэгт 1 удаа хөшиглөөд үснээс зулгаасан тэгэхээр нь би цагдаагийн байгууллага хандсан. ...Би л гэртэй байсан. Гаднаас манай нөхөр Отгонбадрах орж ир манай хүүхдүүд гадаа байсан. ...Миний зүүн талын дал, гуя хэсэгт хөхөрсөн өөр гэмтэл байхгүй ээ. ...Хааяа маргалддаг байсан болохоос миний биед халдаж намайг зод байгаагүй ээ. ...Манай нөхөр согтуу орж ирээд миний бие эрх чөлөөнд халдсан. ...Би тухайн үед нөхөртөө уурлаж гомдсон болохоор тэгж мэдүүлэг өгсөн юм. Түүнээс манай нөхөр 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус миний биед халдаж зодож миний хөл хөхөрсөн. Харин 2021 06 дугаар сарын 25-ны өдөр намайг зодож цохисон асуудал болоогүй ээ би нөхрийгөө жоохон айлгаж ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг нь мэдүүлэх гэж тэгж хэлсэн юм. ...Манай том охин Мөнхцэцэг нь 2021 оны 06 дугаар сард Багшийн их сургуулийг төгсөж. Улаанбаатар хотод Мишээл экспод ажиллаж байгаа. Мандал суманд гэртэй ирээгүй 1 жил болж байна. ...Би найз Ганхуягт хэлж байсан. ...Надад ямар нэг гомдол санал байхгүй ээ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8, 9 дүгээр хуудас/
Гэрч Б.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Отгонбадрах нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 04 дүгээр сарын өдөр тус маргалдаж гар хүрсэн талаар ярьж байсан. Харин 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зодож цохиогүй ээ зүгээр маргалдаж муудалцсан талаар надад Отгонбадрах, Чанцал хоёр ярьж байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрт нь очиход тийм нөхцөл байдал харагдаагүй ээ. ...Тийм асуудал бараг гараад байдаггүй ээ хоорондоо эвтэй байдаг. Хааяа нэг маргалдаж ам зөрдөг түүнээс нэгнийхээ биед халдаж зодсон асуудал байдаггүй ээ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Г:Отгонбадрах яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 07 дугаар сарын 08-ны орой 00 цагийн үед гэртэй харих гэж явах замдаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуу талд хөл өвдөөд эхнэр Чанцалыг ирээд авчих гэж дуудаад ирэхгүй болохоор нь 20-30 минутын дараа гэртэй очсон. Намайг гэртэй ороход манай эхнэр Чанцал орондоо орчихсон хэвтэж байхаар нь миний уур хүрээд чи ирээд авчихгүй намайг гэж хэлээд одоо машины түлхүүр өг би явлаа гэхэд манай эхнэр Чанцал түлхүүр өгөхгүй гарж явах гээд байсан тэгэхээр нь би үснээс нь зулгааж байснаа санаж байгаа түүнээс цаашаа юу ч санахгүй байгаа. ...Би гэртэй харихаасаа өмнө найз Мийгаатай нийл 2 шил 0,75 литрийн Хараа архи уучихсан байсан. Нэлээн согтуу байсан. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байгаа. ...Тиймээ би учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. ...Би 2021 оны 04 дүгээр сард нэг удаа гар хүрч зодож байсан энэ удаагийнхтай нийлээд энхэр Чанцалынхаа биед 2 удаа л халдаж зодсон. ...Би эхнэр Чанцалтайгаа маргалдаж муудалцаад байдаггүй хааяа нэг ам зөрдөг гэхдээ зоддоггүй ээ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №154 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.*******ын биед тархи доргилт, цээж, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/
Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт/Хх-ийн 24 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 67 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг,******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр *******ыг машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгаанаар зүүн мөр хэсэгт гараараа нэг удаа, зүүн хөлийн шилбэ орчимд нэг удаа өшиглөж зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ын мэдүүлэг/Хх-ийн 8, 9 дүгээр хуудас/,гэрч Б.Ганхуягийн мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/,шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №154 дугаартай дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр *******ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцож, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг,******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр *******ын эрх чөлөөнд халдаж зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Шагдарын Отгонбадрахыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 560/таван зуун жар/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560000/таван зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 560000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ