Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлээр Д.Б-д холбогдох эрүүгийн 1806060000339 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжны 458 тоот хашааны урд замд “Тоёото приус-30” маркийн 20-59 УНЗ улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Заяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Д.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт гэм буруугийн талаар дүгнэж бичихдээ “...явган зорчигч Н.Заяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.  

Мөн шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “Дашбилэгийн Бавууг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд “хүнд” хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэжээ.

Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8-д заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан  зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжны 458 тоот хашааны урд замд “Тоёото приус-30” маркийн 20-59 УНЗ улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Заяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Заяагийн: “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ... төрсөн дүү Н.Алтантүлхүүрийнд очих гээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжны 458 тоот хашааны гадаа буусан. Тэр үед тухайн машины жолооч 7000 төгрөг нэхэж, би дандаа энэ хүртэл таксийгаар явдаг, 3500 гардаг юмаа гээд 4000 төгрөг өгөөд буусан. Гэтэл араас тэр жолооч элдэв зүйл хэлээд байсан. Би хашааныхаа хаалгыг онгойлгох гээд буруу хараад оролдож байтал ухрахдаа намайг мөргөж хашааны хаалга хэсэгт намайг хавчсан. ...” /хх-19-20/,

 

гэрч Б.Гантулгын: “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын орчим, би гэртээ байхад гадаа эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдсон. Гараад очтол хар өнгийн “Тоёото Приус-30” маркийн 20-59 УНЗ улсын дугаартай автомашин бага зэрэг урагшилж хөдөлгөөн хийж зогссон. Уг автомашины хойд талд мөргүүлсэн эгч хашаа налаад сууж  байсан. Жолооч ах машинаасаа бууж ирээд “санамсаргүй мөргөчихлөө” гээд нилээн сандарсан байсан. Би шууд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн, тэр эмэгтэй босч чадахгүй байсан” /хх-35/,

 

шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын орчим, би өөрийн эзэмшлийн “Тоёото Приус-30” маркийн хар өнгийн 20-59 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дарь-Эхийн шинэ эцэс орохоор зургаан буудлаас миний машинд мөргүүлдэг эмэгтэй хүнийг суулгаж, Дарь-Эхийн шинэ эцсийн 20 дугаар гудамжид буулгаж, 4000 төгрөгийн хөлс авсан. Тэр эмэгтэй намайг ухрах үед миний машины ард хашааныхаа хаалга руу орох гээд явж байсныг би анзааралгүй ухарч байгаад мөргөсөн нь үнэн. ...” /хх-77/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 8669 дугаартай: “1. Н.Заяа-н биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-55/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 531 дугаартай: “Toyota Prius”  маркийн 20-59 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б- нь ЗХД-ийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Н.Заяа нь ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-69/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Прокурор Б.Мөнгөншагай “Анхан шатны шүүх Д.Б-г автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан байхад  “хүнд” хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь  шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, гэм буруутайд тооцож, хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг шийдвэрлэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б- нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийн талаар маргаагүй байна.

 

Харин шүүх яллах дүгнэлтэд заагдаагүй, хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж, “хүнд” хохирол учруулсан гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй байх тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гомдол саналгүй байдлыг харгалзан үзэж,  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн хэдий ч торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заавал тогтоох шаардлагагүй байжээ. Учир нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж заасан тул 3 сарын хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх асуудал нь мөн хуулиараа зохицуулагдана.

 

Иймээс шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тусгайлан заалт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Хавтас хэрэгт  “Дашбэлэгийн Бавуу” гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/ байсаар байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Дашбилэгийн Бавуу” гэж шүүгдэгчийн эцгийн нэрийг зөрүүтэйгээр бичсэн байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг дурдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтад “Дашбилэгийн Бавууг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Дашбэлэгийн Бавууг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

 

               ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ