Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0265

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/641 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийн даргаар эгүүлэн тогтоолгох, цалингийн зэрэглэлийг хэвээр тогтоохыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн тус Сургалтын төвийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан албан хаагчийг түүнтэй зөвшилцсөний дагуу өөр албан тушаалд томилсон. Харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/146 дугаар тушаалд энэ талаар дурдаагүй байгаа. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү тушаалыг гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхээс гарах захирамжид шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх талаар дурдаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/641 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийн даргаар эгүүлэн тогтоолгох, цалингийн зэрэглэлийг хэвээр тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/146 дугаар тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн маргаж буй акт болох 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/641 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б*******ийг тус газрын харьяа Сургалтын төвийн даргаар томилж цалинг хэвээр тогтоосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Б.Б*******ээс Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/641 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийн даргаар эгүүлэн тогтоолгох, цалингийн зэрэглэлийг хэвээр тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсний улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ээс Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/641 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийн даргаар эгүүлэн тогтоолгох, цалингийн зэрэглэлийг хэвээр тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА