Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0506/З |
Дугаар | 221/МА2015/0027 |
Огноо | 2015-01-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2015/0027
БЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, П.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор БЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр тогтоолын БЭ ХХК-ийн Ард телевизийн Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх 291/В/ТV/50 дугаар тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах 210/TV66 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хамтарсан үзлэг, шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар Ард телевиз нь Харилцаа холбооны тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага зэргийг зөрчсөн тул БЭ ХХК-ийн Ард телевизийн үйл ажиллагааг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлыг арилгасан гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Үүний дагуу дахин шалгалт хийхэд түдгэлзүүлсэн зөрчлөө арилгаагүй учраас эрхийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр: 1. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр тогтоолын БЭ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч БЭ ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон БЭ ХХК-ийн 291/В/ТV/50, 210/ТV66 дугаар тусгай зөвшөөрлүүдийг өмнө олгогдсон хугацаагаар сэргээж, тасалдсан хугацааг тооцон, үйлчлэлийг тухайн хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нар давж заалдах гомдолдоо: Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн цагдаагийн газар, Оюуны өмчийн газрын хамтарсан ажлын хэсгийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шалгалтаар Ард телевиз нь Харилцаа холбооны тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага зэргийг зөрчиж байсан нь тогтоогдсон тул 4 газрын хамтарсан хяналт шалгалтын дүн, үзэгчдийн зүгээс ирүүлсэн гомдол, санал, Харилцаа холбооны улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд БЭ ХХК-ийн Ард телевизийн үйл ажиллагааг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
Түдгэлзүүлсэн шалтгааныг дэлгэрүүлэн дурьдвал.
1. Ард телевиз нь тогтсон хөтөлбөргүй, тодорхой хөтөлбөр зохиож хөтөлбөрийн дагуу нэвтрүүлэг бэлтгэдэггүй, нэвтрүүлгийг урьдчилан гаргасан хөтөлбөрийн дагуу нэвтрүүлдэггүй, тусгай зөвшөөрлийг авснаас хойш 8 жил болж байгаа хэдий ч нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөрийн агуулгаа өдийг хүртэл тодорхойлоогүй
2. Студи байхгүй, студийн болон техникийн өрөө стандартын шаардлага хангаагүй, орон сууцны зориулалттай 2 өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг, дуу чимээ тусгаарлах, шингээх акустик туйлын муу
3. Гэрэлтүүлэг хангалтгүй
4. Тоног төхөөрөмж нь технологийн шаардлага хангахгүй, зөвхөн нэг талын үүсгүүр бүхий хувьсах хүчдэлтэй, тоног төхөөрөмжийн холболт болон кабелийн сувагчлал стандартын бус
5. Дүрс, дууны хяналтын системгүй
6. Хэмжүүрийн багажгүй, техник төхөөрөмжүүдийн зориулалтын зогсуургүй, кабелийн хаяггүй, дуу болон дүрсний гаралтын сигнал стандартын бус хэмжээнд байсан зэрэг стандарт шаардлагад нийцэхгүй
7. Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлэгт радио давтамж ашиглан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгж, байгууллагын радио долгионы тархалтын хэмжээг тогтоох зорилгоор Телевизийн дамжуулах станц, техникийн шаардлага /MNS: 4910:2000 стандарт-ын дагуу нэвтрүүлэгчийн цахилгаан соронзон оронгийн хүчлэг шаардлагын хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох хэмжилтийг нийт 40 цэгийг сонгон авч хийхэд 59 дүгээр суваг буюу Ард телевизийн давтамж дээр телевизийн нэвтрүүлэг хэмжигдэхгүй, цацагдахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэрэг олон тооны зөрчлүүд илэрсэн.
Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.8-д заасан тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэж заасныг, Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.2-т заасан харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг дагаж мөрдөх гэж заасныг, 291/В/TV/50 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээний 5.7-д заасан гэж заасныг, Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.3, 2.5, 2.8, 3.1-3.5, 3.7-3.9 заалтууд, 291/В/ТV50 дугаар Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний 5.9 дахь заалтыг, 291/ТV66 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээний 4.3 дахь заалт, Монгол Улсын стандарт MNS 5592-1:2006 Телевизийн студийн үндсэн шаардлага, MNS 5592-2:2006 Телевизийн студийн тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага зэрэг стандартуудын хүрээнд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан болно.
Түдгэлзүүлсэн тогтоол болон үндэслэлийг тодорхой тусган тус хорооны 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/290, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/321 дүгээр албан бичгүүдээр тус тус мэдэгдэж түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилган дахин шалгуулах шаардлагатай мөн мэдэгдсэн.
БЭ ХХК-ийн Ард телевиз нь дээр дурьдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тус хороонд нэг ч удаа хандаж байгаагүй бөгөөд дээр дурьдсан зөрчлүүдээ арилгаж байгаа талаараа дурьдсан албан бичгүүдийг ирүүлж байсан нь зөрчил гаргаснаа бүрэн хүлээн зөвшөөрч байсан гэж ойлгож байна. Энэ талаар БЭ ХХК-д явуулж байсан албан бичгүүд болон БЭ ХХК-иас ирүүлж байсан албан бичгүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно.
Тэгэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан .... 3 төрлийн зөрчлийг арилгасан эсэхийг тогтоогоогүй, тэдгээр зөрчилтэй холбоогүй бусад зөрчлийг дурдсан гэсэн нь тооны хувьд болоод хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд бодит байдалтай нийцэхгүй байна.
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухайд: БЭ ХХК-ийн Ард телевиз нь 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13-46 дугаар хүсэлт гаргах тухай албан бичгээр түдгэлзүүлсэн хугацаанд улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан зөрчил дутагдлуудыг арилгасан гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Зохиомж дээд сургуулийн байранд шинээр нүүж орсон гэсний дагуу Ард телевизийн үйл ажиллагаа, улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан зөрчил дутагдлыг арилгасан байдалтай газар дээр нь очиж танилцах, үзлэг хийх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны мэргэжилтэн О.Ц , Зохицуулалтын албаны мэргэжилтэн П.З нар очиж шалгасан боловч Ард телевизийн захирал Б.Ц өөрөө байхгүй байсан бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулсан Зохиомж дээд сургуулийн захирал Б.Ц ыг байлцуулсан. Үүний дараа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БЭ ХХК-ийн Ард телевизийн захирал Б.Ц ыг өөрийг нь байлцуулан дахин шалгалт хийхэд дараах байдалтай дүгнэгдсэн болно. Үүнд:
1. Студийн стандарт шаардлага: Зохиомж дээд сургуультай хамтран ажиллах гэрээ хийж Ард телевиз нь Зохиомж дээд сургуулиас мэдээлэл, нэвтрүүлгийн материал, боловсон хүчний дэмжлэг авах, мөн нэвтрүүлэг бэлдэх байрыг үнэ төлбөргүй ашиглана гэж заасны дагуу ашиглаж байгаа гэж тайлбарласан, Зохиомж дээд сургууль нь 3 студитэй байсан бөгөөд нь акустикийн хувьд стандарт шаардлага хангаагүй, харин гэрэлтүүлгийг стандартын дагуу хийсэн байсан.
2. Технологийн шаардлага: Эвлүүлгийн 3 компьютер, дүрсийн тоон пульт, дууны пульттэй, 3 камертай, хяналтын системгүй, дууны хяналтыг чихэвчээр, дүрсийн хяналтыг монитороор хянадаг. Edius програмаас эфир шууд дамжуулдаг нь эфирийн технологийн стандартыг хангахгүй байсан. Дүрсийн пульт шинээр нэмэгдсэн байсан. Түүнчлэн тоног төхөөрөмжийг зогсуурт суурилуулаагүй, цахилгааны нөөц тэжээл байхгүй, холболт сувагчлалаар хийгдээгүй, газардуулга байхгүй зэргээр техникийн төхөөрөмжийн суурилуулалтын стандарт шаардлага хангаагүй. Техникийн үзлэг, хэмжилт тохиргоо хийх хуваарь байхгүй, хэмжүүрийн багаж байхгүй, хэмжилт үзлэг хийсэн тэмдэглэл, техник ашиглалтын паспорт байхгүй зэргээр ашиглалтын горимыг мөрдөөгүй байсан.
3. Хамрах хүрээний шаардлага: Нэвтрүүлгийг эфирт цацдаггүй, нэвтрүүлэгч байхгүй.
4. Хөтөлбөрийн бүтэц: Ард телевизийн өөрсдийнх нь ирүүлсэн 2013 оны 02 дугаар сарын 24-2013 оны 03 дугаар сарын 01, 2013 оны 06 дугаар сарын 22-2013 оны 06 дугаар сарын 28-ны хугацааны хөтөлбөрт анализ хийж үзэхэд 1 хоногт 15 цагийн эфиртэй, мэдээллийн хөтөлбөр 3 хувь, эфирийн 50-60 хувийг кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, 20 хувийг хөгжмийн цаг, хошин шогийн цаг, 17 хувийг цэнгээнт нэвтрүүлэг тус тус эзэлж байсан. Хөтөлбөрийн 4 хувь буюу 40 минутыг арилжааны бизнес мэдээ эзэлж байсан. Монгол бүтээлийн эзлэх хувь дунджаар 30 хувьтай, өөрийн бүтээл үйлдвэрлэл 13 хувьтай байсан. Гэвч дээрх хөтөлбөрийнхөө дагуу нэвтрүүлгээ цацдаг эсэх нь тогтоогдоогүй болно.
5. Эфир дамжуулсан байдал: 2013 оны мониторингийн дүнгээс харахад Ард телевиз нь ба 2 сард бүтэн дамжуулж байсан хэдий ч 3 дугаар сард 16 хоног, 4 дугаар сард 3 хоног, 5 дугаар сард 13 хоног тус тус эфир дамжуулсан үзүүлэлттэй байсан.
6. Мониторингийн мэдээ: Мониторингийн 2013 оны 1-3 дугаар сарын байдлаар монгол контент дунджаар 62 хувьтай байсан, эфирт зөвхөн монгол дуу, клип, кино, хүүхэлдэйн кино гаргаж байгаагаас ийм дүгнэлт гарсан, тогтсон хөтөлбөр байхгүй тул хөтөлбөрийн дагуу гарсан эсэх, хөтөлбөрт тусгагдаагүй нэвтрүүлэг цацсан эсэх зөрчлийн тоог тогтоох боломжгүй байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хянаж үзэхэд урсдаг зарыг зөвшөөрөгдсөнөөс бусад цагаар нэвтрүүлсэн зөрчил илэрсэн. Тухайлбал: 2013 оны 2 дугаар сард Ард ТВ нь 349 удаагийн нийт 224 цаг 10 минут 37 секундын зөрчил, 2013 оны 3 дугаар сард 2013 удаагийн нийт 157 цаг 50 минут 30 секундын зөрчил тус тус гаргасан.
7. Мэргэжлийн боловсон хүчний байдал: Найруулагч-1 /Кино урлагийн дээд сургууль/, сэтгүүлч-2 /Кино урлагийн дээд сургууль/, эфирийн техникч-1 /Холбооны сургалтын төв/, 2013 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайланг хавсаргасан байсан. Ажилтнуудтай хийсэн гэрээний хувьд баталгаажуулалт хийгдээгүй, нэг гэрээн дээр олон хүний нэр бичсэн, хөдөлмөрийн гэрээний бүрдэл хэсэг хангалтгүй байсан.
ХОЁР. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ: тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хяналтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх; 5 дугаар зүйлийн 5.2-т гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ гэж заасантай нийцэхгүй байна гэжээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэн ажилладаг, харилцаа холбооны салбарын зохицуулалтыг өргөн хүрээнд хийж, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, гэрээ байгуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүрэг бүхий бие даасан зохицуулах байгууллага юм. Хуульд заасан дээрх чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийж холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, стандартууд болон Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 10.1.3 дахь заалт, Харилцаа холбооны тухай 9.1.2 дахь заалт, 9.1.3 дахь заалтын хүрээнд боловсруулан, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 7 дугаар тогтоолоор баталсан Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн ерөнхий нөхцөл шаардлагын хүрээнд гүйцэтгэсэн болно.
Гэтэл дээр дурдсан Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн ерөнхий нөхцөл шаардлагыг нотлох баримт гэж үнэлээгүй нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн 10.1.3, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.13 дахь заалтуудыг зөрчсөн байна.
Тиймээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгээс Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хуулиуд, стандарт болон телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилтэд үзлэг шалгалт хийснээр Харилцаа холбооны зохицуулах хорооны Улсын байцаагч 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тогтсон хөтөлбөргүй, тодорхой хөтөлбөр зохиож хөтөлбөрийн дагуу нэвтрүүлэг бэлтгэдэггүй, нэвтрүүлгийг урьдчилан гаргасан хөтөлбөрийн дагуу нэвтрүүлдэггүй, нэвтрүүлэг хөтөлбөрийн бодлого, агуулгаа тодорхойлоогүй, студи байхгүй, орон сууцны зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг, тоног төхөөрөмж нь технологийн шаардлага хангахгүй, кабелийн сувагчлал стандартын бус, дүрс, дууны хяналтын системгүй, кабелийн хаяггүй, суваг дээр нь телевизийн нэвтрүүлэг хэмжигдэхгүй, эфирээр нэвтрүүлгээ цацдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн БЭ ХХК-ийн Ард телевизийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх 57-07-002/21 дүгээр дүгнэлт гаргасныг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор БЭ ХХК-ийн Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.
БЭ ХХК Харилцаа холбооны зохицуулах хорооны дээрх түдгэлзүүлсэн тогтоолд гомдол гаргаагүй төдийгүй 2013 оны 04 дүгээр сарын 10, 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд тавьсан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэлээ хангаж байгаагаа дурдан телевизийн эфирийн үйл ажиллагааг сэргээхийг хүсч албан бичиг явуулж байжээ.
Түдгэлзүүлсэн хугацаа дууссаны дараа Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтнүүд улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан зөрчил дутагдлыг арилгасан эсэхийг хянан шалгаад Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан-гаар түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн ерөнхий нөхцөл шаардлага хангаагүй хэвээр байна гэж үзэн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох санал гаргаснаар Харилцаа холбооны зохицуулах хороо 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д /тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй/ заасан үндэслэлээр БЭ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Ийнхүү хүчингүй болгохдоо хариуцагч байгууллага улсын байцаагчдын хяналт шалгалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдсан эсэхийг хянаагүйгээс гаргасан тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна.
Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо төрийн өмнөөс харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн гүйцэтгэх ёстой.
Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагчид 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БЭ ХХК-ийн Ард телевизийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл, түүний дотор 5.6 /Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ/, 5.7 /Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ/, 5.9 /Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана/ дахь заалтууд, 53 дугаар зүйлийн зүйлийг зөрчсөнийг анхааралгүйгээр шалгалт явагдсаны маргааш буюу 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь буруу байна.
Үүнээс гадна Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тусгай зөвшөөрлийн эзэмшигчид мэдэгдэл өгөх, мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлж, хянуулахаар заасан эрхийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн нэрийг буруу бичсэнээс гадна хэрэглэвэл зохих хууль болон хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9, 53 дугаар зүйлийн 53.1, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4, 18.5 гэж, 3 дахь заалтын тэмдэгтийн хураамжийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР