Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1426

 

 

 

 

 

 

 

 

 

“Юнивишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “Юнивишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эл Си Эн” ХХК, “Эл Си Эн Ти Ви” ХХК-д тус тус холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 372 758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Орхон

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Лхагвадорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юнивишн” ХХК нь телевиз, радиогийн сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах /IPTV/ үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ үзүүлдэг. “Эл Си Эн” ХХК нь өөрийн LCN телевийн сувгийг Юнивишний IPTV үйлчилгээнд холбох хүсэлт гаргасны дагуу талууд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Телевизийн суваг дамжуулах UV15/405 тоот гэрээг байгуулан LCN сувгийг IPTV үйлчилгээнд холбосон. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу хариуцагчаас сувгийн холболтын хураамж 30 000 000 төгрөг төлөхөөс 10 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан бөгөөд гэрээний 7.3-т заасны дагуу сувгийг IPTV үйлчилгээгээр дамжуулах нийт төлбөр болох 71 372 759 төгрөгөөс 43 000 000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд 2015 онд багтаан үлдэгдлийг график гарган хэсэгчлэн төлж дуусгах байдлаар барагдуулах хүсэлтийг тавьсан ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг  ямар нэгэн байдлаар төлөх арга хэмжээ аваагүй байна. Иймд “Эл Си Эн” ХХК-иас 28 372 759 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эл Си Эн” ХХК болон “Эл Си Эн Ти Ви” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвадорж, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь хэдэн оны хэний тушаал шийдвэрээр телевизүүдээс 3 000 000 төгрөгийн хураамж авдаг болсон нь тодорхойгүй бөгөөд өөрсдөө дураараа үнийн тариф зохион биднээс төлбөр нэхэмжилж буй нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг заагдсан эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь эрх бүхий байгууллагаас олгодог үнийн тариф болон стандарт журмыг баримтлалгүйгээр өөрсдөө дураараа үнэ зохион бий болгож хууль зөрчсөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн UV15/405 тоот гэрээг байгуулан биднээс мөнгө нэхэмжлэн авч байсныг саяхан мэдсэн. Тус компанийн захирлын хийсэн гэрээ гарын үсэг байхгүй, нэг гишүүнтэй компани ТУЗ-ын дарга гэж байхгүй, ТУЗ-ын дарга М.Даваасүрэн гэсэн боловч гарын үсэг байхгүй, “Эл Си Эн” телевизийн менежерийн сувгийн тусгай зөвшөөрөл байхгүй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Эл Си Эн” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Бид “Юнивишн” ХХК-д 43 000 000 төгрөгийг өгсөн байх тул энэхүү мөнгийг буцаан авах шаардлагатай байна. Маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.3, 58.3.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн гэж үзэж байна. “Юнивишн” ХХК нь аливаа гэрээ хэлцэлгүйгээр биднээс хүлээн авсан 43 000 000 төгрөгийг буцаан өгөх учиртай. Шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлахад шилжүүлсэн мөнгөний дүн 43 000 000 төгрөг биш, 33 000 000 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөгөөр багасгахад татгалзах зүйлгүй. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг үл зөвшөөрөх татгалзлын үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлага биш” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анх LCN сувгийг сувгийн жагсаалтад оруулж холболт хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр LCN сувгийг төлбөрийн шалтгаанаар хаасан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр LCN сувгийн хүсэлтээр буцаан нээсэн. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгдөөгүй тул дахин хаасан байх тул “Юнивишн” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дахин дамжуулалтыг төлбөр төлөлт хийгдээгүй байсан хэдий ч манай байгууллага нь эдийн засгийн хүндрэлтэй үед LCN сувагт хүлээцтэй хандан дахин дамжуулалтыг хийсээр ирсэн билээ. Дээрх дахин дамжуулалтын холболт болон жилийн суурь хураамжийн төлбөрийн үнийг “Юнивишн” ХХК нь өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж ХХЗХ-д албан бичгээр мэдэгдэж байсан. Мөн LCN сувгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 016/29 тоот албан бичигт “Юнивишн” ХХК-д 2 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, түүнийг графикийн дагуу нөхөн төлөхөөр захирал н.Баасанжавын гарын үсэг бүхий хүсэлтийг ирүүлж байсан. Уг хүсэлтийн агуулгын хүрээнд мөн “Ган хийц” ХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 тоот “Эл Си Эн” телевизийн ТУЗ-ын дарга, “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэнгийн гарын үсэг бүхий албан бичиг ирүүлж байсан” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Юнивишн” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 372 760 төгрөгийг “Эл Си Эн” ХХК, “Эл Си Эн Ти Ви” ХХК нараас гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “Эл Си Эн” ХХК-ийн “Юнивишн” ХХК-д холбогдуулан гаргасан 33 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 813 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  • итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон давж заалдах гомдолдоо “...Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр IPTV үйлчилгээгээр суваг дамжуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд энхүү гэрээн дээр үндэслэн хариуцагч нь өөрийн сувгийн нэвтрүүлгүүдийг нэхэмжлэгч талын үйлчилгээ үзүүлдэг IPTV үйлчилгээгээр 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг хүртэл дамжуулж байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын тоног төхөөрөмжийг өөрийн телевизэд суурилуулан, телевизийн нэвтрүүлгүүдийг 2016 оны 07 дугаар сарыг хүртэл дамжуулж байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзсэнгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудаас гаргаж буй тайлбарууд нь бичмэл нотлох баримтын адил хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд хэргийг хуульд нийцүүлж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Юнивишн” ХХК нь хариуцагч “Эл Си Эн” ХХК, “Эл Си Эн Ти Ви” ХХК нарт холбогдуулан “Эл Си Эн” телевизийн сувгийг Юнивишнийн IPTV үйлчилгээнд холбож, 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын хооронд тус үйлчилгээгээр дамжуулан цацсан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл төлбөр болон 28 372 759 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “”Эл Си Эн” телевизийн сувгийг IPTV  үйлчилгээнд холбох тухай гэрээнд “Эл Си Эн” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, “Эл Си Эн” ХХК нь телевизийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, “Юнивишн” ХХК-д үндэслэлгүйгээр шилжүүлсэн 43 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, мөн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 33 000 000 төгрөг гаргуулахаар маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Ай Пи ТВ-гээр суваг дамжуулах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд “Эл Си Эн” ХХК-ийг төлөөлж аливаа этгээд гарын үсэг зураагүй, гэрээний нэг тал болох “Эл Си Эн” ХХК нь телевизийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 6-13, 99, 244-255/

Дээрх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Ай Пи ТВ-гээр суваг дамжуулах гэрээ” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцээгүй байхын зэрэгцээ, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэргийн 142 талд “Юнивишн” ХХК-ийн “гэрээний төлбөрийн дүн 50 000 000 төгрөг, төлсөн 21 527 241 төгрөг, үлдэгдэл 28 372 579 төгрөг” гэх баримт, мөн хэргийн 146 талд хариуцагч “Эл Си Эн” ХХК-ийн захирал Ч.Баасанжаваас “Юнивишн” ХХК-д “32 000 000 төгрөгийн төлөлтийн график: холболт хийсэн өдөр 5 000 000 төгрөг, “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн 20 000 000 төгрөгийг хариуцна, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7 000 000 төгрөгийг” гэх албан бичиг, хэргийн 53 дугаар талд хариуцагч “Эл Си Эн” ХХК-ийн захирал Ч.Баасанжавын “...хариуцагчаас нэхэмжилж буй мөнгө нь хэдэн оны хэний тушаал, шийдвэрээр телевизүүдээс суурь хураамж 30 000 000 төгрөг, жил бүр 20 000 000 төгрөгийн хураамж авдаг болсон нь тодорхойгүй,...ТУЗ-ын дарга М.Даваасүрэн гэсэн боловч гарын үсэг байхгүй, “Эл Си Эн” телевизийн менежер Б.Жамбалсүрэн, мөн М.Даваасүрэн нь манайд ажилладаггүй...” гэх тайлбар зэргийг харьцуулан үзвэл “Юнивишн” ХХК-иас IPTV үйлчилгээг авч ашиглаж байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай баримтаар нотлоогүй байна.

            “Эл Си Эн” ХХК нь “Юнивишн” ХХК-д холбогдуулан 33 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “хариуцагч нь “талуудын хооронд тохиролцооны асуудал байсан боловч хэзээ ч гэрээ байгуулагдаагүй, хэрэгт хавсаргасан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл”, мөн “Юнивишн” ХХК-д 33 000 000 төгрөгийн төлбөрийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн...” зэрэг тайлбарууд нь өөр хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай баримтаар нотлоогүй зэргийг харьцуулан үзвэл хэн аль нь тодорхой баримтаар үгүйсгэж, татгалзлаа нотлоогүй байх тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Юнивинш” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 372 760 төгрөгийг “Эл Си Эн” ХХК, “Эл Си Эн Ти Ви” ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, “Эл Си Эн” ХХК-ийн “Юнивишн” ХХК-д холбогдуулан гаргасан 33 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.  

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхоны гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 814 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН